sonin.mn

Танкийн биатлон 2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оросын Холбооны Улсын нийслэл Москва орчмын “Алабино” сургалтын баазад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хаалтын ажиллагаанд орон орны батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагууд хүрэлцэн ирсэн юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван ч экипажаа  оролцуулсан Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй монголын төлөөлөгчдөд талархал илэрхийлж, хоёр орны батлан хамгаалах, зэвсэгт хүчний хамтын ажиллагаа нэгэн төрлөөр өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Энэхүү тэмцээнд Ангол, Армен, Белорусь, Венесуэль, Энэтхэг, Казакстан, Киргизстан, Хятад, Кувейт, Монгол, Серб, ОХУ-ын 12 орны 36 багийн тамирчид жолоодох уррлаг, буудлага, спортын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж хоёр долоо хоногийн турш өрсөлдсөн юм. Тэмцээний эцсийн дүн гарч, багийн нийлбэр дүнгээр ОХУ тэргүүлж, Армен удаалж, өөрсдөө танкаа тээвэрлэн очиж өрсөлдсөн БНХАУ гуравдугаар байрыг эзэлсэн байна.

“Танкийн биатлон-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын Инженер техникийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Ганхүүгээр ахлуулсан Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах их сургууль, Зэвсэгт хүчний 011, 016, 327 дугаар ангийн танкчдаас бүрдсэн гурван экипаж анх удаа оролцсон бөгөөд багийн нийлбэр дүнгээр IX  байранд жагсчээ.

Командын дүнгээр 46 оноогоор хоёрдугаар баг 25, 24 оноогоор нэгдүгээр баг 30, 16 оноогоор гуравдугаар баг 33 дугаар байранд тус тус жагссан байна. Олон орны танкчидтай авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон энэхүү тэмцээн нь манай тамирчдын хувьд томоохон сургууль боллоо.