sonin.mn

МОСКВА. /Reuters/. Украины нутаг дэвсгэрт баривчлагдсан Оросын 10 шүхэрчин санамсаргүйгээр хилээр нэвтэрсэн байж магадгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.

Беларусийн нийслэл Минск хотноо Путин мэдэгдэл хийхдээ, “Цэргүүд хил эргэж яваад төөрч, Украины нутаг дэвсгэр рүү  орсон байж магадгүй” гэсэн байна. Мөн “Украины цэргүүд хуягт тээврийн хэрэгслээр Оросын нутаг дэвсгэр рүү нэвтэрсэн тохиолдол цөөнгүй гарч байсан ч тэр болгоныг зүгээр өнгөрөөж байсан” гэж Путин хэлээд, энэ хэргийг асуудал болгохгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Зүүн нутгийн Донецк мужаасаа шүхэрчдийг баривчилснаа Украины БХЯ өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн юм.

Шүхэрчин цэргүүдийг хилээс 20 км зайтай газраас баривчилсан гэж Украины албаны хүмүүс хэлсэн билээ. Цэргүүдийг тусгай үүрэг гүйцэтгэн явж байсан байж болзошгүй гэж Украин сэжиглэж байгаа ажээ. Энэ асуудалтай холбогдуулан ОХУ-ыг Европын Холбоо болон АНУ мөн шүүмжилсэн юм.

Г.Доржханд

Эх сурважл: "Монцамэ" агентлаг