sonin.mn
Аливаа зүйл сайн муу хоёр талтай гэдэг яасан үнэн бэ? Хотын ноёдын буруу санаархлаас зөвийг олж харах завшаан бидэнд тохиов. Хотын ноёдын санал тойрсон хэл ам, хэлгүй дүлийгээс худал нэгний үнэнийг олж мэдэв.
 
      Бид ардчилал гэдэг нэг л замаар хамт явж байгаа улсууд. Баян ядуу адилхан. Түүнтэй адилхан хотын замаар ч гэсэн баячуудтай зэрэгцэн явахыг хүсэж байна.Ингэж хэлэхийн учир нь асуудлыг улс төржүүлэх гэсэн хэрэг огт бус.
 
Харин цагаа олоогүй зүг чиг муутай энэхүү шийдвэр нь өөрийн цар хүрээ, олонхийн эрх ашгийг хөндөж байгаа үйлчлэл,асуудалд хандагчдын нүүр царайг тодруулж байгаа илчлэлт зэргээрээ хүссэн хүсээгүй улс төрийн өнгө аястай болж байна.
 
Тэгээд ч манай улс төрийн гол тодорхойлогч хүчин зүйл нь хэсэг бүлгийн эрх ашиг,хөрөнгө мөнгө болчихсон учир шийдвэрийн дотрыг сайн ухваас улс төрийн эд эс ч тэмтрэгдэхээ магад.
 
     Энэ мэт шалтгааны улмаас миний бие аргагүйн эрхэнд хотын зам төдийгүй холын замын талаар дурдахад хүрлээ  Хотын зам холын зам хоёр ч яах аргагүй холбоотой л доо.Энэ холбоог нийт хүмүүст хамааруулах уу хэдхэн улс төрчдөөс хамаатай байлгах уу гэдэг л нийслэлийн иргэний нэг үүрэг юм шүү.Хотын зам дээрээс холын унаанд суухыг мөрөөдөгч  увайгүй санаархлыг таслах уу, дэмжих үү гэсэн үг л дээ.
 
      Төр түшигч нэгэн рүү утас цохилоо. 
- Хотын захиргаанаас хотын замыг баячуудад эзэмшүүлэх гэж байгаа талаар юү бодож байна даа
- За даа дэлхийн нийтийн жишиг л дээ хө
- Иргэд их эсэргүүцэж байна. Та нар чинь иргэдийн эрх ашгийг хамгаалах гэж сонгогдсон улс Энэ талаар санал бодлоо илэрхийлж болдоггүй юм  уу
- За даа жижигхэн асуудлаар дэмий биз дээ.Улс төрийн асуудлаар л бол ярина шүү хө
Нэг иймэрхүү яриа болоод өнгөрлөө. 
 
      Уул нь их хурлын гишүүн нь иргэдийн эрх ашгийг ямар нэгэн байдлаар хөндсөн асуудлыг жижиг гэж гололгүй анхаарч шаардлагатай тохиолдолд тэдний талд зогсох ёстой.Хойно нь биш урд нь шүү. Харин манай төрийн түшээд их мөнгөн дотор хөлбөрч байдаг болохоор 50000 мэтийн жижиг мөнгөтэй “нэр холбогдохоос” ичдэг бололтой.
 
УБ-ынхан тэр чигээрээ хотын дарга нарын шийдвэрийг буруу гэж  шуугиж байхад төрийн түшээд таг чиг байна.Жижиг асуудал гэж байж болно оо. Харин жижигхэн амьдрал гэж байдаггүй. Тэгээд ч тоо нэгээс эхэлнэ. Том жижгээс эхлэнэ. 
 
Иргэдийн олонхийн эрх ашгийг хөндөж байгаа энэ асуудлыг улс төрийн биш жижигхэн гэж хэлж бас бодож байгаа их хурлын гишүүдийг жижигхэн улс төрчид гэхээс өөрөөр юү гэх вэ?  Сонгогдохоосоо өмнө нэг хэсэг байтугай нэг сонгогчынхоо төлөө явна гэж яригсад одоо болохоор таг чиг сохор дүлий мэт. 
 
Гар утас, машины дугаар зэргээр зэрэг зиндаа тодорхойлогч манайхны хувьд бас нэг ялгарал, зиндаархлыг бий болгох нь л дээ Баячуудын зам нэртэй болох байлгүй. Баячуудын замаар явах зөвшөөрөлгүй ядарсан амьтан гэж дооглох вий гэж сонгогчид чинь яриад эхэлчихлээ
 
      Амьдралыг чинь гийгүүлээд өгнө гэж амлаж гарч ирчихээд зуун лааны чийдэнгээр умгар гэрийг нь гэрэлтүүлж өгөхгүй байгаа гишүүд арга ч үгүй юм уу даа гэж бодлоо. Сонгинохайрханд л гэхэд хэдэн жил гэрэл цахилгаангүй айлууд байгааг тоохгүй байгаа хүмүүс хотын замыг яаж ч тоохов дээ. 
 
Харин ч хотын шийдвэр хэрэгжээсэй. Тэгвэл муусайн ядуучууд мөр зэрэгцээд байхгүй амар гэж сэм залбирч байгаа байлгүй. Уул нь миний бодлоор хотын дарга аа таны энэ санал манай тойргийн сонгогчдын эрх ашгийг хохироож байна гэж иргэд үзэж байна. 
 
Би олонхийн  эрх ашгийн үүднээс асуудлыг эргэж харахыг танаас шаардаж байна гэж тэд чанга дуугарах ёстой. Тэмцэх учиртай. Хотын захиргааны гадаа иргэдээ дагуулж очоод жагсах ёстой. 
 
Их хурлын гишүүний халдашгүй дархан эрхээ  хуулиас нуугдахдаа биш иргэдийн төлөө энэ мэт тэмцэлд, ядахдаа жагсаалд ашиглаач дээ Тэгэхгүй бол халдуулах эрхтэй жирийн иргэд жагсах, цуглах гэхээр халдах албан тушаалтан,хүчнүүд нь дэндүү олон байдгийг хүн бүхэн мэднэ дээ. 
 
Их хурлын гишүүд хотын даргыг ” сайн танина”.  Харин тэд иргэдээ сайн танихгүй л дээ.Тэд Путин, Обама гэж л ярина.Дорж Дулмаа гэж барагтай бол дуугарахгүй дээ.Таван толгой 5 тэрбум доллар ,Оюутолгой олон тэрбум доллар гэж маргана. Энгийн иргэний амьдралд 50 мянган төгрөг хир зэрэг нэмэртэйг тоож ярихгүй.
 
Тэгсэн мөртөө арав хорин мянган төгрөг тарааснаа их юманд бодно.Иргэдэд хараа хяналтгүй 21 мянган төгрөг тарааснаас болж монголын эдийн засаг сүйрсэн. 21 мянган төгрөг аваад баяжчихсан монголчууд бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон гэж доромжилно..Дарга нар 200 саяыг авч болно Энгийн хүмүүс 21 мянгыг авч болохгүй гэж зүтгэнэ.
 
      “Том асуудлаар том  дуугарах” хүсэлтэй тэдний өмнөөс  хэн нэг нь дуугарах, хөдлөх жишиг аль хэдийн тогтсон.Ямар сайндаа машин хураах дөхсөн  нэг шийдвэрийг ерөнхийлөгч болиулж байхав дээ.Нэг ч гишүүн тэгэхэд дуугараагүй.Тэгсэн хирнээ өөрсдийгөө ард түмний зарц гэнэ. Зарц ч яамай. Элч нь байхыг хичээгээч. 
 
     Монголын улс төрчид нам эвслээс үл хамааран хувийн эрх ашигаараа л нэгдэж чаддаг. Олны эрх ашиг болохоор загас шиг дуугуй байж усанд шумбасан мэт далд байх сонирхолтойг нь  хотын зам тойрсон асуудал дахин илчилж өглөө. Дүлий хүн хүртэл сонсмоор их хотын шуугианыг тэд сонсоогүй унтаж байсан гэж хэлэх юм биш биз дээ.Улс төрч нэртэнгүүдийн нүүр царайг илчилж өгсөн хотын ноёдод баярлалаа.
 
Эцэст нь иргэдийн өмнөөс  хэдэн асуулт тавихыг болгооно уу?
 
      Манайхтай харьцуулвал нийтийн тээврийн асуудлаа бүрэн гэж хэлж  болохоор хэмжээнд шийдэж чадсан орнуудад замыг төлбөртэй болгодгыг мэдэх үү?
 
 Иргэнд аргагүйн эрхэнд хүчинд автан 50 мянган төгрөг төлөөд урдын адил “төв замаар сэлгүүцсэн” хэвээр үлдвэл замын ачаалал буурахгүй нь тодорхой. Тэгвэл иргэдийн мөнгийг буцааж олгох уу? Үйлчилгээ үзүүлээгүй байж мөнгө хураасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээж чадах уу?
 
 Шинэ хураамжаар замын ачааллыг ингэж бууруулна гэсэн тооцоо, ажлын төлөвлөгөөгөө хэзээ иргэдэд танилцуулах гэж байна вэ?
 
Хотын замаар түгжирч бухимдан байж сэлгүүцдэг / сэлгүүцнэ гэдэг чинь тэнэх гэсэн үг шүү/ гэж хэнийг доромжилсон бэ?
 
Төвийн түгжрэл буурвал хотын захын замын ачаалал нэмэгдэнэ.Тэгвэл ямар арга хэмжээ авах вэ? Бас төлбөр тогтоох уу?  
 
Ерөнхийлөгчөөр загнуулж байж шийдвэрээ татах уу? Ерийн иргэдээ хүндэтгээд болих уу?
 
Хариултаа шийдвэрээрээ өгөөрэй
 
 Шинэ үе- Шинэ хүчний холбоо Д.Өрнөхбаяр