sonin.mn

УИХ-ын гишүүдэд хандан Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, Хүнсчдийн холбоо, Барилгачдын холбоо, Уул уурхайн үндэсний ассоциаци, Оёдлын нэгдсэн холбоо, Монголын авто замчдын холбоо, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо зэрэг 14 холбоо уриалга гаргалаа.

Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын хувийн хэвшил болон түүний төлөөллийн байгууллагууд улс орны эдийн. засаг, валютын ханшны өсөлт, мөнгөний бодлогын хэрэгжил, санхүүгийн зах зээлд гарч буй хүндрэл бэрхшээл зэргээс үүдэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ард иргэдийн амьжиргааны түвшин доройтож байгаатай холбогдуулан дараах санал, хүсэлтийг Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэнд хүргүүлж байна.

Валютын ханшны уналтыг зогсоож, Мөнгөний бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай

Монгол Улсын эдийн засаг статистикийн мэдээгээр өсөлттэй гарч, эдийн засгийн өсөлтийн 80 орчим хувийг уул уурхайн бус салбар буюу үндэсний үйлдвэрлэл дангаараа хангаж байна.

Гэсэн хэдий ч валютын ханшны тогтворгүй байдал, төгрөгийн ханшны уналтаас нөлөөлөлтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийн өсөлтөөс шалтгаалан ард, иргэдийн худалдан авах чадвар буурч, амьдрах нөхцөл доройтож, бизнес эрхлэх орчин нөхцөл зах зээлийн шилжилтийн жилүүдэд байгаагүйгээр хүндэрч, дарамт шахалт улам ихсэж, хэвийн ажиллах нөхцөлгүй болж байна.

Дээрх нөхцөл байдлаас үүдэн бараа бүтээгдэхүүний эрэлт, борлуулалт багасаж, дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн чадавхи муудаж буй хүндрэл бэрхшээлийг аж ахуйн нэгж, байгууллагууд даван туулахын тулд ажлын байрыг олноор цомхотгох, үйл ажиллагаагаа түр болон бүр мөсөн зогсоож байгаа нь ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өсч, ядуурал нэмэгдэж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтоход нөлөөлж байна.

Иймд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, иргэдийц амьжиргаа, цалин хөлс, нийгмийн хамгаалал, бизнесийн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрт туссан зорилтуудын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн, хууль санаачлах, батлах бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуудлуудыг УИХ-ын ээлжит бус чуулганаар яаралтай хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж УИХ-д хандаж байна.

Нэг. Валютын ханшны уналтыг зогсоох талаар
1. Валютын ханшны уналтыг зогсоох онцгой арга хэмжээний тухай болон Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар, гадаад валюттай харьцах ханшийг тогтвортой байлгахаар заасан мөнгөний бодлогын хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Монгол банкны ерөнхийлөгчийн сонсголыг Улсын Их Хурлаар яаралтай авч хэлэлцэн бодит арга хэмжээг авч хэрэгжүүлэх,

2. Валютын ханшны уналтыг зогсоох арщ замын талаарх хувийн хэвшлийн санал, байр суурь, дүгнэлтийгУИХ-аар сонсох,
   
3. Валютын ханшны тогтворгүй байдлын улмаас ард иргэд болон бизнес эрхлэгчдэд учирсан хохирлыг бодитойгоор тооцон тогтоох, тогтоосон хохирлыг шийдвэрлэх санал боловсруулах асуудлыг судлан үзэх төр хувийн хэвшлийн оролцоотой ажлын хэсэг байгуулан ажиллуулах,

4. Валютын ханшийг тогтворжуулах, төгрөгийн уналтыг зогсоох талаар дараах арга хэмжээнүүдийг нэн яаралтай авч хэрэгжүүлэхийг УИХ-д санал болгож байна.Үүнд:
    
    а. Монгол Улсад үйлдвэрлэгдэн экспортлогдож буй бүх барааны валютын "орлогыг Монгол банкны дансаар дамжуулан гүйлгээ хийж байх онцгой дэглэм тогтоох тухай  хууль яаралтай гаргах,

    б. “Чингис”, “Самурай” зэрэг Засгийн газрын бондын эх үүсвэрүүдийг валютын орлогод тооцох, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт нь хийгдэхэд бэлэн төслүүдийг дэмжих арга хэмжээг авах,

    в. Үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон төсөвт орлого оруулж, экспортыг нэмэгдүүлэх боломжтой одоо саатсан томоохон төслүүдийг эхлүүлэх ажлыг нэн яаралтай авч үзэж шийдвэрлэх,

    г. Валютын ханшийг 2014 оны улсын төсөвт тусгасан ханшаар (1460 орчмоор) 6 сараас нэг жил хүртэл хугацаанд тогтмол мөрдүүлэх тухай хууль гарган хэрэгжүүлэх,
    д. Валютын ханшны өсөлтөөс үүдэн бий болсон шударга бус орлогод тусгай татвар ногдуулан, энэ чиглэлийн төлсөн татвараар валютын ханшны хүндрэлд өртөөд байгаа ард иргэд болон аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох арга хэмжээг энэ онд багтаан зохион байгуулах,

    е. Улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэхээр гэрээлсэн аж ахуйн нэгжүүдийн гэрээт ажлын төсөвт зардлыг валютын ханшны зөрүүгээр өсгөн тооцож олгох асуудлаар улсын төсөвт тодотгол хийх,

    ж. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах богино хугацааны арга хэмжээг нийгмийн түншүүдтэй хамтран гаргаж хэрэгжүүлэх,

5. Өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн үр дүнтэй хэрэгжүүлэх,

6. Ажлын байрыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагааны чиглэл гаргаж хэрэгжүүлэх,

7. Валютын ханштай холбоотой Монгол банкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгөх Төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг УИХ-аас томилон ажиллуулах арга хэмжээ авах,
    
Хоёр. Валютын ханшны уналтыг зогсоох асуудлыг улс төржилтөөс ангид байлгах талаар
1. Валютын ханшны өсөлтийн асуудлыг шийдвэрлэхдээ эрүүл ухаанаар хандаж, аливаа улс төржилтөөс зайлсхийн улс орон, ард түмэн болон бизнес эрхлэгчдийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэн Монгол төрийн холч ухаанаар уян хатан, зөв зүйтэй шийдвэрлэнэ гэдэгт хувийн хэвшлийнхэн найдаж байна.

2. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах асуудлыг нам, эвсэл, бүлгийн болон албан тушаал, эрх мэдлийн төлөөх сонирхлын тэмцэл болгон өнгөцхөн авч үзэх, бүх буруу болон алдааг ганц нэг албан тушаалтан, байгууллагад тохон огцруулж солихыг урьтал болгож улс төрийн бужигнаан үүсгэн улс оронд хадгалагдаж буй нийгмийн тайван, тогтвортой байдлыг алдагдуулахад хүргэлгүйгээр бодит байдлаар хандан шийдвэрлэнэ гэдэгт УИХ-ын эрхэм гишүүд, УИХ-д итгэлтэй байна" гэжээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг