sonin.mn
Хоёрхон хоногийн да­раа БНХАУ-ын дарга Си Зинь­пиний Монголд хийх албан ёсны айлчлал эхэлнэ. 
 
Манай эрх баригчид энэхүү айлчлалыг “түү­хэн, туйлын чухал ач холбог­долтой” хэ­мээцгээн тун их хөл хөөрцөг болж буй. Арга ч үгүй юм. Тун саяхан л гүйцэтгэх за­саглалын тэр­гүүн маань хоёр хөршийн тэргүүнүүдийн уулзалтыг “Тэнд хоёр хүн уулзаа л биз” хэмээн үл тоомсорлож байсныг бодвол одоо манай дээдсүүдийн хулхи нь бууж, хийморь нь хийсчихээд байгаа. 
 
Учир нь хууль эрхзүй, улстөрийн тогтворгүй байд­лаас болж гадаадын хөрөнгө оруу­лагч­дыг гомдоосноор тэд Мон­гол Улсыг тойрч давхиад байх болсон. 
 
Хамгийн ойрын жи­шээ хэлэхэд 2014 он гарсаар Монголд нийтдээ 370 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж. Тэгвэл энэ тоо 2011 онд 4620 сая ам.доллар болж байсан удаатай.
 
Тэр үед Оюу­толгой, Тавантолгой, уран, төмрийн хүдрийн бая­лаг ор­дуудын тухай сон­сож, су­далсан га­даадын хөрөнгө оруулагчдад Мон­гол Улсын сая 500 мянган хавтгай дөр­вөлжин км газар нутаг тэр аяараа алт эрдэнэс болж харагдаж байсан нь мар­­гаангүй.
 
Тиймдээ ч га­­­даадын шууд хөрөнгө оруу­лалт ёстой л өдөр шө­нө­гүй Мон­голыг чиглэн ур­саж байв. Харин өнөөдөр гур­ван жи­лийн өмнөхтэй харь­­цуу­ла­хад гадаадын шууд хө­рөнгө оруулалт хоёр, гу­рав биш бүр долоо дахин буурч ам.дол­ларын ханш монгол­чуудыг өдрөөс өдөрт багал­зуурдан дарсаар байна. 
 
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ноцтой хямарч, үнийн хөө­рөгдөл ёстой л үр­­жүүлэхийн хүрдээр өсч бай­на. Монголбанкны ерөн­хий­­лөгч Н.Золжаргал 2014 онд инфляцийг найман хувьд барина хэмээн олон удаа мэдэгдэж байсан.
 
Тэг­­вэл саяхан Үндэсний ста­­тис­тикийн хорооноос инф­­ляци улсын хэмжээнд 14.9 хувь, Улаанбаатарын хэм­­жээнд 15.4 хувьтай бай­на хэмээн чухам үнэнийг шу­­­луухан мэдээлсэн. Инф­ля­ци хурдацтай өсч байгааг өргөн хэрэглээний барааны үнийн дүнгийн тун энгийн жишээнээс харж болно.
 
Сая­хан л 1800 төгрөгийн үнэтэй байсан “Өглөө”, “Цэвэр сүү” өнөөдөр 2600 төгрөгөөр за­рагдаж байгаа. Ерөнхий сай­дын хэлсэнчлэн “тансаг хэ­рэглээ” болсон өндөг 220 төг­рөгөөс дээ­шилсээр одоо 400 төгрөг болс­ныг харахад инф­ляци ямархуу хурдацтай өсч байгааг баримжаалж болно. 
 
Өнгөрсөн долоодугаар са­­­­­рын эцэст инфляци жи­лийн дүнгээрээ 14.9 хувьд хүр­­­сэн нь ойрын жи­лүүдэд бай­гаагүй өндөр өсөлт гэд­гийг энэ салбарын мэр­гэ­­жилт­нүүд тодотгож, тол­­гой сэгсэрцгээгээд бай­гаа.
 
Инф­ляци ийнхүү гал­зуурт­лаа өсөхөд орон сууц, ус, цахил­гааны үнэ дүн­гээ­рээ 2.5 хувь, тээврийн үнэ дүнгээрээ 2.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ лээ. 
 
Түүнээс гадна Монгол хүн бүрийн толгойны өвчин бо­лоод байгаа манай улсын га­даад өр талийж өгч байгаа. Mонгол банкны тооцоогоор Мон­гол Улсын нийт өр олон улсын аргачлалаар 19 тэрбум америк долларт хүрчихээд тууж яваа. Энэ нь манай улсын ДНБ-ний 170 хувьтай тэн­цэж байгаа хэрэг юм.
 
Эндээс га­даадын хөрөнгө оруулалтыг өр гэж тооцохгүйгээр хасвал 10 тэрбум америк доллар нь манай хувийн компаниудын өр. Харин улсын өр 4.5 тэрбум орчим америк доллар болсон тооцоо бий.
 
Харин манай хэнэггүйхэн Ерөнхий сайд одоогоос яг жилийн өмнө “Монгол Улсын Засгийн газар чөлөөтэй хөрвөх валютаар олон улсын банк, санхүүгийн байгууллага, түнш­­­лэгч улс орнуудаас 1990-2013 оны хооронд 2.8 тэрбум ам.долларын гадаад зээлийг авч ашигласан.
 
Үүнээс 990.9 сая ам.долларыг буцаан тө­лөөд байгаа бөгөөд 2013 оны эхний хагас жилийн байд­лаар гадаад зээлийн үлдэгдэл нэрлэсэн үнээр хоёр тэрбум ам.доллар буюу 2.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй бай­гаа. 
 
2012 онд Монгол Улсын Засгийн газар 500 сая ам.дол­ларын бондыг, таван жилийн хугацаатай, дөрвөн хувийн хүүтэйгээр, нэг тэрбум америк долларын бондыг 10 жилийн хугацаатай, таван хувийн хүүтэйгээр нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг Чингис нэртэйгээр Олон Улсын санхүүгийн зах зээлд гарган арилжаалсан.
 
Чингис бондын хүүгийн төлбөрийг жил бүр тогтмол төлөх бөгөөд үндсэн өрийг 2018 он, 2022 онд буцаан төлөх ёстой” хэмээн мэдэгдэж байсан. Ингэхээр дөрвөн жилийн дараа Чингис бондын үндсэн өрийг дарах хүндрэл үүсч таарна.
 
Түүнээс гадна Самурай нэртэй бас нэгэн бондын учрыг олох ёстой. 2013 оны сүүлээр Монголын Зас­гийн газар Японы Олон улсын хамтын ажиллагааны банкинд эрсдлийн баталгаа гарган 24.3 тэрбум иенийн дүн бүхий Самурай бондыг арилжаалсан.
 
Ингээд 24.3 тэрбум иен Хөгжлийн банк­ны дансанд байршиж байсан. Эдгээр өрүүд 2022 онд төлөгдөж дуусах ёстой. Өрөө хэрхэн төлөх нь одоогоор тодорхойгүй байгаа. 
 
Монгол төгрөгийн ханш 30 хувиар суларч, гадаадын хөрөнгө оруулалт 70 хувь ог­цом буурсан тун эгзэгтэй үед өмнөд хөршийн төрийн тэр­гүүн манай оронд айлчлан ирэх гэж байна.
 
Хууль эрх зүйн тогтворгүй байдал, хэтэрхий эх оронч, популистуудын шан­­таажнаас үргэн хулж­сан гадаадын хөрөнгө оруу­лагчид БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалаар ший­дэгдэж магадгүй 10 тэр­бум ам.долларын зээлийн сур­гаар толгойгоо нааш нь эр­гүүлж болзошгүй хэмээн ма­най томчуул янз бүрийн л арга чарга эрэлхийлж байна. 
 
БНХАУ-ын дарга асан Ху Жиньтаогийн Монголд хийсэн айлчлалаас хойш 11 жилийн дараа ирж байгаа өнөөдрийн хүчирхэг Хятадын дарга Си Зиньпиний айлчлалаар олон чухал гэрээ хэлцэл хийгдэж таарна.
 
Гэхдээ хамгийн гол нь элгээр нь хэвтүүлсэн эдийн засгаа 100 хоногт эрчимжүүлэх гэж оролдсон ч бэлэн мөнгөний гачаалд орж, яах ч учраа олохгүй байгаа өнөөдрийн эрх баригчид ДНБ-ний 170 хувьтай тэнцэж байгаа гадаад өрөө 250 хувьд хүргэхээр аргагүйн эрхэнд зээлийн гэрээнд гарын үсэг зурж л таарна. Энэ бол баталгаатай.
 
Ганцхан жилийн дотор Монгол Улсын гадаад өрийг 50 хувиар нэмэгдүүлж дөнгөсөн эрх баригчдад маань одоо үнэндээ Си Зиньпин даргаас бадар барихаас өөр арга үлдээгүй. 
 
Гэтэл ядаж байхад Но­гоон намын дарга гэгдэх О.Бум-Ялагчаас эхлээд Си Зиньпин даргад “Хятадууд монголчуудыг Монгу буюу тэнэг, мангар хэмээсэн ханзаар дууддаг. Найрсаг ха­­­рилцааг эрхэмлэж байгаа бол тэрхүү ханзаа өөрчил” гэ­сэн шаардлагыг тавина гээд байдаг.
 
Түүнчлэн том дарга нь айлчлан ирэх сургаар хя­тад барилгачид энд тэнд эсэргүүцлийн хөдөлгөөн өр­нүүлж, Монголд авч болох хамгийн гайгүй цалингаа голж чамлаад байх болсон нь барилгын компаниудын хувьд бас нэгэн толгойны өвчин болчихоод байгаа.
 
Ийм л хачирхалтай хувьсгалын то­хироо бүрдсэн үед БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд айлчлан ирэх гэж байна. Ха­рин тэр даргын гар аль хэр тэнийдэг юм бол доо. 
 
Д.Энхтүвшин
 
Эх сурвалж: