sonin.mn

Шинэчлэлийн засгийн газрын “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд перинатологийн тусламж үйлчилгээг хөгжүүлж буй  талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

МҮОНТ, UBS TV, 25TV, TV8, TV9, ETV, EagleTV, NTVзэрэг 25 телевиз, 10 сайт-ын хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлч, зураглаач, нийт 60 гаруй хүн оролцлоо.

Захирал Ш.Энхтөр “ЭХЭМҮТ-ийг 2012 – 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, үзэл баримтлал”, “ЭХЭМҮТ-ийн хөгжлийн стратеги”-ийн талаар товч танилцуулав. ЭХЭМҮТ-ийг 2012- 2016 онд хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө нь 7 үндсэн чиглэл, 44 зорилготой. Үндсэн 7 чиглэлд “Эх, ураг, нярайн тусламжийг хөгжүүлэх”, “Хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх чадавх бий болгох”, “Нярайн мэс засал – хүүхдийн ерөнхий мэс заслыг хөгжүүлэх”, “Хүүхдийн хавдрын цогц тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлэх”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалт, судалгааны тогтолцоо буй болгох”, “Үргүйдэл ба андрологийн тусламжийг хөгжүүлэх”, “Эмчилгээ оношилгооны шинэ техник технологи өргөн нэвтрүүлэх” гэсэн чиглэл тус тус багтдаг. Түүнчлэн “Эмнэлгийн барилга байгууламжийн нөхцөл байдлыг сайжруулах”, “Хүний хөгжлийг хангах, хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх” чиглэлийг тус төв баримтлан ажилладаг.

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэнд явцын үнэлгээ хийж, шинэчлэн боловсруулж (2013-2016), хэтийн төлөвийг (2016-2020) тодорхойлсон ба “Байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж Эрүүл мэндийн сайдаар батлуулсан (2013-2016) юм.

Монгол улсын хэмжээнд хийж эхэлж буй чухал ажил нь “Нярайн скрийнингийн үндэсний хөтөлбөр” юм. Энэ нь ЭМЯ-ны удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, дэмжигдсэн (2 үе шаттай: 2014-2016; 2016-2020) бөгөөд үүнд түнхний мултрал, дисплази, нярайн бодисын солилцооны төрөлхийн эмгэг, сонсгол бууралт, дутуу нярайн ретинопати гэсэн 4 эмгэгийн эрт илрүүлэлт багтаж байгаа юм.

ЭХЭМҮТ-д “Эх, ураг, нярайн тусламж үйлчилгээг сайжруулах” талаар дараах өргөн цар хүрээтэй ажлууд хийгджээ. Үүнд:
1. “Анагаахын удамзүйн лаборатори”
 “Анагаахын удамзүйн лаборатори”-ийн чадавх сайжирч, үйл ажиллагаа нь тогтмолжиж байна. 2014 онд нийт 1.3 тэрбум төгрөгийн технологийн шинэчлэл хийх төсөл батлагдаж, ЭМЯ худалдан авалтыг зохион байгуулж байна. Тус лабораторийн эмч, мэргэжилтнүүдээс андрологиор 2, эндокринологи ба эмбриологиор 2, лабораторийн чиглэлээр 1, мэргэжил дээшлүүлэхээр 1 мэргэжилтэн тус тус өндөр хөгжилтэй оронд суралцлаа. “Анагаахын удамзүйн лаборатори” нь 2014 онд шинэ технологийг төвийн хэмжээнд бүрэн нэвтрүүлэх ба 2015–2016 онд хөдөө орон нутгийг хамруулах арга хэмжээг зохион байгуулна. Түүнчлэн нярайн скрийнинг, ялангуяа бодисын солилцооны эмгэгийг эрт илрүүлэх чадавхитай болно.

Тус лабораторид хромосомын шинжилгээг 2013 оны 08 сарын 12-ны өдрөөс хийж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 162 үйлчлүүлэгчдэд эс өсгөвөрлөж, 95 үйлчлүүлэгчдэд 950 слайд хромосомын шинжилгээг гүйцэтгэсэн байна. Үүнээс 40 тохиолдолд (мозаицизм 5, Тернерын хамшинж 2, Дауны хамшинж 30, Эдвардсын хам шинж 2, бөгж хромосом 1) хромосомын эмгэгийг оношилж, нэмэлт шинжилгээ болон бодит үзлэгт үндэслэн оношийг баталгаажуулан, гэр бүлд мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эрсдэл бүхий 2334 жирэмсэн эхэд удамзүйн цогц шинжилгээг хийж, 37 эмгэг тохиолдлыг илрүүлж хяналтанд авсан байна.

2. Хөрөнгө оруулалтын талаар
Тус төвд эх, ураг, нярайн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр Монгол улсын Засгийн газраас 420 сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Мөн хүүхдийн зүрхний ангиографийн оношилгоо-эмчилгээний 1.8 тэрбум төгрөгийн аппарат хэрэгсэл нийлүүлэгдэж, угсралт, суурилуулалт хийгдэж дууссан төдийгүй ЭХЭМҮТ-ийн техник технологийг иж бүрэн шинэчлэх Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн төсөл, Австри улсын хөнгөлөлттэй зээлийн төсөл хэрэгжихэд бэлэн болж, 2015 онд бүрэн хэрэгжиж дуусна.

3. Пренатал оношилгооны ахиц
 Төрөлхийн хөгжлийн гажгийн нийт тохиолдлын 92.4%(2007 он) - 89.8%(2011 он) нь хожуу буюу төрсний дараа оношлогдож байснаас харахад пренаталь оношилгоо хангалтгүй байсан. 2014 оны эхний хагасын байдлаартөрөлхийн хөгжлийн гажгийг оношлогдсон хугацаагаар нь авч үзэхэд 53.0% (186) төрөх үед, 23.0% (80) төрсний дараа, 21.0%(74) нь жирэмсэн үед оношлогджээ.

4. Зайн анагаахын чадавх
 Зайн анагаахын чадавх дээшилж байна. Тус төвийн Хүүхдийн эмнэлэгт НҮБ-ийн Хүүхдийн сангийн тусламжтайгаар “Зайн анагаахын хэсэг”байгуулагдаж, СХДНЭ, Налайх дүүрэг, Төв, Хөвсгөл аймгийн эмнэлгүүдтэй холбогдсон. Энэ нь 24 цагаар зөвлөгөө өгөх боломжтой тул өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байна.

5. “Эх, нярайн зайн оношилгооны хэсэг”
 “Эх, нярайн зайн оношилгооны хэсэг” амжилттай, тогтвортой ажиллаж байна. Телемедицинээр 174 удаа холбогдож зөвлөгөө авсан. ЭХЭМҮТнь ЭМХТ ба бусад 21 аймагтай шууд холбогдсон ба телеконференц, шуурхай зөвлөгөөн, оношилгоо, эмчилгээний зөвлөмж, сургалт явагдсан.

6. Нярайн скрийнингийн үндэсний хөтөлбөр. Үүнд:
 • Түнхний мултрал, дисплази.Монгол-Швейцарийн хамтарсан “Нярайн түнхний үений дисплазийн хэт авиан скрининг оношилгоо, мултралаас сэргийлэх эмчилгээ” төслийн хүрээнд 8544 нярайг төрсний дараах 1-2 хоногт түнхний үений хэт авиан шинжилгээнд хамруулсан. Нийт нярайн 14.1%-д физиологийн дутуу хөгжил (IIa хэлбэр), 1.3%-д мэс заслын бус эмчилгээ шаардсан хэлбэр (IIc, D, III ба IV хэлбэр) оношлогдсон. Одоогоор ЭХЭМҮТ, 1, 2, 3-р амаржих газар, 5 аймгийг хамруулаад байна.

 • Дутуу нярайн ретинопати.Нярайн ретинопатийн оношилгоо-эмчилгээний удирдамжийг боловсруулсан. Тус төвд төрсөн 450 дутуу нярайд “ретинопатийн скрийнинг” хийсэн. 50 нярайд ретинопати оношлогдож, 31 нярайд хугацаа алдалгүй эмийн эмчилгээ эхлүүлж, сохрох эрсдлээс хамгаалсан. Одоо 72 нярай диспансерийн хяналтанд байна.Түүнчлэн Хүүхдийн эмнэлэгт “Нисдэг эмнэлэг –ОRBIS”-ийн төсөл хэрэгжинэ.

 • Нярайн сонсгол бууралт.Нярайн сонсгол бууралтын эрт илрүүлэлт сайжирч, сонсголын скрийнингийн аргачлал боловсруулагдсан. Тус төвд төрсөн бүх гүйцэд нярай эрт илрүүлэлтэнд хамрагдсанаас 2145 нярайд эерэг мэдээлэмжтэй гарч, оношилгооны тоног төхөөрөмжөөр онош баталгаажуулах шинжилгээ хийхэд 3 нярай 2 талын, 1 нярай 1 талын сонсгол бууралттай нь оношлогдож, диспансерын хяналтанд орсон.

 • Бодисын солилцооны эмгэг.ЭМШУИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим, ЭХЭМҮТ-ийн хамтарсан ШУТС-ийн “Төрөлхийн гажгийг эрт илрүүлэх, нярайн эндэгдлийг бууруулахад пренатал оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд 2012 онд ЭХЭМҮТ, нийслэлийн 1, 2, 3-р амаржих газарт төрсөн 3000 гаруй нярайг төрөлхийн анхдагч гипотиреоз, адреногенитал хамшинжийн шинжилгээнд хамруулж, төрөлхийн анхдагч гипотиреозтой нэг нярайг илрүүлэн хяналтанд авч, эмчилгээнд хамруулсан.

 • Зүрхний төрөлхийн гаж хөгжил. Зүрхний төрөлхийн гаж хөгжлийн эрт илрүүлэлт сайжирсан. Тус төвд төрсөн 11264 нярайд зүрхний төрөлхийн гажгийг илрүүлэх зүрхний хэт авиан шинжилгээг хийснээс нийт 273 нярайд зүрхний гажгийг нярайн эрт үед нь оношилж, хяналтанд авсан.Хүүхдийн зөвлөх поликлиникийн диспансерийн хяналтад зүрхний төрөлхийн гаж хөгжилтэй 1405, уруул тагнайн сэтэрхийтэй179, гаж хөгжлийн улмаас хоёрдах шатны хагалгаа хийлгэхээр 24 хүүхэд тус тус хянагдаж байна.

7. Оношилгоо - эмчилгээний шинэ технологи. Үүнд:
• Сурфактант эмчилгээ. “Сурфактант эмчилгээний удирдамж” боловсруулж, дутуу төрсөн нярайнэмчилгээнд хэрэглэж эхэлсэн.2013 онд нийт 117 нярайдсурфактант эмчилгээ хийснээс эмчилгээний үр дүн 65.8%, 2014 оны эхний хагас жилд 50 нярайд сурфактант эмчилгээ хийснээс эмчилгээний үр дүн 60% байна.

• Гемодиализын тусламж үйлчилгээ.2013 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс Хүүхдийн эмнэлгийн Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн дэргэд 6 хүний бүрэлдхүүнтэй, иж бүрэн тоноглогдсон “гемодиализийн хэсэг”байгуулагдан ажиллаж эхэлсэн. Тус хэсэг нь 6 сартайгаас 74 настай 48 өвчтөнд давхардсан тоогоор нийт 960удаа гемодиализийн эмчилгээ хийжээ.

• Хүүхдийн дурангийн мэс засал.Хүүхдийн дурангийн мэс заслыг хөгжүүлэх эхлэл тавигдаж, БНСУ-ын SAMSUNG эмнэлгийн эмч нартай хамтран, 7 өвчтөнд амжилттай мэс засал хийсэн (цөсний чулуу 2, хошного шулуун гэдэсний төрөлхийн битүүрэл 3, Гиршспрунги өвчин 2).Дурангийн мэс заслын чиглэлээр 4 эмч, 1 сувилагч шинээр нэмж бэлтгэсэн.Хүүхдийн бөөр шээсний дурангийн мэс засал хийх бэлтгэл хангагдаж байна.

• Эх барих эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал.Эх барих, эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал тогтмолжиж байна. Солонгос улсад эмэгтэйчүүдийн дуран оношилгооны чиглэлээр 2 эмчийг сургасан. Одоо 2 мэргэжилтэн Солонгос улсад суралцаж байна.

 • Үргүйдлийн тусламж үйлчилгээ. 2014 оны 3-р улиралд “Үргүйдэл, нөхөн үржихүйн төв”нээгдэж үйл ажиллагаа нь эхэлнэ. Эхний ээлжийн тоног төхөөрөмж суурилагдсан ба иж бүрэн засвар хийгдсэн.2014 оны 9-р сард ЭМЯ, НҮБ-ын ХАС-ийн санхүүжилтээр тоног төхөөрөмж нийлүүлэгдэнэ, НҮБ-ын ХАС-ийн 2014 оны төлөвлөгөөнд дурангийн иж бүрдэл захиалагдсан, орон тоо, санхүүжилт шийдвэрлэгдсэн.

8. Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд гарсан дэвшил
 • Үр шилжүүлэн суулгасан эхчүүдийн төрөлтийн тохиодол нэмэгдсэн.

 • Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал тогтворжиж байна.

 • Хөхний ба умайн хүзүүний хорт хавдрыг ХСҮТ-тэй, резус хасах цустай эхийн жирэмслэлт, төрөлтийг удирдахад ЦССҮТ-тэй хамтран ажиллаж, цогцоор шийдэж байна.

 • Жирэмсний хавсарсан эмгэг, хүндэрсэн үеийн тусламжийн чанар сайжирч, орон нутагт очиж тусламж үзүүлсэн тоо нэмэгдсэн.

 • Зүрхний эмгэгтэй жирэмсэн эхийн тусламж сайжирсан.

 • Эмийн үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ сайжрав.

9. Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалт судалгааны тогтолцоо
Тандалт судалгааны алба шинээр байгуулагдан, 2014 оны 1 дүгээр сарын 1 –нээс үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ алба нь улсын хэмжээнд эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, нярайн эндэгдэл, амьгүй төрөлт, нярайн төрөлхийн хөгжлийн гажгийг улсын хэмжээнд 7 хоног бүр бүртгэн, мэдээллийг ЭМЯ-нд өгч, Баасан гараг бүрийн ЭМС-ын цахим хэлэлцүүлгээр хэлэлцүүлдэг болсон. Ингэснээр дээр дурдсан эндэгдэл, хүндрэл хаана анхаарал татахаар байгааг эрт илрүүлж, хариу арга хэмжээ авч байгаагаараа ач холбогдолтой байна.

ЭХЭМҮТ-ийн удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуулт болоххүүхдийн тархины хүчилтөрөгч дутлын эмгэгшил, түүний шалтгаан, хүүхдэд зонхилон тохиолдож буй өвчлөлийн бүтэц, эх барихын хүндрэлийн шалтгаан, эхчүүдийн эрүүл мэндийн байдал, том ургийн төрөлтийг удирдаж буй талаар, нярайн төрөлхийн хөгжлийн гажгийн шалтгаан, урьдчилан сэргийлэлтийн талаар дэлгэрэнгүй хариулт өглөө.

Түүнчлэн цаг үеийн холбогдолтой асуулт болох Монос эмийн сантай холбоотой фенобарбитолд хордсон хүүхдүүдийн эрүүл мэндийн талаар хариулт өгч, 16 хүүхдийн 12 нь сайжирч гэртээ гарсан, 4 нь үндсэн өвчнийхөө учир үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай байгаа тухай мэдээлэл өгөв.