sonin.mn

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.

-БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад төрийн айлчлал хийгээд буцлаа. Энэ айлчлалын талаар та ямар дүгнэлт хийж байна вэ. Си Зиньпин даргыг БНХАУ-ын дэд дарга байхдаа манай улсад айлчилж байхад та УИХ-ын даргын хувиар түүнтэй уулзаж байжээ?
-Энэ айлчлалд сэтгэл хангалуун байна. Өөрөөр хэлбэл, Си Зиньпин БНХАУ-ын дэд дарга байх үедээ 2008 оны зургадугаар сард Монголд айлчилж байсан юм. Тухайн үед Монголд сонгууль болж байлаа. Тэр үед миний бие УИХ-ын даргын хувьд Си Зиньпин даргатай уулзаж байсан.

Хоёр улсын харилцаа, тэр дундаа 1994 оны найрамдал, хамтын ажиллагааны гэрээний дагуу стратегийн түншлэлийн харилцааг цаашид өргөжүүлэх асуудлаар санал бодлоо солилцож байв. Ер нь шинэ зууны Хятадын бодлогыг Си Зиньпин дарга сайн танилцуулж, ярьсан гэж болно. Олон жилийн хөдөлмөрийн хүч нөлөө энэ айлчлалын үр дүн болж гарлаа гэж ойлгож байна.

-Манай хоёр улсын харилцаа 1990 оноос эрчимтэй сэргэсэн гэдэг. Энэ удаагийн айлчлал найрсаг харилцааны бат илэрхийлэл болох шиг боллоо гэж дүгнэх хүн олон байна?
-1990-ээд оноос хойш хоёр улсын харилцаа нэлээд эрчимтэй хөгжиж байгаа. Ялангуяа харилцан төрийн дээд хэмжээний айлчлалууд удаа дараа хийсэн. 1994 онд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын айлчлалын үед Монгол Улс, БНХАУ хоорондын найрамдал хамтын ажиллагааны суурь гэрээг шинэчлэн байгуулсан. Одоо энэ гэрээгээр явж байгаа.

1960 онд байгуулсан гэрээний дараа дээрх гэрээг байгуулсан гэсэн үг. Энэ гэрээнд бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хүндэтгэсэн сайн хөршийн харилцааг хөгжүүлэх суурь зарчмуудыг тодорхойлсон л доо. Харин энэ удаагийн Си Зиньпин даргын айлчлалын үеэр хэлсэн үг болон хоёр Ерөнхийлөгчийн гаргасан мэдэгдэлд энэ бүхэн тусгалаа олсон байна.

Си Зиньпин БНХАУ-ын дэд дарга байхдаа хийсэн анхны айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байсан. Энэ айлчлалын нэг бодит үр дүн бол Монгол Хятадын харилцаа тэр дундаа манай улсын Ази, Номхон далайн бүс дэх орон зайг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой транзит тээврийн асуудлыг шийдвэрлэсэн явдал байлаа. Үүнийг олон жил ярьж, тал талаасаа хүчин чармайлт тавьж ирсэн. Энэ удаа хууль, эрх зүйн хувьд үндсэндээ биелэлээ олж чадлаа.

-Гэхдээ айлчлалын дүнд үзэглэсэн гэрээ хэлэлцээр бодит ажил болоход багагүй хугацаа шаардлагатай байх?
-Yүнийг амьдрал дээр хэрэгжүүлэх асуудал мөн ч их хүчин чармайлт шаардана даа. Ялтан солилцох гэрээний асуудлыг хэлэх хэрэгтэй. Монгол Улс цөөхөн хүн амтай. Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг болоод байгаа хар тамхи, мансууруулах бодистой хийх тэмцэл дэлхийн аль ч өнцөг булан бүрт хүчтэй байна.

Гэхдээ Монголын хувьд өөрийн улсын иргэдийг нутаг дэвсгэр дээрээ ялыг нь эдлүүлэх асуудлыг ярьсаар ирсэн. Харин хөнгөлөх, чөлөөлөх асуудал бол хоёр улсын гэрээ хэлэлцээрээр тавьж байгаа шаардлагын дагуу нарийн шалгуурууд тавигддаг учраас бид энэхүү асуудлыг шийдэхэд хүнд бэрх гэдгийг нь ойлгож байгаа.

Энэ мэт олон чухал шийдвэрийг гаргасан айлчлал боллоо гэж үзэж байна. Ер нь хөршөө сонгодоггүй гэж нэг үг бий. Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах хэрэгтэй.

Цаашдаа дэлхийн бусад орнуудтай тэнцвэртэй харилцах тэр дундаа уламжлалт харилцаатай Энэтхэг зэрэг Азийн орнуудтай шүү. Сүүлийн үед үйл ажиллагаа нь идэвхтэй болж байгаа БНСУ, Япон цаашлаад Европын холбоо, АНУ, ХБНГУ зэрэг гол түнш орнуудтай стратегийн түншлэлийн хүрээнд алс ирээдүйг бодсон хамтын ажиллагааг дэлхийн хамтын нөхөрлөлийн өнөр гэр бүлд багтаж байгаа учраас сайн харилцах нь зүйтэй.

Мэдээж хоёр хөрштэйгөө стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд харилцах хэрэгтэй. Дээр нь бусад улстай ийнхүү харилцах гадаад бодлогын залгамж чанар үргэлжилж байна гэж миний хувьд ойлгож байна.

-Удахгүй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлах гэж байна. Монголчууд хойд хөршөө аль ч улсаас илүүд үздэг нь нууц биш. Орос ахан дүүс монголчуудад итгэл төрүүлж чаддагаас нь бодсон ч энэ удаагийн айлчлал аль аль талаасаа ач холбогдол ихтэй байх болов уу. Дараагийн айлчлалыг та хэрхэн харж байгаа вэ?
-В.Путин урьд нь манай улсад Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хувиар айлчилж байсан. Манай хоёр улсын дунд мэдээж ах дүүгийн найрамдалт харилцаа байсан бол 1990-ээд оноос хойш сайн хөршийн тал бүрийн хамтын ажиллагааны шинэ зарчмууд орж ирсэн шүү дээ.

Ингээд удаа дараагийн айлчлалын үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар их өрийг шийдвэрлэх зарчмыг Улаанбаатар хотод ярилцсан.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа их өрийн асуудлыг шийдсэн. Та энэ түүхэн шийдвэрийг гаргах багт багтаж байсан санагдаж байна?
-Тийм ээ, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д айлчлах үөэр их өрийн асуудлыг шийдвэрлэх түүхэн баримт бичгүүд гарсан. Миний бие тэр айлчлалын бүрэлдэхүүнд явж байлаа. Их өр тэглэсэн түүхэн үйл явдалд оролцсондоо баярлаж явдаг шүү.

Өмнө нь ах дүүгийн найрамдалт гэж байх үед байсан өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл олон удаа хэлэлцсэн юмдаг. Энэ бол хууль тогтоох байгууллага, Ерөнхийлөгч болон Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүн, олон жилийн хүчин чармайлт гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй.

Түүнчлэн 1993 оны нэгдүгээр сард ОХУ-д Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид айлчилсан. Тэр айлчлалын бүрэлдэхүүнд миний бие мөн багтаж байсан. Энэ үеэр Монгол, ОХУ-ын хооронд найрамдлын хамтын ажиллагааны суурь гэрээг байгуулсан.

Харин 1994 онд БНХАУ-тай найрамдалт хамтын ажиллагааны суурь гэрээ байгуулсан юм. Энэхүү гэрээ байгуулагдаад 20 жил болж байна. Хорин жилийн үр дүн болж саяын айлчлалын үеэр гарсан, шийдсэн асуудлууд нь бас нэг үр дүн болж байгаа гэдгийг хэлмээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр олон чухал тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

-Манай хоёр улсын хувьд татварын асуудлаа нэг тийш болгож шийдэлд хүргэх нь чухал гэдгийг судлаачид онцолж байгаа?
-Гаалийн болон худалдааны татваруурын асуудал бидний хооронд яригддаг гол асуудал. Өмнө нь энэ салбараар хамтран ажиллаж ирсэн үү гэвэл тийм. Гэвч сүүлийн үед татварын зөрүүтэй бодлогоос хамаараад төдийлөн гүнзгий хамтарч ажиллаж чадахгүй байна.

Үүнийг нааштайгаар шийдэх байх. Түүнээс гадна манайх газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-аас авдаг. Энэ салбарт ч гэсэн ахиц дэвшил гарч эхэлж байгаа. Цаашдаа нөхцөл байдал улам сайжрах байх гэж итгэж байна.

Хамгийн гол нь ОХУ, Хятад улсын хооронд дэд бүтэц, авто зам, төмөр зам, байгалийн болон химийн хийн хоолойн асуудал гол сэдэв учраас гурван улсын хоорондын харилцаа сайн байж харилцан ашигтай байх ёстой. Улс төр, хүмүүнлэг хоорондын харилцаа, уламжлалт харилцаа маань үеийн үед цэцэглэн хөгжих нь дамжиггүй гэдэгт монголчууд эргэлздэггүй.

Тухайлбал, "Дайны цагт нэгэн экипажид, энхийн цагт нэгэн бригадад" гэсэн уриатай явж байсан ард түмэн шүү дээ. Одоо ч гэсэн хамтын ажиллагаа маань шинэ давалгаа, шинэ зарчмаар баяжин хөгжиж байна.

-Та энэ зун ямар ажил амжуулав?
-Энэ зун хэд хэдэн ажил амжууллаа. Юуны өмнө тойрогтоо ажиллаж, иргэдтэй санал бодлоо солилцлоо. Үүний зэрэгцээ хуулийн таван нэвтрүүлэг хийж UBS Global сувгаар цацсан.

Тухайлбал, Нийгмийн даатгал болон Нийгмийн халамжийн хуулиар таван нэвтрүүлэг хийсэн. Хэдхэн хоногийн өмнө Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн хуулиар нэвтрүүлэг бэлтгэж гаргалаа.

УИХ-ын гишүүд ер нь хууль сурталчлах үүрэгтэй байдаг хүмүүс. Үүнтэй холбоотойгоор иргэдэд хуулийг таниулах, сурталчлах зорилгоор эдгээр ажлыг амжуулж байна. УИХ-аас олон хууль гарч байна.

Түүнээс заримыг нь багцалж гаргаж байгаа. Иргэдэд ийм хуулийн заалт амьдрал дээр байдаг юм шүү гэдгийг энгийн байдлаар тайлбарлах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль сурталчлах ажил учир дутагдалтай байдаг. Энэ тал дээр гишүүд ч анхаарч, хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм.

М.Өнөржаргал

Эх сурвалж: