sonin.mn

Хятад улсын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлах болсонтой холбогдуулан  Хятадын Гадаад харилцааны яамны сайдын туслах Лю Жянь Чао энэ сарын 18-нд  Бээжин хотноо гадаад дотоодын хэвлэлийнхэнд зориулан хэвлэлийн хурал хийлгэлээ.

“Энэ айлчлал нь дарга Си Зиньпиний албан тушаалдаа орсноос хойш Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд Хятад улсын тэргүүн 11 жилийн дараа Монгол Улсад дахин зочилж буй түүхэн үйл явдал юм. Айлчлал Хятад, Монголын харилцааны түүхэнд чухал ач холбогдлоо өгөх болно. Хоёр тал айлчлалыг өндөр хэмжээнд чухалчлан, бэлтгэл ажлыг сайтар хийсэн” гэж Лю Жяньчао онцлов.

Тэрээр, айлчлалын үеэр дарга Си Зиньпин Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой хэлэлцээ хийж, Хятад Монголын улс төрийн чухал баримт бичигт гарын үсэг зурах бөгөөд улс төр, эдийн засаг, банк санхүү, хүмүүнлэгийн салбарыг хамарсан хоёр талт хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолд оролцоно.

Түүнчлэн Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзаж, Монгол Улсын парламентын чуулган дээр илтгэл тавьж, эдийн засаг, худалдааны арга хэмжээнд оролцоно гэв.

 Лю Жяньчао хэлэхдээ, Си Зиньпин дарга Монгол Улсын төрийн тэргүүнтэй Хятад, Монголын харилцааны хөгжлийн туршлага, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжил, цаашдын чиг хандлагыг тодорхойлон, Хятад Монголын харилцааг харилцан итгэлцсэн, хариуцлагатай сайн хөрш, сайн түнш, сайн нөхрийн төвшинд хүргэнэ гэлээ.

 Лю Жяньчао цааш нь хэлэхдээ, “Талууд хүмүүнлэгийн солилцооны төлөвлөгөөг эхлүүлж, хоёр орны ард иргэдийн солилцоог өргөтгөн, харилцан ойлголцол найрсаг сэтгэлийг нэмэгдүүлэх болно. Мөн НҮБ, ШХАБ, Азид итгэлцэл хамтын ажиллагааг бэхжүүлэх хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, Торгоны зам дагуух эдийн засгийн бүс болон Азийн дэд бүтцийн барилга байгуулалтын хөрөнгө оруулалтын банк байгуулах талаар санал бодлоо солилцоно” гэж тэмдэглэв.

Тэрээр үгийнхээ төгсгөлд, хоёр талын хамтын хүчин чармайлтаар Си Зиньпин даргын айлчлал Хятад, Монголын харилцааны төвшинг бүх талаар дээшлүүлж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа, найрсаг солилцоог бүрэн төгөлдөр ахиулж, Хятад Монголын хөгжилд харилцан хүч сэлбэж, бүс нутгийн энх тайван, цэцэглэлт хөгжилтөд ихээхэн хувь нэмэр оруулах болно гэжээ.

Б.Занданхүү. Хөххот

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг