sonin.mn

Өчигдөр дэлхий нийтийн  анхаарал  Беларусын нийслэл Минск хотод төвлөрч  байлаа. Тэнд ОХУ, Беларус,  Казахстан /Гаалийн холбоо/ болон  Украйны тэргүүн нар  болоод Европын Холбооны  гурван комиссарын оролцоотой дээд хэмжээний уулзалт зохиогдсон юм.

Уулзалт  ярианы гол сэдэв “Украйны  зүүн-өмнөд хэсэгт байлдааны ажиллагааг  зогсоохтой   холбоотой юм. ДХУ-ын   үеэр ОХУ-ын тэргүүн  В.Путин болон Украйны ерөнхийлөгч Петр Порошенко нар уулзалт хийсэн. Хоёр цаг үргэлжилсэн уулзалтыг Оросын ерөнхийлөгч дүгнэж хэлэхдээ “Уулзалт  эерэг  болсон “ гэсэн бол  Украйны тэргүүн   “хүнд хэцүү байсан” гэжээ.

Порошенко Путинтэй уулзсаныхаа дараа ЕХ –ны Гадаад хэргийн  сайд Кэтрин Эштонтой тусгайлан хийсэн  уулзалтан дээр Украйны зүүн-өмнөд хэсэгт байлдааны ажлыг зогсоох  асуудлаар  ойрын үед  төлөвлөгөө гаргах болсон    тухайгаа мэдэгджээ. Түүнчлэн Украйн улс Европын улс төрчдийн шургуу шаардлагаар  ирэх 9 дүгээр сарын 6 -наас  ОХУ-аас  хий  нийлүүлэх  асуудлаар  яриа хэлэлцээг эхлүүлэхийг зөвшөөөрчээ.

Сонирхуулахад, Евроньюс сувгийн мэдээлснээр, Украйны  тэргүүн  “Бид гурван талт  холбоо тогтоох бүлгийн үйл ажиллагааг нэн даруй  сэргээх тохиролцоонд хүрсэн “гэжээ. Тэгвэл  ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ, ерөнхийлөгч  Порошенкотой  энхийн төлөвлөгөөний  нарийн ширийн асуудлаар ярилцаагүй , учир нь Орос улс сөргөлдөгч тал биш.  Харин Киевийн байдлыг  зохицуулах асуудлаар Донецк, Лугансктай хэлэлцэн тохиролцох ёстой гэж хэлжээ.

Владимир Путин “  Ерөнхийлөгч Порошенкотой  бид Украйны зүүн-өмнөд хэсгийн  цус  асгаруултыг нэн  даруй  зогсоож, тулгамдсан бүх асуудалд    энхийн аргаар зохицуулалт хийх шаардлагатай байгаа тухай ярилцсан. Хэрвээ энхийн процессыг эхлэвэл  Орос улс өөрийн зүгээс шалтгаалах бүхнээ хийх болно. Бидний үзэж байгаагаар, энэхүү процессыг аль болох түргэн шуурхай эхлүүлэх нь маш чухал байна гэжээ.

Украйны байдлыг тогтворжуулахтай холбоотой   Минскийн дээд хэмжээний уулзалт  тодорхой  шийдэлд хүрээгүй ч, хоёр хоногийн дараа Түрк улсад болох  Орос-Украйны уулзалт болоод хоёр улсын цаашдын харилцаанд эерэг  үр дүнд хүрэх  эхлэл  байж мэдэх юм.  

Москва хот. А.Огторгуймаа

Эх сурважл: "Монцамэ" агентлаг