sonin.mn

ДАМАСК. /ВВС/. Сири болон Иракийн хойд нутагт хяналтаа бэхжүүлж буй лалын босогчидтой тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахад манай улсын Засгийн газар бэлэн гэж Сирийн Гадаад харилцааны сайд мэдэгдлээ.

Сирийн хойд нутагт байдаг засгийн газрын агаарын цэргийн хүчний гол баазыг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн босогчид булаан эзэлснээс нэг хоногийн дараа өчигдөр Валид аль-Муаллем ингэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Сирийн Засгийн газар тус бүлэглэлтэй тэмцэхээр өөр ямар нэг талтай, тухайлбал, Өрнөдийн улсуудтай хамтран ажиллахад бэлэн байгаа ажээ.

Гэхдээ Сирийн нутаг дэвсгэрт явуулах цэргийн ямар нэг ажиллагааг Засгийн газар зохицуулах ёстой гэж тэрбээр хэлэв. Түүний хэлснээр, Сирийн Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр цохилт өгөх нь түрэмгийлэлд тооцогдох юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг