sonin.mn
/“Хятад Орос хоёр гар нийлж тогтворгүй, гуйвамтгай монголыг хатуу гараар илбэн тохинуулна” гэсэн нийтлэлд өгөх хариу/
 
Манай улсад хойд урд хоёр хөршийн тэргүүнүүд айлчлах гэж буй цаг үетэй давхцан Монгол улсын талаархи БНХАУ-ын үнэлэлт дүгнэлт, баримталж буй байр суурь гэж ойлгогдохуйц нэгэн нийтлэл Хятадын мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаныг манай зарим сонин хэвлэлд орчуулан нийтэлжээ. 
 
“Хятад Орос хоёр гар нийлж тогтворгүй, гуйвамтгай монголыг хатуу гараар илбэн тохинуулна” гэсэн гарчигтайгаар орчуулагдсан уг нийтлэл төрийн тэргүүнүүдийн айлчлалын өмнө тавигдсан нь өмнөд хөршийн маань зүгээс манайд санаа зорилгоо урьдчилан таниулах нь зүйтэй гэж үзсэн улс төрийн зорилго бүхий нийтлэл байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа төдийгүй Монгол улсын эрт эдүүгээгийн талаар зарим нэг ташаа ойлголт байгааг залруулах, бас ч Монголын ард түмнийхээ олонхийн санаа бодол, хүсэл эрмэлзлэлийг дэлгэн ойлгуулах нь хөрш улс гүрнүүд бие биенээ ойлгон итгэлцэхэд тустай болов уу! гэсэн бодлоор энэхүү хариу нийтлэлийг барьж байна  
 
Юуны өмнө хэлэхэд Монгол Хятад хоёр үндэстэн төрт ёсны  уламжлал, соёл иргэншлийнхээ хувьд эрс ялгаатай нүүдлийн болон суурин соёл иргэншлийн гол төлөөллүүд болон дэлхийн түүхэнд эн тэнцүү бичигдэх ази тивийн эртний хөрш улсууд билээ. 
 
Нэгэн дипломатч “Цагаан хэрмийг барьсан ард түмэн агуу юм. Түүнийг бариулахад хүргэсэн тэр улс бүр ч агуу юм” гэж дуу алдан биширсэнчлэн дэлхийг донсолгож явсан Монголын маань их түүхийг хүн төрөлхтөн нэгэнт мэднэ ээ.   
 
Гэтэл “... гар, хөл, мах цусаараа холбогдсон үндэстний нэг гишүүнийг маань урт удаан хугацаанд орон гэрээс нь холдуулж, гэр нь байхад буцаад ирэхэд хэцүү, улс нь байхад эргээд нийлэхэд хүндрэлтэй болгож,  хаяа хязгаарт, баримжаагүй эрлийн дунд хэцүүхэн оршин тогтнуулж байна.
 
Ялангуяа, дэлхийн II дайны дараа Японы эсрэг хийх дайны шаардлагаас болж Монголыг “нөхцөл” болгон эх орноос нь өрөвдөх сэтгэлгүйгээр таслан “тусгаар улс” болгосон юм.” хэмээсэн дүгнэлт нь манай хоёр улсын хамтын ажиллагааны зорилгоо нэгтгэхэд тус дэм болох үг биш байлтай.  
 
Манай Монгол Улс нь орох газраа олж ядсан гишгэх газаргүй хөл болж яваагүй ээ. Газын зурвасын асуудал гэх мэт шиг амьдрах орон зай, амь зуулгын хаяа хатавч горьдож газар нутгийн маргаан дунд хавчигдан тэнүүчлээгүй ээ.
 
Их түүхийн гэрч болсон өлгий нутаг, эх болсон газар шороогоо үеийн үед хамгаалан оршсоор ирсэн төдийгүй, уугуул нутгийнхаа зах хязгаараас хоёр хөршдөө уужим сэтгэлээр найр тавин  илүүчилж байсан нь харин түүхэн үнэн юм.   
 
Эртний хөршийн хувьд түүхийн нугачаат зөрөг дээр хэдэнтээ огтлолцож байсан нь Монгол Хятад хоёр улсын харилцааг “сөргөлцсөн дайснууд” ч, “эвлэсэн андууд” ч болгож байсан нь бий.
 
Эзлэн авч хаанчлаад төр улсыг нь тохинуулан зассан нь ч бий, хоёулаа эзлэгдэн дарагдаад манж гүрний ноёрхолд хэлхэлдэн бөхийж явсан нь ч бий.
 
Гэсэн ч ахуй соёлын их ялгаа нь ижилсэж ойртоогүй, хэл, сэтгэлгээний онцлог шинжүүд нь ч төрөлсөж төсөөжөөгүй, үндэстэн үндэстнээрээ л үлдэцгээжээ. 
 
Харин Монголчуудын байлдан дагууллын түүх нь дэлхийн түүхчдийн өөр өөрийн улс үндэстнээ дөвийлгөх хувь хүний үзэл санаа байр суурийн өнгө аясаар будагдан хувирах хандлага байсан ч гэсэн улс үндэстнийх нь сэтгэл сэтгэлгээнд гэгээ нэмж, хөгжил дэвшилд нь түлхэц өгч байсныг нийтээрээ аргагүй хүлээн зөвшөөрөх болжээ.
 
Үүний учир нь Монголчууд байлдан дагууллын түүхэндээ аль ч улс үндэстэнд өөрийн ахуй соёл, ёс заншлаа тулган хүлээлгэж, бусдын ахуй соёлыг устган үгүй хийж байсангүй. Шашин шүтлэг, итгэл бишрэлийг нь хэзээ ч доромжлон мохоож, дарамтлан мөхөөж байсангүй.
 
Хамаг бүхнийг нь цөлмөн хоослож, тухайн ард түмнийг хэзээ ч сэхэн өндийхгүй болтол ядуурал үгүйрлийн балчигт унагадаг өнөөгийн их гүрнүүдийн колоничлолын бодлого шиг хар бодлогыг явуулж байсангүй.
 
Харин ч өөрийн гэсэн бүхнээ сэргээн тэнхрүүлэх боломжийг бусад үндэстнүүдэд олгож байсан учраас л Монголчуудыг мах цусны холбоотой, гарал үүсэл нэгтэй, улс үндэстнийхээ нэг хэсэг нь юм байна гэж дотночлон үзэх түүхчид нэг биш улсад гарч ирж, ихээхэн хөрөнгө хүч хаян түүхийн судалгаагаа энэ зүгт чиглүүлэх болсон нь түүхийг гажуудуулан уран сайханчилж, үнэнээс холдуулсан андуу ташаа, буруу хандлага билээ. 
 
Түүнээс гадна тус нийтлэлд “Манай олон үндэстнээс бүрдсэн улс хэдхэн сая хүнтэй энэ үндэстэнг орхиж болно гэж үү. Үгүй, огтхон ч болохгүй. Энэ үндэстэн өөрийн эх орноо хаяж явсан уу. Хариулт нь мөн л үгүй.” гэж бусдын өмнөөс хариулах, хөндлөнгөөс шийдвэр гаргах гэж оролдсон нь зөөлөн хэлэхэд түрэмгий авир хандлагын илэрхийлэл бөгөөд олон үндэстнийг нэгэн дор нэгтгэх тусам дотоод зөрчлөө нэмэгдүүлэх аюул байдгийг сануулах юун. 
 
Тэр тусмаа суурин соёл иргэншлийн тууринаас нүүдлийн соёл иргэншлийн ахуйг хөгжүүлэх гэж оролдох нь улс үндэстнийх нь хувьд устган үгүй хийх гэсэн санаа зорилготой адил хэрэг болох билээ.  
 
Тэгээд ч улс гүрний урт удаан сайн сайхан оршин тогтнолд дотооддоо зөрчилтэйгөөр өргөжин тэлснээс хажуудаа түвшин сайхан хөрштэй байх нь олон улсын харилцаанд тун ч их түшиг тулгуур болдогийг ухааруулсан цөөн бус жишээ дэлхий дахины үйл явцад Орос Хятад манай гурван улсын хамтран оролцож ирсэн сайн хөршийн харилцааны замналд бий.      
 
Тиймээс ч социалист системийн орнуудын бүрэн эрхэт нэгэн гишүүн нь болж түүнийг тэргүүлж байсан ЗХУ-ын өмөг түшигт дулдуйдан дэлхий дахины энх тайван, амар амгалангийн төлөөх, мөлжлөггүй, авилгагүй нийгмийг байгуулах хөгжил дэвшлийн алхаанд нэгдэн зогсолтгүй урагшилж байсан он жилүүдийг “ЗХУ-ын колоничлолын талхинд байсан” гэх үзэл бодлыг Монголын ард түмний олонхи сэтгэлдээ тээж байгаагүй бөгөөд тэгж ч төвдөхгүй билээ.
 
Харин ч тэр үе Монголын түүхийн гэрэл гэгээтэй “хуудсууд” байсныг эрхгүй хүлээн зөвшөөрдөг юм. Мэдээж ЗХУ-тай түншилж байсан хамтын ажиллагааны эхлэлд алдаж эндсэн, таагүй дурсамж, шүүмжлэлтэй хандах хэрэг явдал ч гарч байсныг хэн нь ч үгүйсгээгүй ээ.  
 
Харин түүгээр шалтаглан түүхэн хамтын ажиллагааг бүхэлд нь харлуулан будах нь ЗХУ-ын зүгээс Монголын ард түмэнд үзүүлж байсан тусламж дэмжлэг, буянт үйлсүүдийг нь хараан зүхсэнтэй адил нүгэлт хэрэг болохсон.  
 
Тухайлбал “ЗХУ Монголыг өөрийн гэрийн ар хашаа мэт үзэж байсан тул бодит дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгээгүй, ямар ч аж үйлдвэрийн суурийг бий болгоогүй юм. Үхэр хонины махыг нь хүртэл “байцаа”-ны үнээр авч ирсэн боловч  тохирсон үнээр  нь монголчуудад зохистой хариу барьж байгаагүй. Оронд нь авсан эд материал, үр тариа нь зөвхөн наад захын хэрэгцээг хангах төдий л байсан.
 
Энэ бүхэн нь Монголын хөгжилд ноцтой нөлөөлсөн юм.”  гэж уг нийтлэлд шүүмжилсэн нь 1990 оноос өмнөх Монголын эдийн засгийн хөгжлийн бодит байдлыг огт мэддэггүй хүн их л ташаа мэдээллээс ишлэж авсан бололтой.  
 
Чухамхүү Монгол улс ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжийн ачаар дан ганц мал аж ахуйн орноос хөнгөн аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг  хөгжсөн, хүн ам нь эрүүлжиж, 100 хувь бичиг үсэгтэн болсон, орчин үеийн хот суурин бүхий улс болон хөгжсөн нь түүхэн үнэн бөгөөд тэр ч байтугай усалгаат газар тариалан бүхий олон Сангийн аж ахуй бий болж, үр тариаг гаднаас авах биш харин гадагш экспортлодог болсон байлаа.  
 
Дашрамд дурьдахад тэр бүхнийг өмч хувьчлал нэрээр өөрсдөө авч, эвдэн сүйтгэж, устгаж үгүй хийсэн, ард түмний бүтээсэн асар их баялгийг хувьдаа завшицгаасан өнөөгийн эрх баригч намуудын бүлэглэл дотроос яг дээрх мөрүүдийг тоть мэт давтан ярьж, “Үхэр хонины махыг нь хүртэл “байцаа”-ны үнээр авч байсан” гэж “хорсон” буруутгадаг этгээд цөөн биш байдаг юм.
 
Харин тэд өнөөдөр бас л адилхан Хятадын “Чалко” гэгч компани Дорнодын талаас нефтийг нь “хайрцаг шүдэнзний” ч үнэгүй авч, бас байгаль орчинг нь бохирдуулж, нүүрсийг нь үнэгүйдүүлэн шахаж авч байгаа талаархи олон нийтийн шүүмжлэлийн хариуд бол ам ангайдаггүй юм.
 
Тиймээс манай эрх баригчид аль улсын иргэншилтэй болчихоод хэний төлөө ажиллаад байна вэ гэж Монголын олон нийт гайхан эргэлзэж, хардаж сэжиглэдэг юм. 
 
Монголын ард түмэн хэзээнээс идэх хоол өмсөх хувцсаар гачигдаж явсан түүх үгүй бөгөөд 40 сая толгой мал, асар уудам газар нутаг, байгалийн их баялагтай, 3 сая хүрэхгүй хүн амтай, эртнээсээ хэрэглээний зөв соёлтой явж ирсэн, ард түмэн ядуу амьдрах ямар ч үндэсгүй билээ. 
 
Гэтэл өнөөдөр хөрш улсууддаа “Бодит үнэнийг хэлэхэд өнөөгийн Монгол “өмсөх, хооллох” асуудлыг л үндсэнд нь шийдсэн боловч ядуурлаас ч салж чадаагүй байна” гэж дүгнэгдэхэд хүртлээ доройтсон нь гадны тавиул, төр засгийн эрхийг хууль бусаар авсан авилгач, хулгайч, луйварчдын бүлэглэлүүд Монголын төрийг, төрт ёсыг үгүй хийсэн хорт үйл ажиллагааны уршигт үр дагавар нь юм гэж монголын нийгмийн олонхи болсон жирийн шударга иргэд үздэг юм.    
 
Өөрөөр хэлбэл уг нийтлэлд бичсэн шиг Монгол улс “өөрөө өөрийнхөө “үнийг өсгөж”, ... өөрөө өөрийнхөө хөзрийг нэмэгдүүлж, өөртөө түшиц хайж ... ” байгаа, тусгаар амьдрах чадваргүй улс үндэстэн ч биш ээ. 
 
Бас ямар нэг “... эх нутагтаа дахин нэгдэхийг хүссэн ...”  хүсэлт, шаардлага ч бидэнд үгүй билээ. Харин нэгтгэхийг хүссэн гадны явуулгыг өнөөгийн тавиул эрх баригчид хэрэгжүүлж байгаагийн гай гэж бид үздэг юм.
 
Монгол улсыг “биеээ үнэлэгч”-ийн дүр төрхтэй болгож, бүр бусдын иймэрхүү басамжлал доромжлол дор мөнгөний барьцаанд харийн эрхшээлд байхаас өөр гарцгүй болгох нөхцлийг бүрдүүлэхийн тулд өнөөгийн хууль бус эрх баригчид асар их өр зээлийг тавьж, Монгол улс, монголын ард түмэнд өчүүхэн ч хүртээлгүйгээр хулгайлан авч гадагш нь байршуулах, хэрэггүй зориулалтаар гадагш урсгах, дэд бүтэц хөгжүүлэх нэрээр зээлийн хөрөнгийг “булшлах” зэрэг хамгийн хорлонтой үйл ажиллагааг гадны эздийнхээ заавар зөвлөмж, дэмжлэгтэйгээр явуулж ирснийг, явуулсаар байгааг Монголын ард түмэн эсэргүүцэн шүүмжилсээр, тэмцсээр байгаа юм. 
 
“Энэ удаад хамтдаа сууж “гурван талын хамтын эрх ашиг”-ийг ярилцах гэж байгаа нь нийтлэг ойлголцлын хандлага бий болсныг илтгэж байгаа юм.
 
Хэдийгээр маш олон маргаан, зөрчил байгаа, геополитик болон зах зээлийн эдийн засгийн зэрэг бүх талын үнийг тохиролцох хэрэгтэй ч гэсэн гурван улс энэ алхмыг хийнэ гэдэг нь үнэхээр амаргүй юм.” гэсэнтэй бид ч санал нэг байгаа бөгөөд “Хятад, Орос өөрсдийн ашиг сонирхлын төлөө эсвэл үнэн сэтгэлээсээ ч байсан ямар ч нөхцөлд Европ, Америкуудын буруушаалт болон эсэргүүцлийг бий болгоно.
 
Монгол баяндаа ч биш, харин Европ, Америкууд Монгол гэдэг “шахуурга мод”-ыг ашиглан Хятад, Оросод муу нэр зүүлгэж, хааж боон, замбараагүй байдлыг нэмэгдүүлэхийг зорьж байдаг”  гэдгийг ч хүлээн зөвшөөрч байна.
 
Харин “Энэ удаад Хятад, Оросын аль аль нь хамгийн том бялууг Монголд барьж, Монголын ирээдүйн хэтийн сайхан төлөвлөгөөг боловсруулна.” гэж дурьдсан нь монголын олон нийтэд таатай сонсогдож байгаа хэдий ч уг нийтлэлийн бардамнал, басамжлал, тулгалтын өнгө аяс, эхэнд дурьдсан “ ... Монголын гуйвамтгай, айж эмээсэн сэтгэлийг тайвшруулж, өөртөө итгэлгүй хөршөө хяналтдаа оруулж, зах зээлийн эдийн засгийн хөшүүрэг ба өмнө нь байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг ... “ ашиглах гэх зэрэг санал санаачлага Монголын олон нийтийг тайвшруулах биш айлгаж мэдэхээр байгааг нуух юун. 
 
Монголчууд “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх”-ийг үр хүүхэддээ сургаж ирсэн бөгөөд “гэнэт цадах гэдсэнд гэмтэй, гэнэт баяжих насанд цөвтэй” ч гэж үзсээр ирсэн. 
 
Зөвхөн “Хятад, Оросын хувьд сэтгэл амар нэг эрчим хүчний бааз бий болгох юм. Нүүрс болон зэсийн уурхай зэрэг эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх болон хангах нь Хятад, Оросын хэрэгцээ шаардлага” гэсэн байр сууринаас манай өнөөгийн төр засгийн эрх баригчдыг “мөнгөөр хулдах” арга замаар өөгшүүлвэл энэ нь сайн хөршийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт биш, харин монголын эсрэг харийн хорлон сүйтгэгчдийг санхүүжүүлсэнтэй адил хэрэг болох билээ.    
 
Монголын ард түмэн нүүдлийн соёл иргэншлийнхээ түүхэн уламжлалаасаа үүдэлтэйгээр бусад улс үндэстний авъяас чадвар, хүн төрөлхтний түүхэнд оруулж ирсэн хувь нэмрийг, үнэ цэнийг дутуу дулимаг үнэлж байгаагүй бөгөөд хөрш хоёр гүрнийхээ дэлхий дахинд гүйцэтгэж буй түүхэн үүрэг, хүн төрөлхтний сайн сайханд цаашид ч жинтэй хувь нэмэр оруулах чадамж бололцоо, эрүүл ухааны чиг хандлагад нь эргэлздэггүйтэйгээ адилаар хүн төрөлхтөн зөв сайхан амьдралын шийдлийг олоход Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн оруулж чадах хувь нэмэр их байна гэдэгт ч бас эргэлздэггүй юм. 
Үүний төлөө ч монголчууд зогсох болно гэдгийг батлан хэлэх байна. 
 
 
“Тусгаар монголынхоо төлөө нэгдэгсэд” хөдөлгөөн
 
2014 оны 8 дугаар сар 20