sonin.mn

ЛОНДОН. /ИТАР-ТАСС/. Жулиан Ассанжийн 2012 оны зургадугаар сараас хойш хоргодож байгаа Их Британийн Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яамны цагдаагийн хамгаалалтын зардалд Британийн татвар төлөгчдийн халааснаас долоон сая фунт стерлинг буюу 11,7 сая доллар гарчээ. Энэ тухай  дуулиант “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Британийн долоо хоног тутмын “Mail on sunday” сонины наймдугаар сарын 17-ны дугаарт ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна.

“Энэ  бол ямар ч утга учиргүй зарлага”
Эквадорын эрх баригчид 2013 оны наймдугаар сарын 16-нд Ассанжид улс төрийн орогнох эрх олгосноос хойш хоёр жил өнгөрсөн боловч тэрбээр одоог хүртэл тус улс руу гарч чадаагүй байна. Хэрэв Ассанж барилгыг орхихыг оролдвол түүнийг баривчлахад бэлэн байдалд хамгаалалтын гурван ажилтан Элчин сайдын яамны дэргэд өдөр, шөнөгүй жижүүрлэж байгаа аж. Ассанжийн хэлснээр, Лондоны зөвхөн нэг цагдаагийн ажилтны цалинд сард 240 000 фунт стерлинг буюу 400 мянган доллар зарцуулдаг байна. Дэлхий дахинд “Лалын улс” бүлэглэлийн босогчид аюул учруулж буй энэ үед “энэ бол утга учиргүй зардал ” гэж тэрбээр үзэж байна.

“Mail on sunday” сонин “Wikileaks” цахим хуудсын эх сурвалжийг иш татан мэдээлснээр, Ассанжид уушгины архаг өвчин, зүрхний хэмнэл алдагдах, даралт ихсэх зэрэг өвчний шинж тэмдэг илэрч эрүүл мэнд нь дорджээ. Тэрбээр бараг бүхий л хугацааг байшин дотор өнгөрүүлж байгаа учир Д витамины дутагдалд орж магадгүй байна. Энэ нь улмаар даамжирч багтраа, чихрийн шижин өвчин тусахад хүргэж магадгүй аж.

2012 оны намар Ассанжийг баривчлах аюулгүйгээр эмнэлэгт хэвтүүлэх талаар Лондоны эрх баригчдаас зарчмын зөвшөөрөл авахад Китогийн эрх баригчид ихээхэн хүчин чармайлт гаргасан ч Их Британийн Гадаад хэргийн яам зөвшөөрөл өгөөгүй болохыг тус сонин сануулжээ. Тухайн үед түүнийг дипломат төлөөлөгчийн газрын машинаар хүргэх хувилбар яригдаж байсан билээ.

Хэрвээ цагдаагийн хамгаалалтыг авбал юу хийх вэ? гэсэн асуултад өдгөө 43 настай тэрбээр “АНУ шилжүүлэн авах мэдэгдэл өгөхөөс өмнө Их Британийг орхиход хугацаа өгөх талаар албан ёсны эсвэл албан бус хэлэлцээ хийнэ” гэж хариулжээ. “Тэгвэл би бусад эцгийн адил хүүхдүүд дээрээ очно” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Гэхдээ Их Британиас гарах энэ нөхцөл ч түүний хувьд бэрхшээлтэй ажээ. Учир нь Ассанжид гадаад паспорт нь байхгүй байна. “Миний паспортыг Британийн эрх баригчид хурааж авсан, одоо ширээний нэг нүдэнд хэвтэж байгаа байх. Би Австралийн Консулын газар зүгээр нэг явж очоод шинэ паспорт авч чадахгүй”гэж тэрбээр ярьжээ.

“Wikileaks”-ийг үндэслэгч бусдад хүчингийн хэрэгт сэжиглэж байгаа Швед улсад шилжүүлэн өгөхөөс зугтахын тулд 2012 оны зургадугаар сарын 19-нд  Эквадорын дипломат төлөөлөгчийн газраас орогнох эрх хүссэн билээ. Ассанж өөрийг нь буруушааж буй бүх хэргийг няцаасан бөгөөд улс төрийн шалтгаантай гэж үзэж байгаа юм. Тэрбээр Стокгольмын эрх баригчид түүнийг АНУ-д шилжүүлэн өгнө гэж болгоомжилж байгаа бөгөөд тус улсад Ассанжид тагнуул хийсэн болон Төрийн департаментын нууц баримт бичгийг хууль бусаар нийтэлсэн хэргээр 35 жил хүртэл хорих ял оноож магадгүй байгаа юм.

Ассанжийг Элчин сайдын яамнаас гарвал баривчилна гэж Британийн эрх баригчид мэдэгдсээр байна.

Жулиан Ассанжтай барих үдийн зоогийг дуудлага худалдаанд тавьжээ
“Wikileaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанжтай Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яаманд барих үдийн зоогийг олон улсын дуудлага худалдаанд тавьсан. Энэ тухай тэрбээр “Arms around the Child” хэмээх буяны байгууллагын цахим хуудсанд өөрөө мэдээлсэн байна.

Үдийн зоогийг Ассанжийн 14 сарын турш орогнож байгаа Элчин сайдын яаманд барина. Уг ажиллагааг зохион байгуулагчид үдийн зоогийн дуудах үнийг 50 мянган доллароор тогтоосон байна. Дуудлага худалдаа 15 хоног үргэлжилж, энэ сарын 28-нд дуусна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг