sonin.mn
Ойрдоо өдөр алгасахгүй хуртай байлаа, өнөөдөр л нар үзэж байна гэлцэх Хонгор нутгийн зон олон дэлгэр сайхан зуншиж байна. Эх орны минь дөрвөн зүг, найман зовхист хаяа тэлэн сүндэрлэж буй олон сум өнөө жил 90 жилийнхээ түүхийг баринтаглаж байгаагийн цөөнгүй нь эл аймгийнх.
 
Басхүү Монголын бурхан шашны зул, соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монгол маарамбын оройн чимэг, ууган зурхайч, Хамба номун хан, Эрдэнэ бандида хутагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, “Говийн бүсийн их хурд-2014” хурдан морины уралдаан, сургуулийн ой гээд л олон баяр давхцаж, төрөлх нутгийнхаа ойд зорьсон зочин гийчдийн хөлд дарагдсан байлаа.
 
Түүнчлэн эдгээр ойг угтсан бүтээн байгуулалтын ажлууд жигдэрч, аймгийн төв бүхэлдээ өнгө зассан нь илт харагдах ажээ.
 
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ 339-ИЙНХӨН
 
Баянхонгор аймагт тулгаа тулан, галаа бадрааж буй Зэвсэгт хүчний 339 дүгээр анги энэ л их бүтээн байгуулалт, аймгийн хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмрээ оруулж, орон нутгийн зон олны хайр хүндлэл, итгэлийг өвөрлөн ажиллаж байна. Өнөө зун Баянхонгор аймгийн төвд  дөрвөн далайцтай бүтээн байгуулалт хийсний хоёрыг буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн иж бүрэн засвар тохижилт, аймгийн төвийг бүхэлд нь хамарсан услалтын системийн ажлыг тус ангийн бие бүрэлдэхүүн богино хугацаанд чанартай гүйцэтгэж, баяр наадмын өмнө орон нутагт нь хүлээлгэн өгсөн юм. 
 
1972 онд нийтийн субботникоор баригдсан Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа иж бүрэн засвар хийгдсэн нь энэ агаад эдгээр ажил цэрэг дайчдын гараар бүтээгдсэнийг онцлоход таатай байна. Тэд дөрвөн блокыг 3,5 метрээр өргөтгөж, 1200 хүний багтаамжтай цементэн суудлыг 2500 ширхэг хуванцар сандлаар сольж, сэндвичэн дээвэр, арматур багана, торон хамгаалалт, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон явган зам, талбайг бий болгосон гээд л дурдвал, баяр наадмын үзвэр үйлчилгээний газар орчин цагт ямар байх ёстой тэр бүхнийг бий болгон өөрчилжээ. 
 
Тэгвэл 7369 метр газарт Израилын дэвшилтэд технологиор услалтын систем байгуулж, төвийн ногоон байгууламжийг бүхэлд нь услах боломжийг мөн бүрдүүлсэн байна. Энэ технологийг анх удаа эх орондоо нэвтрүүлсэн, бусад аймгууд төдийгүй, нийслэлд ч ийм технологиор хийгдсэн услалтын систем байхгүй хэмээн их ажлын эзэд онцолж байна лээ. Зэвэрч бохирддоггүй, бас бат бөх чанартай хуванцар хоолойнуудыг залган газар доогуур суурилуулсан бол түүнээс “эх авсан” нарийн хоолой буюу дуслуурын систем харин газрын хөрсөн дээр усалгааны “үүргээ гүйцэтгэх” юм билээ.
 
Нарийн технологи, суурилуулсан арга техникийг нь мэдэхгүй над мэтийн хүмүүст хэдэн метр нарийн хоолойг залгаад л хаа нэгэн худгийн устай холбоод тараачихсан хялбархан ажил юм шиг харагдавч, ийм хэмжээний газрыг ухсан, шаардлагатай газар нь зарим замыг сэтэлсэн, хуванцар хоолойнуудаа угсран суурилуулсан гээд л ажил хэрхэн өрнөсөн тухай сонсоод нүсэр бөгөөд чимхлүүр ажлын ард гарч ээ гэдгийг ойлгож, нөгөө хийсвэр төсөөллөө орхисон юм.
 
“Хүний нүдэнд харагдахуйц өндөр барилга байгууламж биш болохоор үүнийг бид барьсан юм шүү гээд харах зүйл байхгүй юм, гэхдээ өдрөөс өдөрт өнгө болон өндрөө нэмэн ургаж, аймгийн төвийн өнгө төрхийг сэргээж байгаа зүлэг ногоог хараад хэдэн бор цэргүүдийн минь хөлс хүч, ажлын үр дүн гэж бодохоор сэтгэлд өег байдаг юм” хэмээн ангийн захирагч өгүүлж байсан.
 
УИХ-ЫН ДАРГААС МАГТААЛ СОНСОВ
 
 
Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг орон нутагт хүлээлгэн өгөх нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын зарим гишүүд, аймгийн удирдлага, ард иргэд, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, “Хонгор нутгийн зон олон Та бүхэн хийж бүтээе гэсэн чин сэтгэлээр цөөнгүй бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, аймаг, сум орон нутгийнхаа өнгө төрхийг өөрчилж байгааг хараад сэтгэл хангалуун байна.
 
Тэр тусмаа эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулж байгаа Зэвсэгт хүчний отгон ангиудын нэг 339 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье, Та бүхний хүч хөдөлмөрөөр бүтээгдсэн олон арван бүтээн байгуулалтын ажил зөвхөн энэ аймагт төдийгүй, улс эх оронд маань сүндэрлэнэ гэдэгт итгэл төгс байгаа, Та бүхнийхээ ажил үйлсээр бахархаж байна” гэж онцлоод ажлын амжилт хүссэн юм. 
 
ТЭД ЭКО ОРЧИНД... 
 
 
Тус ангийнхан ажиллаж амьдрах ая тухтай, эрүүл, аюулгүй эко орчинг бүрдүүлж чадсан агаад машины зогсоол, тавиулан хүрэх замыг эс тооцвол анги бүхэлдээ цэцгээр хүрээлэгдсэн ажээ. Бас ангийн хашааны өмнө талбайд төрөл бүрийн мод, бут тарьж, усан оргилуур, газрын зургийн хэлбэрийг илэрхийлсэн хиймэл нуур, хүрхрээ, сүүдрэвч гээд л нөөц боломж, гар доорх материалаа ашиглан юмханаар юм хийж болдгийн бодит жишээг харуулж байна.
 
Түүнчлэн ангийн штаб, гэрээт болон хугацаат цэргийн байрууд, хооллох заалны засвар тохижилтын ажлыг өрнүүлжээ. “Монгол цэргийн жавхаа” уралдаан даанч Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын дунд явагдах юм, хэрэв алслагдсан анги оролцдог бол манай анги нэлээд дээгүүр “давхих” байх шүү гэж ангийн удирдлагууд тоглоом наргиан болгон ярьж байна лээ.
 
Ёстой л биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шиг тэд өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдрах байраа сүндэрлүүлж, ажиллах орчноо тохижуулчихаад орон нутгийн бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулан дутуу зүйлгүй ажиллаж байгааг хараад бахархах сэтгэл төрж байлаа. 
 
БАЙЛДАГЧИД МЭРГЭЖИЛТЭЙ БАС ДАДЛАГАТАЙ...
 
  Эх орныхоо дуудлагаар эр цэргийн албанд мордож, энэ ангид хуваарилагдсан дайчдад ашигтай давуу тал олон бий. 40-50 цэргийн алба хаагч аймгийн МСҮТ-д барилгын өргөн мэргэжлээр алба хаах эхний хагас жилийн турш суралцаж, сүүлийн хагас жилд нь ангийнхаа бүтээн байгуулалтад оролцон дадлагаждаг. 
 
Халагдахдаа хүнд үзүүлэх мэргэжлийн үнэмлэх, хийж бүтээх хүсэл тэмүүлэл, дадлага туршлагыг хуримтлуулаад буцдаг ховорхон боломж олгодог, бас залуусынхаа ирээдүйд тустай уламжлал энэ ангид тогтжээ. Тийм ч учраас байлдагчид алба хаах хүсэл тэмүүлэл, албандаа хандах хандлага, урам зориг, өөртөө итгэх итгэлээр төгс юм.
 
ТОП-50 БАЙГУУЛЛАГЫН ЭГНЭЭНД... 
 
  Бие биедээ итгэж, нэг нэгнээ дэмжиж, хайрлаж хүндэлж чаддаг хамт олон төлөвшсөн гэж ангийн захирагч, хурандаа Ж.Баатарзориг бие бүрэлдэхүүнээ бахархан ярьж байна лээ. Миний хэдэн орлогч, миний хэдэн бор цэргүүд гэдэг үгийг байсгээд л унагах тэрбээр хамт олныхоо хүч хөдөлмөрийг үнэлж, хайрлаж, бас зэмлэж чаддаг юм билээ. 
 
Залуучууд л юм болохоор хааяа бор дарс хүртчихээд, бусдынхаа чихийг халууцуулах тохиолдол байсан, харин одоо тийм хүнгүй, бүгдээрээ л хийсэн бүтээсэндээ урамшиж, илүү ихийг хийж бүтээе гэсэн хүсэл тэмүүллээр жигүүрлэх болсон. Арга ч үгүй юм орон нутгийн ард иргэд бидний хөдөлмөрийг үнэлж, хийсэн бүтээснээр минь бахархаж, урамшуулан дэмждэг болоод л тэр шүү дээ.
 
Орон нутагт баригдах томоохон барилга байгууламжийг болж өгвөл манайхаар л хийлгэх гээд байдаг болсон гэж тэрээр сэтгэл хангалуун өгүүлсэн. Ард түмний санал асуулгаар шалгаруулдаг Топ-50  байгууллагын нэгээр шалгарч, Засгийн газраас олгодог “Монголын төлөө” шагналын эзнээр тодорсон нь тус ангийн бахдам амжилт, нэр хүнд, хөдөлмөр зүтгэлийг илтгэнэ.
 
 
ЗАМЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХОМС
 
Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагчийн орлогч, Ерөнхий инженер, хошууч Ц.Амарсайхантай ярилцаж суухдаа түүний хичээл зүтгэл, бүтээлч санаачлагаар бахархаж байлаа. Түүнийг 40 айлын орон сууц, услалтын систем, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн иж бүрэн засвар гээд л бүхий л ажилд голчлон оролцож, Ерөнхий инженерийнхээ мэдлэг дадлага, ур чадварыг дайчлан ажилладгийг ангийн захирагч нь бахдан ярьсан юм.
 
Харин хошууч Ц.Амарсайхан Манай ангид барилгын ажил өрнүүлэх дадлага туршлага, хүн хүч, нөөц бий, зарим нэг техник хэрэгсэл дутмаг ч байгаа боломжоо ашиглаад бүтээн байгуулалт өрнүүлж л байна. Санаагаар болдог бол Зам, барилгын чиглэлийн хэдэн сайхан техник “сойчихоод” дутагдах юмгүйгээр зам тавьж, барилга барих юмсан гэж ярьсан.
 
Ноднин бид 40 айлын орон сууц барих гэж энгийн цэргийн, эрэгтэй эмэгтэйгүй ханцуй шамлаад л орсон. Түүнийхээ хүчээр бид ая тухтай амьдрах байртай, залуус нь ажлын дадлага туршлагатай сууна гэж ярьсныг тэмдэглэлийнхээ төгсгөлд дурдахад таатай байна.
 
Ахлах дэслэгч Д.МЭНДБАЯР