sonin.mn
Хавтаст хэргээс
 
Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт аргазүйн хэлтсийн дарга байсан Ч.Гансүх, Татварын ерөнхий газрын харьяа улсын төсвийн орлого хяналтын газрын эрсдэлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга ажилтай байсан Д.Энхбат нарын 13 хүнд холбогдох хавтаст хэргийг дэлгэж байна. Тэдэнд шүүхээс 3-8 жилийн хорих ял ногдуулсан юм. Харин хэргийнхээ талаар хэрхэн юу гэж ярьсныг сийрүүлэн хүргэе.
 
Яллах дүгнэлтэд тэмдэглэснээр шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар ингэж бичжээ. Шүүгдэгч Ч.Гансүх нь  Татварын ерөнхий газарт ирсэн мэдээллийн дагуу 2006 оны тавдугаар сард “Вагнер Ази Тоног төхөөрөмж“ ХХК-д татварын хяналт шалгалт хийлгэж байх хугацаандаа албан тушаалынхаа байдлыг ашиглан өөрийн танил Ц.Соёмбоор дамжуулан “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-аас татварын улсын байцаагчийн актаар тавигдах нөхөн татвар, хүү торгуулийг багасгаж, хийх ёстой үйлдлээ хийхгүй байхаар амлан, хясан боогдуулах замаар 250.000 ам долларын буюу 295.500.000 төгрөгийг нэхэж онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан гэмт хэрэгт холбогдсон.
 
Түүнээс гадна  2002 оны 02 сарын 15-ны өдрөөс 2013 оны 01 сар хүртэлх хугацаанд Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтсийн даргаар ажиллаж тухайн албан тушаалын цалингаас өөр орлогын эх үүсвэргүй атлаа хууль ёсны орлогоосоо гадна эцэг Ч-ийн нэр дээр өөрийн хамтран эзэмшдэг  дугаарт тоот америк долларын данс нээж, 2008 оны долдугаар сарын 16-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 1.362.655.48 америк долларын буюу 1.771.358.017 төгрөгийн орлого, 1.207.415.2 америк долларын буюу 1.581.063.830 төгрөгийн зарлагын гүйлгээ, мөн  Ч-гийн нэрээр дугаар  тоот төгрөгийн данс нээж 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд 1.073.951.176,93 төгрөгийн орлого, 1.073.850.400,00 төгрөгийн зарлагын гүйлгээг тус тус хийж, уг мөнгөн дүнгээс АНУ-д амьдрах хүү Г-д их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх хэргүүд жагсаажээ.
 
Харин Д.Энхбат нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан .Голомт банкны дугаар  тоот төгрөгийн хувийн харилцах дансаар 2012 оны тавдугаар сарын 01-нээс хойш он дуустал хугацаанд 53.900.000 төгрөгийн эх үүсвэр нь тодорхойгүй орлого олсон.
 
Үүнд: 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 2.500.000 төгрөг, 2012 оны тавдугаарсарын 21-ний өдөр 1.400.000 төгрөг, 2012 оны тавдугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөг, 2012 оны зургадугаар сарын 20-ны өдөр 7.000.000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 12.000.000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 22.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 4.000.000 төгрөгийг тус тус олсон гэжээ. Энэ мэтчилэн энэ хэрэгт хамааралтай хүн бүрийг холбогдсон хэргийг жагсаасан байна.
 
Тэд юу гэж мэдүүлэв.
 
Ч.Гансүх:
 
- Намайг “Вагнер Ази” компаниас мөнгө завшихыг завдсан гэсэн зүйл ангиар ял  сонсгож байгаа. “Вагнер Ази” компанитай холбоотой асуудал дээр 8 гэрчийн мэдүүлэг  бичигдсэн байсан. Б, С гэдэг хоёр гэрч намайг мөнгө авахаар завдсан гэсэн.
 
Энэ хоёр гэрч намайг их олон жил гүтгэж ирсэн. Надад өс хонзон санасан хоёр гэрчийн мэдүүлгээр намайг яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ариунболд анх мэдүүлэг өгөхдөө Гансүх хээл хахууль аваагүй гэж мэдүүлэг өгч байснаа 2013 онд Авлигатай тэмцэх газар мэдүүлэг өгөхдөө Гансүх авсан мэтээр мэдүүлэг өгсөн байсан.
 
“Вагнер ази” компаниас хээл хахууль авахыг завдсан гэсэн хэргээр Татварын ерөнхий газар хүсэлт гаргасан. Тэгсэн энэ хэрэг тогтоогдохгүй байна гэж байснаа сүүлдээ Гансүх болж хувирсан. Тэгсэн сүүлдээ Ариунболд болж хувирсан. Тэгээд дараа нь Батбаяр, дараа нь Зориг болж таарсан.
 
Ариунболд гэж хүн 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Анх 2006 онд мэдүүлэг өгсөн. Дараа нь 2013 оны 6 сард мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэгтээ Гансүх хээл хахууль нэхсэн талаар нэг ч яригдаагүй. Харин Соёмбо гэж хүн хээл хахууль нэхсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг.
 
Тэгээд Соёмбоог сэжигтнээр татаж эхлээд 2013 оны 6 дугаар сарын 14-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. “Вагнер ази” компани дээр маш их хэмжээний зөрчил илрүүлсэн. Үүнийг Сангийн сайдад хэлж байсан.
 
Мөн Мягмарцэрэн гэж хүн миний эсрэг мэдүүлэг өгсөн. Энэ хүн Татварын ерөнхий газар байцаагч хийдэг байсан. 2006 онд ажлаасаа гарсан санагдаж байна. Даргын тушаал гараад ажлаас халагдсан гэдгээ намайг эрх ашгийг нь хөндсөн мэт хэлсэн байсан.
 
Төрийн аль ч байгууллага иргэдийн мэдээллийг илээр мэдээлдэг. Хяналт шалгалтын хэлтсээр ордог. Орлогын хэмжээг нуусан, нуун дарагдуулсан гэсэн. Нууцлагдаагүй мэдээллийг ердийн журмаар шалгаж шийдвэрлэнэ гэж заасан. Мөн гэрч Энхтайван гэх хүн өөрөө 85 хоног ажиллаж, намайг ажлаасаа өөрчлөгдөхөд миний дараа томилогдсон байсан.
 
Энэ хүн мөн миний эсрэг мэдүүлэг өгөөд явж байсан. Мөн намайг Батбаяр гэж хүнтэй найз гэсэн байсан. Би энэ хүнийг огт танихгүй, хэн хэнийгээ ямар учиртай шалгуулсан гэдгийг мэдэхгүй байна. Би анх 2005 оны тавдугаар сард ажлаасаа өөрчлөгдсөн.
 
Тэгээд шүүхэд хандаж аравдугаар сард миний ажлаас өөрчлөгдсөн нь үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гарсан. 2006 онд намайг ажилд эргүүлэн томилсон. Байцаагч нар 85 мянган долларын зөрчил илэрсэн гэж хэлсэн байдаг. Тэгэхэд Энхтайван дарга уурлаад шалгалтаа одоо дуусга гээд дэд дарга Батбаяр дээр орсон.
 
2006 оны 7 дугаар сарын 5-ны өдөр танилцуулга дээрээ энэ тухай дурдсан байгаа. Ингээд 2006 оны 12 сар гэхэд их хэмжээний акт гарсан. Энхтайван даргад эх хувиар, Батбаяр даргад хуулбар хувиар өгч байсан.
 
Ингээд үүнийг Энхтайван дарга, Батбаяр дарга, мөн шалгалт хийсэн 2 байцаагч мэдсэн байхад би аргалах боломж байхгүй. Надад тийм бөх зүрх ч байхгүй. Долдугаар сарын 20-ны өдөр дүгнэлт гарсан, долдугаар сарын 4-ний өдөр дэд дарга Ариунсан гэж хүн дээр Байгалмаа бид хэд ороод гарах гэхэд Байгалмаа намайг мөнгө нэхсэн гэж хэлсэн.
 
Би үүний дагуу 7 дугаар сарын 10-нд гомдол гаргаж байсан. Ариунболд гэж “Вагнер Ази” компанийн менежер хүн Байгалмаад аргалаад өгье гэж хэлсэн үнэн үү гэхэд үгүй ээ.Тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Мөн намайг гүтгэж байна би ажлаасаа гаръя гэдэг хүсэлт хүртэл гаргаж байсан. Байгалмаатай таардаггүй гэсэн мэдүүлэг байгаа.
 
2007 оны 5 сард Ариунболд гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөн хэлсэн байгаа. 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө Соёмбо тухайн үед надад үнийн дүн хэлж байгаагүй гэж хэлсэн. 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр мөн мэдүүлэг өгөхдөө Жаргалбаатар байцаагч тулгасан, шахсан асуулт тавьсан байгаа. Үүнийг сайн анхаарч үзнэ үү. Хүнийг хэрэгт хийхгүй гээд хамаагүй зүйл яриагүй гэж хэлсэн байдаг.
 
Соёмбо гэж хүн 2006 онд мөрдөн байцаах газар мэдүүлэг өгөхдөө Ариунболд манай компани дээр шалгалт ирсэн байгаа аргалж өгөөч гэж байсан би тоглоом шоглоом болгоод аргалж өгвөл 10-30 хувь шагнал авдаг гэсэн шүү гэсэн мэдүүлэг байгаа. 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэг өгөхдөө Гансүх гэж хүнтэй танилууд байсан гэж хэлсэн байдаг. Хүмүүсийн яриаг дамжуулсан гэсэн байгаа.
 
2013 оны зургадугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр татсан боловч хэрэгсэхгүй болсон. Энэ үед Ариунболдыг жийсэн байгаа. Татварын ерөнхий газраас шалгалт орж байгаа юм уу гэхэд Гансүх Ариунболдын утасны дугаарыг өгсөн гэсэн. Соёмбо гэж хүн Ариунболдод хэлээд Ариунболд нь Байгалмаад хэлсэн гээд, Байгалмаа Гансүх юм болов уу гэж таамагласан гэж хэлсэн байгаа.
 
Байгалмаа хэлэхдээ Гансүх үндэслэлтэй гэж тайлбарласан гэсэн. Намайг энэ хүмүүс гүтгээд байна. Хавтаст хэрэгт дандаа яллах талын нотлох баримтууд байгаа. Цагаатгах талын баримтуудыг цуглуулаагүй. Цагаатгах талын нотлох баримтуудыг өмгөөлөгч нар цуглуулах гэхэд Татварын газраас цагаатгах баримтуудыг гаргаж өгөхгүй байсан. Дээд шүүхийн тогтоол болон бусад нотлох баримтууд зөндөө байсаар байхад үүнийг хавтаст хэрэгт хавсаргаагүй.
 
Манайх социализмын нийгмийн үед хөрөнгөтэй байсан. Манай аав Москвичмашинтай, гурван гэртэй байсан. Би социализмын нийгмийн юм ярьж байна. Байрыг худалдан авсан гэрээн дээр миний нэр байхгүй. Миний аавын нүд нь 2012 онд муудаад бүх малаа зарсан.
 
Гэрийхэнтэй зөндөө ярьсаны эцэст хотод шилжүүлж ирье гэж ярьсан. Тэгээд хотод байр авсан. Миний том хүү АНУ-д 8 жил болсон, англи хэлтэй, байр авах асуудал дээр миний хүү л очиж уулзсан. Би нэг удаа л хамт очиж, хуучин тавилгуудаа зараад үнээ буулга гэж хэлж байсан. Өөр зүйлд би оролцоогүй.
 
Манай гэрт засвар хийж байсан, тэгээд л ээж аавындаа байсан. Манай хүү сургуулиа төгсөөд ирэх гэж байхад мөнгө шилжүүлсэн. 2007 оноос мөнгө шилжүүлсэн, 5 машин оруулж ирсэн нь үнэн. Би өмнө нь пааз автобустай бурхан болсон дүүгээрээ бариулаад тээвэр хийдэг байсан. Германаас машин оруулж ирж байсан. Ланд 105 машиныг би худалдаж авч байсан. Үүнийг зараад өөр машин авч байсан.
 
Миний эхнэр Япон улсад цалинтай ажил хийдэг байсан. Би төрд 30 жил 6 сар ажилласан. Би энэ хугацаанд хоёр хөөрөг авах мөнгөтэй болж чадахгүй байх уу. Манай аав 80 гарсан настай хөгшнийг амралтын өдөр ганцааранг нь суулгаж байгаад байцаалт аваад гарын үсэг зуруулсан, манай аавын нүд нь юм харахгүй байсан хүн.
 
Цагаатгах талын  баримтыг цуглуулаагүй, 1,5 тэрбум төгрөг хаачсан бэ гэдгийг тогтоолгомоор байна. Аавын олсон энэ мөнгийг тогтоогооч. Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйл анги дээр Бадамсүрэн ийм акт үйлдээгүй, санхүүгийн  тайлан эд хөрөнгө битүүмжилсэн талаар бүх нотлох баримт дээр Бадамсүрэн нэг ч баримт бичиг байхгүй. 2011 оны 7 сард энэ актыг үйлдэхдээ Монгол улсад бүртгэлтэй гэсэн байгаа.
 
2011 оны 9 сард ерөнхий захирал нь Монгол улсаас гараад явсан. Захирал нь 40 хоногийн дараа гараад явсан. 10 дугаар сарын 14-нд батлагдсан тогтоол маань 20 хоногийн дараа ерөнхий газар очсон байгаа. Ерөнхий захирлыг хилээр гарснаас хойш 51 хоногийн дараа  манай хэлтэс дээр ирсэн. Би дарагдуулсан биш маргаан таслах комисс дарагдуулсан. Байхгүй заалтыг байгаа мэт хэлсэн, ямар хууль тогтоомж дүрэм журмаар тодорхойлсон бэ гэдэг сонин байна.
 
Энэ тушаалаар батлагдсан 6.1-д Татварын ерөнхий газар хууль тогтоомж маргаан таслах комисс, маргаан гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зохион байгуулах гэж заасан. Хүнийг яллах гээд цагаатгах баримтыг өгөхгүй байна. Татварын хуулийн 11.2-т татвар алданги тооцно гэж заасан байгаа. 45 тоот тогтоол 7 сарын дараа хууль эрх зүйн газар хүргүүлсэн байдаг. Үүнийг хүргэх ёсгүй.
 
Зургаан  сар болоод ийм шийдвэр болсон гэдэг манай хэлтэст буруу байхгүй. Татварын ерөнхий газрын үр дүн хууль тогтоомжийн дагуу хийх ажлыг нь заасан байгаа. Тэгсэн мөртлөө хугацаа заасан байгаа. Нэг жилд гэж заасан байгаа.  Өөрийн төрсөн дүү Даваасүрэнтэй үгсэн тохирч онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн байгаа.
 
Үүнийг тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Ганцаараа шалгалт хийсэн гэж үзэж байгаа бол би ганцаараа 100 хувь хариуцлага хүлээх ёстой. Ганцаараа шалгалт хийсэн бол  миний тушаалаар хийсэн байгаа. Даваасүрэнтэй үгсэн тохирч гэсэн зүйл хэсэг бүлэг хүмүүсийн зориудын үйлдэл гэж үзэж байна. Хэзээ, хаана, юу гэж үгсэн тохирсон, хэн гэрчилж байна гэдгийг тогтоосон зүйл байхгүй” гэжээ.
 
Д.Энхбат:
 
-Намайг Эрүүгийн хуулийн 263.2, 166.2 гэсэн зүйл анги дээр гэм буруутайд тооцоод байгаа. Энд цугларсан хүмүүсийн 35 хувь нь татварын хүмүүс байна. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх эрхэм үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсээс хүлцэл өчье.
 
2009 оны дөрөвдүгээр сарын 06-нд Баянгол дүүргийн татварын даргаар томилогдсон. Ажил авахад үйл ажиллагаа алдагдсан байсан. Ажил хүлээж аваад татвар төлөгч, хяналт шалгалтыг жигд явуулахад анхаарч ажилласан байгаа. 13.500 орчим татвар төлөгчтэй байсан боловч 67 хувь  нь татвар төлдөггүй байсан.
 
Үйл ажиллагаа явуулдаггүй, оршин суугаа хаягтаа байдаггүй байсан. Идэвхтэй хэсэг нь 33 хувь байсан. Төлөвлөгөөгөө биелүүлэх үүднээс татвар төлдөг хэсгээсээ ахин мөнгө авсан байсан. Үүсгэн байгуулагч нарыг олж тогтоон улсын бүртгэлийн албанд өгсөн.
 
Татвар төлөгч нар маань өөрсдийнхөө хүсэлтээр татан буугдах хүсэлт ирүүлдэг байсан. Асар том ашигт малтмалын ордтой газар ч энэ дотор байсан. Манай байцаагч нар “Билгүүн цаг” компанид татвар ноогдуулсан.
 
Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасныг шүүхээс “Билгүүн Цаг” компани татвар төлөх үндэсгүй байна гэж шийдвэр гарсан. Яг үүний адил их олон компани хүсэлт гаргасан. Үүн дотор “Норд”, “Умух”, “Үлэмж аргамж” гэх мэт компани байсан. “Поло Ресорс” компани мөн байсан.
 
Татварын байцаагчтайгаа ярилцаад “Поло Ресорсез” компанид хяналт шалгалт хийхээр өгсөн байгаа. Үүний талаарх баримтуудыг өмгөөлөгч нар шинээр гаргаж өгсөн баримтдаа өгсөн байх. Зөрчил дутагдал илэрсэн байна. Үүнийг лицензийн ноогдох албан  татварыг зөрчин олгосон байж магадгүй.
 
Улсын төсвийн дагуу хяналт шалгалт хийж өгнө үү гэж 2009 онд хандсан. Ч.Гансүхэд мөн утга агуулга нэг хандсан байгаа. Татварын ерөнхий газрын даргад хандсан тоот Тэнгис гэж даргад очсон байсан. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргад таван компанийн асуудлаар хандсан.
 
Дэд хурандаа Х.Доржсүрэн явуулсан материалыг Эрүүгийн цагдаагийн газар шилжүүлсэн байдаг. 2010 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн татварын хэлтэст яаралтай шалгалт хийж хувийг эрүүгийн цагдаагийн газарт гэсэн байгаа” гэжээ.
 
Д.Жаргалтулга
 
Эх сурвалж: