sonin.mn
Саяхан 2012 онд Александр Рар “Путин хаашаа явах вэ ? Хятад Европ хоёрын дундах Орос орон” (Куда пойдет Путин ? Россия между Китаем и Европой. ОЛМА. М. 2012) ном бичсэн юм. Энэ ном Европ болон Орост тэр дороо л бестселлер болж билээ.
 
Тухайн үед нь би энэ номыг олж аваад орчуулах тухайгаа хэд хэдэн хүнд хэлсэн боловч зохиогчийн зөвшөөрөл авах, ивээн тэтгэх хүн олох гэхчлэн олон бэршээлтэй тулгараад чадаагүй юм. Энэхүү Александр Рар бол оросын цагаач гаралтай, Германы иргэн, олон улсын сэтгүүлч хүн юм.
 
Тайваньд төрсөн гэж байгаа. Оросын асуудлаар мэргэжсэн Германы нэртэй сэтгүүлч юм. Миний ойлгож байгаагаар А.Рар Путинд бодит үнэлгээ өгөхийг оролдсон барууны цөөн мэргэжилтний нэг юм. Гэхдээ Рарын дүгнэлт Оросын албан ёсны болон орос дүгнэлтээс нэлээд өөр байх нь мэдээж хэрэг.
 
Барууны хүн бол барууны л хүн байдаг. Гэхдээ Рар алд дэлэм алдаагүй, голч дүгнэж чадсан. Харин тэр номонд дундаа өөрийн үзэл санааг хавчуулахад юу нь буруу байх билээ. Уг нь Александр Рарын эл ном маш сонирхолтой ч энэ удаад номын 2 дугаар бүлгийн ганцхан зүйлийг (параграф) орчуулан хүргэж байна.
 
Экспертүүд Оросын түүхий эд, аж үйлдвэрийн потенциалын нийт өртгийг 40 триллион ам.доллараар үнэлдэг. Зөвлөлт Холбоот Улсад төрийн өмчийг Улс Төрийн Товчооны хэдхэн гишүүн мэдэж захирдаг байсан. Жирийн бюрократууд түүнд хүртээлгүй байв.
 
Энэхүү миллиард миллиардын хөрөнгөөр төлөвлөгөөт эдийн засгийн хөвөлтийг зохиомлоор тэтгэж, зэвсэглэлээр хөөцөлдөх болон дэлхийн хувьсгалыг санхүүжүүлдэг байв.
 
Шинэ ажил хэрэгч хүмүүс энэхүү миллиардын хөрөнгийг маш хялбархан хамж хураасан нь гайхах зүйл биш бөгөөд ингээд тэд өөрсдийгөө Орос орны жинхэнэ эзэд гэж бодох болсон юм. Ингэж олигархийн ноёрхлын тулгын чулуу тавигдсан юм.
 
Өнөөдөр Барууны олон хүн олигархуудын хөрөнгө олж авсныг хууль ёсны эсэхэд эргэлзэх үндэслэл олж хардаггүй юм. Тэднийг тухайн үед үйлчилж байсан эрх зүйн дагуу үйлдсэн, тэдний эдийн засгийн гэмт үйлдлийг хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан мэт үздэг.
 
АНУ-д ажил хэрэгч хүмүүсийн анхны үе хууль цаазгүй иймэрхүү орчинд үүсч бий болсон билээ.
 
Хожим Ерөнхийлөгчөөр сонгогдсон В.Путин энэ үйл явцыг огт өөрөөр тайлбарласан юм: “Орост олигархууд бол жинхэнэ эзэд биш, харин улсын өмчийг удирдаж байгаа хүмүүс. Тэд Кремлийн заавраас улс төрийн талаар хамааралтай хүмүүс, иймээс стратегийн хөрөнгө оруулалтыг Засгийн Газрын зөвшөөрлөөр хийх ёстой, тэд эдийн засгийн эрх мэдлээ хувийн зорилгодоо хортойгоор ашиглах эрхгүй, түүнийгээ зөвхөн үндэсний стратегийн зорилтыг шийдвэрлэхэд ашиглаж болно” гэж хэлсэн юм. 
 
Дашрамд дурдахад барууны хөрөнгө оруулагчид анхнаасаа өмч хувьчлалаас хасагдсан бөгөөд Орос орон мафийн улс болон хувирах бодит аюул занал байгааг мэдээд эрсдэл хүлээх онцгой сонирхол гаргаагүй, хөрөнгө оруулалтаас зайтай байсан юм.
 
1993 онд Орост засгийн эрхийн төлөө ширүүн тэмцэл өрнөв. Засгийн Газрын либерал бодлогын эсрэг коммунистууд болон дайчин неоимпериалистууд Парламентад нэгдэв. Ерөнхийлөгч болон Парламентын тэмцэлдээн улс орныг золтой л иргэний дайнд хүргэчихсэнгүй.
 
Ельцин парламентыг хүчээр дайрч байж хоёр засаглалыг дуусгав. Өөр ямар ч хүн коммунистуудыг засгийн эрхэнд буцаан авчирна гэсэн итгэлтэй байсан учир Барууныхан Ельцинийг дэмжив. Гэхдээ өрсөлдөгчдөө ялсны дараа өнөөх Ельцин нь Үндсэн Хуулийг өөрчилж, Орос орныг Ерөнхийлөгчийн хатуу удирдлагад ахин оруулж байхад Барууныхан таг дуугай байсан юм.
 
Гүрж, Азербайжан, Украин, Молдав, Белорус зэрэг зэрэг пост зөвлөлтийн улсуудад анти комммунист элитүүдийг асар удалгүй хуучин намын аппаратынхан, тэр ч байтугай зөвлөлтийн удирдагчид солин гарч ирсэнд саад болох хөрөнгө хүч ч, нөлөөлөл ч Баруунд байгаагүй юм.
 
Эрх мэдэлтнүүд коммунист хувцсаа капиталист хувцсаар солив. Тэд авторитар босоо засаглал тогтоож, зөвхөн ардчиллын нүүрэн талыг (фасад) үлдээв. Ингээд Баруун зөвхөн хуучин Зөвлөлт Холбоот Улсын нутаг дэвсгэр дээр байсан бөөнөөр хөнөөх аюултай зэвсэглэлийн бүх нөөцийг устгахад санаа тавих болов.
 
Орос цөмийн цорын ганц хэт их гүрэн хэвээр үлдсэн ба түүнийг цөмийн зэвсгээс нь салгаж чадаагүй юм. Гэхдээ түүнийг цөмийн зэвсгээ хорогдуулахыг албадаж чадсан юм. Устгах ажилд АНУ асар их мөнгө төлөв. Орос Баруунаас шинэ шинэ зээл авч, улс төрийн боолчлолд татагдан оров.
 
Баруун Оросын ардчилал сөнөсөн гэдгийг анзаараагүй, тухайлбал, бүр 1993 оны 1- дугаар сард болсон Парламентын сонгуулийн үеэр ардчилсан намуудын оронд олонхи суудлыг ультра-националист Владимир Жириновский болон хуучин коммунистууд авсан билээ.
 
1996 оны 7 дугаар сард сонгуульд асар их булхай гарсан хэдий ч Баруун Ельцинийг ахин сонгохыг дэмжсэн билээ. Гэтэл Ельцин энэ хүлээлтийг биелүүлж чадахгүй болсон байлаа. Ельциний зүрхний болон бөөрний өвчин, архидалт, улс төрийн баримжаа алдалт, нэр хүнд унасан зэрэг нь улс орныг дахин ангалын ирмэгт авчирсан юм.
 
Улс орныг дампууралд хүргэсэн 1998 оны 8 дугаар сарын депольтын дараа дөнгөж хөл дээрээ босч байсан дунд анги үгүйрч, Ельцин тэмцэж байсан коммунистуудтайгаа эвсэл байгуулахад хүрэв. 1999 оны 5 дугаар сард коммунистууд үл итгэл үзүүлж түүнийг түлхэн унагахыг оролдов.
 
Ельцин хамгаалалт хайж нууц албадын өвөрт оржээ. Тусгай албадын боловсруулсан зорилтот кампаниар Ельциний бүх өрсөлдөгчдийг гутаав. Олигархууд хараахан хувьчилж амжаагүй байгаа улсын өмчийн амтат хэрчим рүү дайрцгаасан учраас улс орон үймж эхлэв. Гэхдээ муу юм дуусаагүй байв.
 
1996 онд Москвагаас автономит статусыг нь бараг үгүй болгосон Чеченийн шүдээ хүртэл зэвсэглэсэн исламийн арми 1999 оны 7 дугаар сард Дагестан руу довтлов. Энэ армийн толгойлогч Шамиль Басаев Кавказаас Урал хүрсэн “исламын улсыг” тунхаглав. Энэ үед амьдралын муу нөхцлөөр өдөөгдсөн салан тусгаарлах хөдөлгөөн нэн аюултай хэмжээнд хүрэв.
 
Ельцин бууж өглөө. Тэр Путиныг Холбооны Аюулгүй байдлын Албаны Захирал, өөрийн залгамжлагч гэж зарлаад шинэ мянган гарахаас хэдхэн цагийн өмнө суудлаа орхин явав. Тэрээр сүүлчийн теле мэндчилгээндээ ард түмнээсээ уучлал гуйсан юм. Ельцин одсоноор посткоммунист Оросын анхдугаар эрин үе дууссан юм.
 
Барууныхны хувьд Ельцин маш тохиромжтой хамтрагч байсан юм. Ельцин хэдийгээр Горбачевыг үзэн яддаг байсан ч гэсэн гадаад бодлогодоо Баруунтай ойртох түүнийг бодлогыг баримтлан дагаж байсан юм.
 
ХМХ -ийн шүүүмжлэл түүний дургүйг хүргэдэг байсан ч тэрээр Орос орныг ардчилахад үгийн болон хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг ойлгож, түүний эрх чөлөөг хязгаарлаж байгаагүй юм.
 
Ельцин коммунизм руу үл буцах цорын ганц бодит баталгаа болж, бас үнэхээр чөлөөт сонгуулиар гарч ирсэн оросын түүхэн дэх анхны эрх баригч байсан учраас Баруун түүнийг бүх алдааг уучилсан юм.
 
Хэрэв 1991 оны 8 дугаар сарын путчийн үеэр коммунист системийн үлдэгдлүүдийн өдөөсөн төрийн эргэлтээс сэргийлэх гэж Ельцин оросын Цагаан байшингийн өмнө гарч ирээгүй бол ардчилсан сөрөг хүчин удирдагчгүй үлдэх байсан юм. Ингэсэн бол түүх өөрөөр эргэж ч болох байсан билээ.
 
Ельцин ичингүйрэн инээмсэглэсэн Путиныг Орос орныг ардчилалд хүргэх ирээдүйн залуу үеийн удирдагч гэж олон нийтэд танилцуулсан юм.
Гэвч Путин Баруун өөртөө сайн юм юу ч олж харахааргүй Оросын шинэ түүхийн эхлэлийг тавив.
 
Орос орныг шинэ задралаас сэргийлэх, гадаад дотоод бодлогод улс орны навс унасан нэр төрийг сэргээх, социал системийг шинэчлэх, эдийн засгийг урамшуулах зэрэг нь 47-хон настай Оросын хоёр дахь Ерөнхйлөгчийн зорилго болж байлаа.
 
Путин удаан бодсонгүй “зорилго нь аргаа зөвтгөнө” зарчмаар ажиллаж, ардчилсан олон ургальч үзлийг хязгаарлаж, хатуу төвлөрсөн босоо засаг тогтоож, парламентыг бие даасан байдлаас нь, олигархуудыг эрх мэдлээс нь салгаж, аж үйлдвэрийн чухал чухал салбаруудад төрийн монополь тогтоож, цэргийн хүч хэрэглэх замаар Чечень дэх салан тусгаарлах хандлагыг нам дарж, дэлхийн улс төрийн дээд Лигид тоглох бүрэн чадвартай болсон Орос орныг буцаан оруулав. 
 
Барууны ажиглагчид Оросын засгийн эрхийг хуучин КГБ-ын нууц албадынхан ахиад авчихлаа гэж сэтгэл түгшдэг юм. 2004 онд Бесланд хүн барьцаалсны дараа Путин олон долоон юм ярилгүй бүс нутгийн түвшний ардчилсан сонгуулийг халж, губернаторуудыг өөрөө томилох болсны дараа энэ эмзэглэл улам ч хүчтэй болсон юм. Путин барууны үндсэн хуулийн институтуудыг Орос дахь абсолют ноёрхолтой нэгэн ихэр (симбиоз) болгон нийлүүлж чаджээ. 
 
Ардчилсан, барууныг баримжаалсан Оросын тухай мөрөөдөж байсан олонхи европчууд одоо хүнд сонголтын өмнө байна. Тэд ирээдүйд сул дорой, үл шалих сөрөг хүчнийг төлөөлж байгаа оросын либералуудыг дэмжих үү, эсвэл ардчилсан бус хэрэгслээр сул дорой Орос орныг хүчтэй болгохыг оролдож буй шинэ эрх мэдэлтнүүдийг дэмжих үү гэдгээ өөрсдөө сонгох ёстой болоод байна. Мэдээж хэрэг европчууд ёс суртахууны хувьд дэглэмийн “золиосуудын” талд байгаа.
 
Орос орон дотоод тогтвортой байдлаа сэргээн тогтоож, асар богино хугацаанд гадаад өрөө төлж, хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулж, гэмт хэрэгтэй тэмцэх болж, дэлхийн эдийн засгийн интеграцид орох сонирхлоо илэрхийлэх болсныг ямар нэг үеэс эхлэн Баруун нэг их сонирхохоо больсон юм.
 
Путинд хувхай хоосон төрийн сан, ажиллаж чадахгүй төрийн аппарат, үхлийн ирмэг дээр байгаа эдийн засаг, боловсрох яагаа ч үгүй зах зээлийн эдийн засаг, аж үйлдвэрийн чухал салбаруудын төлөө хийх клануудын солиорсон дайн, гацаж зогссон социал систем, тэсрэх аюултай салан тусгаарлах хандлага, аймшигтай гэмт хэрэг, олон улсын харилцааны координатын системд эзлэх сул дорой байр суурь энэ бүхэн өв болон ирсэн гэдгийг Баруунд мартдаг юм. Баруун ардчилсан чиг баримжаагаа үргэлжлүүлэхийг Оросоос эрс шаарддаг юм.
 
“Коммерсант” сонин Путинд зориулж дараах үгийг хэлсэн: “Хэрэв Оросод олон нийтийн санал бодлыг удирдахгүй юм бол оросууд ахиад л коммунистыг Ерөнхийлөгчөөрөө сонгож, нийгэм нь зөвлөлтийн эрин үедээ эргэж орно. ХМХ-үүд хүмүүст зориулж ер бусын шинэчлэлүүдийг тааламжтай болгон харуулах ёстой, зөвхөн тэгвэл л либерал өөрчлөлтүүд эргэлт буцалтгүй болж, энэ үед нийгмийг удирдахаас татгалзаж болно” гэсэн юм. 
 
Хэдэн жилийн өмнө явуулсан нэг судалгаагаар оросуудын гуравны хоёр нь улс орны тогтвортой байдлыг хангахын тулд хэвлэлд цензур зайлшгүй хэрэгтэй гэж үзжээ. Оросын сэтгүүлчдийн 40% нь ойролцоогоор бас л ийм санал хэлдэг юм.
 
Эрчим хүч агуулагчийн цэцэглэж буй экспортоос орох мөнгөний бүлээн бороо Путиний бодлогод таатай нөлөөлсөн. Нефтийн дэлхийн үнэ баррель нь 50-иас 140 доллар болтлоо өсөв.
 
Улс мөнгөн нөөц хуримтлуулах болж: хэрэв 1999 онд валютын нөөц 9 миллиард доллар байсан бол 2008 онд 400 миллиард доллар болж өсөв. Засгийн Газар нефть, хийн экспортод өндөр татвар тогтоож, одоо бол олигарх биш, улс бизнесийн ашгийг хүртэх болов.
 
Хурдан олсон мөнгө авилга бөөнөөр өсөхөд хүргэсэн юм. Зах зээлийн эдийн засаг хийгээд хувийн өмчийн зарчмуудыг Путин Ерөнхийлөгч анхны бүрэн эрхийнхээ 2000-2004 онд баталгаажуулсныг хэлэх нь шударга хэрэг болно. Либерал татварын хууль нь хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулж, капитал, татвар зугтахыг тогтоон барьж байна.
 
2005 онд социал системийг эрүүлжүүлэх ёстой “үндэсний төслүүд” бий болов. Пиг дүүрэн тогтворжуулах сангаас миллиард миллиард нефтьдолларыг эрүүлийг хамгаалахын шинэчлэл, нийгмийн орон сууцны барилгын төслүүд, боловсролын байгууллагуудын шинэчлэлд зарцуулав.
 
Путин европын даатгал нэвтрүүлж, автомашин, эрүүл мэндийн даатгалыг ард түмний заавал үүрэг болгов. Орчин үеийн банкны систем бий болгов. Иргэд бие даан суралцах ёстой болов.
 
Оросын мянган жилийн түүхэнд хувийн өмч хэзээ ч ингэж Баруун Европ шиг ийм чухал үүрэг гүйцэтгэж байгаагүй юм. Мөнгөтэй болгонд атаархаж, худалдаачдын уламжлал алдагдсан хувийн өмчөө нуудаг байсан юм.
 
Одоо хувийн өмчийг ил болгосон нь нийгмийн хөгжлийн шинэ эрин үе болов. Шүүхийн процесст тиргэдийн эрхийг хамгаалдаг өмгөөлөгчдийн контор бий болов. Цөөн тохиолдолд ч гэсэн улсын эсрэг шүүхдэж ялах явдал ч гарах болов…
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?