sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсад төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Си Зиньпин нар Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочин Си Зиньпин БНХАУ-ын даргын хувьд Монголд анхны төрийн айлчлалаа хийж буйд нь талархал дэвшүүлж, Хятадын дэд даргын хувьд 2008 онд мөн айлчлан ирж байсныг нь дурдаад тавтай саатан морилохыг ерөөв. Түүний айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил тохиож буйг мөн онцоллоо.  БНХАУ-ын даргын төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлж буй нь түүхэн томоохон үйл явдал болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглээд “Бид сайн хөршийн харилцаагаа улам бэхжүүлэх ёстой” хэмээв.

Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын талд хэд хэдэн санал дэвшүүсэн юм. Үүнд Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг Хятадад татваргүй, хэмжээ хязгааргүй нэвтрүүлдэг болох нь чухал гэлээ. Мөн нүүрс боловсруулах, хийжүүлэх тал дээр хамтран ажиллах, Азиас Европ руу Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх бараа бүтээгдэхүүнийг жил бүр өсгөх замаар 2020 он гэхэд 100 сая тоннд хүргэх, ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол Улсыг АПЕК-т элсэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг санал тавьсан юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпин эдгээр саналыг анхааран судалж үзнэ гэдгээ илэрхийлэв. Мөн Монгол Улсыг АПЕК-т элсэхэд дэмжлэг үзүүлэх талаар хүчин чармайлт гаргахаа илэрхийлж ирэх есдүгээр сард БНХАУ-д болох тус байгууллагын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг оролцуулахаар урьж байгаагаа илэрхийллээ.

БНХАУ-ын дарга мөн Монгол Улс хөдөө аж ахуйн нөөц ихтэйг дурдаад үхэр, хонины махыг Монголд боловсруулан нэмүү өртөг шингээгээд Хятадын зах зээлд гаргаж болох талаар дурдлаа. Хоёр тал нүүрсний салбарт хамтран ажиллах, Монголд нүүрсний цахилгаан станц барьж Хятадад эрчим хүч экспортлох чиглэлд өмнөд хөрш бэлэн байгааг илэрхийлж байлаа. БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд дэд бүтцийн салбар эрчимтэй хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийлж ОХУ, Монгол Улс, БНХАУ транзит тээврийн талаар хэлэлцээ хийхэд Хятадын тал бэлэн гэдгийг хэлж байв. Түүнээс гадна Хятад-Монгол- Европ гэсэн чиглэлээр транзит тээвэр хөгжүүлэх боломжтойг онцолж байлаа.