sonin.mn

ВАШИНГТОН. /АР/. “Apple” компанийн зах зээл дэх хөрөнгө “iPhone” гар утасны шинэ загвар гарах гэж буйтай холбоотойгоор 600 тэрбум доллароос давжээ. Энэ тухай “Nasdaq” хөрөнгийн биржийн мэдээлэлд дурдсан байна.

Пүрэв гарагийн арилжаа дуусах үед тус компанийн хувьцаа 100,58 доллароор арилжаалагдаж байсан бол нийт хөрөнгө нь 602,74 тэрбум доллароор үнэлэгджээ. Үүнээс өмнө “Apple”-ийн үнэт цаас 2012 оны есдүгээр сард тогтоож байсан түүхэн дээд үнийг эвдэж, 101,09 долларт хүрч байв.

“Apple”-ийн хувьцааны үнийн өсөлт нь сүүлийн улирлын тайланд эергээр нөлөөлсөн байна. Тус компанийн 4-6 дугаар сарын орлого 6 хувиар өсч, 37,4 тэрбум долларт хүрсэн бол цэвэр ашиг нь 12 хувиар өсч, 7,75 тэрбум доллар болжээ.

Түүнчлэн “iPhone” гар утасны илүү өргөн дэлгэцтэй, ухаалаг цагтай хоёр шинэ загварыг удахгүй танилцуулах гэж байгаатай холбоотойгоор “Apple”-ийн үнэт цаасны үнэ өсөж байна. Үүний улмаас хувьцаа илүү олон хөрөнгө оруулагчид нээлттэй болж хуваагджээ.

Он гарснаас хойш “Apple” компанийн хувьцаа 25 гаруй хувиар өссөн аж. Зах зээлийн хөрөнгө ийнхүү өсөн нэмэгдэж байгаа нь тус компанийг дэлхийн томоохон компани гэдэг цолоо хадгалан үлдэх боломж олгож байгаа юм. Харин “Apple”-ийн ойрын өрсөлдөгч болох нефтийн “Exxon Mobil” компанийн зах зээлийн хөрөнгө 425,2 тэрбум доллароор үнэлэгдэж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг