sonin.mn

БЭЭЖИН. /ChinaDaily/. БНХАУ-ын дарга Си Зиньпиний хөрш Монгол Улсад хийх гэж буй айлчлалын үеэр тус хоёр улс эрчим хүч, дэд бүтэц болон боомт ашиглах тухай гэрээнүүдэд гарын үсэг зурна.

Бараа бүтээгдэхүүн экспортолж, импортлохдоо Хятадын хэд хэдэн боомтыг ашиглахыг Монголд зөвшөөрсөн гэрээг энэ сарын 21-22-нд болох айлчлалын үеэр байгуулна гэж Монголын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан мэдэгдлээ.

“Хятадын зүүн нутгийн дөрвөн боомтыг ашиглах тухай асуудлаар Хятадын зочид төлөөлөгчидтэй Монголын Засгийн газар гүн гүнзгий хэлэлцүүлэг хийнэ” гэж тэрбээр хэлэв. Энэ хэлэлцээрийг байгуулснаар Хятадын дамжин өнгөрөх худалдааны агентлагийг томилолгүйгээр Хятадын боомтуудыг Монгол Улс ашиглан бусад улстай худалдаа хийх боломж нээгдэнэ.

Ази-Номхон далайн бүс нутгийн бусад улстай худалдаа хийхдээ Тяньжины боомтыг ашиглахыг Монгол Улсад тодорхой хугацаанд зөвшөөрчээ. Монголын Засгийн газар Тяньжинд төлөөлөгчийн газар байгуулж, албаны хүмүүсээ тус хот руу илгээсэн байна. Мөн  бизнес эрхлэхийн тулд Тяньжины газрыг ашиглахыг манай зарим компанид зөвшөөрсөн гэж Монголын иргэний эдийн засгийн байгууллага “Торгоны зам сан”-гийн гүйцэтгэх захирал М.Халиунбат мэдэгджээ.

“Монголд нээлттэй болох дараагийн боомт нь Далянь байж магадгүй гэж бид бодож байна” гэж тэрбээр хэлэв. “Тээврийн саад бэрхшээл (гадаад улсуудтай худалдаа хийхэд) хамгийн тулгамдсан асуудал байсаар ирсэн гэдэгтэй Монголын бизнес эрхлэгчид санал нэг байна гэж тус улсын хөрөнгө оруулалтын хувийн томоохон компанийн гүйцэтгэх захирал З.Ган-очир хэллээ.

Түүний хэлсэнчлэн, өөр нэг тулгамдсан асуудал нь төмөр замын шугам юм. Хятадын ГХЯ-нд ойр, нэрээ нууцалсан эх сурвалж долоо хоногийн өмнө мэдэгдсэнээр, энэ асуудлыг хэлэлцэн зохицуулах ажлын хэсэг байгуулахаар Хятад улс ажиллаж байгаа ажээ. Тус яам Монголоос хариуг хүлээж байгаа гэнэ.

Далайд гарцгүй Монгол Улс нь худалдааны боомтын хувьд ОХУ болон БНХАУ-аас нэлээд хараат байдаг билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг