sonin.mn
БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Мөнх-Очиртой уулзаж 300 айлын орон сууцны асуудлаар тодруулга авлаа.
 
-300 айлын орон сууцны барилгын ажил эхлээд хоёр жил өнгөрч байна. Барилга дуусах шатандаа явж байгаа. Саатаж байгаагийн шалтгаан нь дулааны асуудал. Одоо хаана нь хэн ямар алдаа гаргав гээд асуугаад байх цаг бидэнд алга. 
 
300 өрхийн эрх ашгийн асуудал учраас бид гарц олж, шийдвэрлэх ёстой. Дулааны асуудлыг шийдэхийн тулд нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө шаардлагатай байна. 
 
Энэ хөрөнгийг босгох хэрэгтэй байгаа учраас дээрх 300 өрхийг төлөөлсөн орон сууцны комисс, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох газар хэлтсүүд  зөвшилцөж гаргасан хувилбараа Батлан хамгаалахын сайдын зөвлөлд танилцуулсан.
 
Хэрэв оршин суух хүмүүс нь зөвшөөрвөл хэрэгжүүлж болох юм гэсэн шийдвэрийг өгсөн. Хувилбар гэдэг нь хоёр жилийн өмнө албан тушаалын орон сууц гэсэн томъёоллоор батламж олгосон боловч одоо Засгийн газрын 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж хувийн орон сууцтай болгох боломжийг нь хангаж өгье гэсэн шийдэл юм.
 
Ингэснээр тухайн үеийн зах зээлийн үнээр, буюу м2 нь 1 сая орчим төгрөгөөр байраа худалдаж авах бололцоо гарч байгаа юм. Эхний ээлжинд айл тус бүр 5 сая төгрөг гаргахаар болж, энэ талаар 300 айлын төлөөлөлтэй уулзаж санал авсан.
 
Ер нь бүгд дэмжсэн. Одоогоор дотроосоо комисс томилогдоод ажиллаж байна. Татгалзаж, албан тушаалын орон сууцанд орно гэвэл дараагийн ээлжийн албан тушаалын орон сууцанд орох эрх нь нээлттэй.
 
-БХЯ, ЗХЖШ ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ?
-Нэн түрүүнд албан тушаалын орон сууцыг алба хаагчдын хувийн орон сууц болгох эрх зүйн өөрчлөлтийн асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ.
 
Дээрх 300 айлын талаар судалгаа хийж үзэхэд тэтгэвэрт гарах хугацаа нь дөхсөн, гарчихсан зэрэг өөрсдөө хөөцөлдөж, 8 хувийн зээлд хамрагдах боломж хомс хүмүүс цөөнгүй бий. Тэгэхээр бид эдгээр хүмүүсийн жагсаалтыг гаргаж, арилжааны банкинд хандана. Урьдчилсан байдлаар ярьж тохирсон зүйл байгаа.
 
-Өөрөөр хэлбэл БХЯ зээлэнд хамруулах ажлыг хариуцна гэсэн үг үү?
-Арилжааны банкуудын тавьсан шаардлага нь БХЯ эдгээр хүмүүсийг ажлын байраар тогтвор суурьшилтай хангах, тэтгэмжийн хэмжээ зэрэг баталгааг хангалттай гаргаж өгвөл нэгдсэн жагсаалтаар шийдвэрлэх боломжтой гэсэн байдлаар хандаж байна. 
 
Яриа хэлэлцээр хийж, энэ бололцоог хангахаар ажиллаж байгаа. Аль болох хүндрэл багатай, ашигтай нөхцөл боломжийг олгохоор БХЯ, ЗХЖШ-ын орон сууцны комисс ажиллаж байна.
 
Айл бүрээс 5 сая төгрөг…
 
Орон сууцны түр комиссын дарга, бэлтгэл хурандаа М.ГАНШИР:
 
  -300 айлын орон сууцанд орох хүмүүс хуралдаж орон сууцны түр комиссыг байгууллаа. Комиссын дэд даргаар бэлтгэл дэд хурандаа н.Аманжол, 310 дугаар ангийн Санхүүгийн дарга, дэд хурандаа н.Хүрэл санхүүгийн асуудлыг хариуцан ажиллаж байна.
 
Энэ гурван хүний нэр дээр нэгдсэн данс нээгээд ангиудын төлөөлөлд мэдэгдсэн. ЗХЖШ-аас орох хүмүүсийн нэрс, хэдэн давхарт, хэдэн м2 байранд орох вэ гэдгийг тодорхой болгож нэрсийг өгсөн. Эдгээр хүмүүст мэдээллийг хүргэсэн.
 
Цэвэр, бохир ус, халаалтын системийн техникийн нөхцөл нь гараагүй байж байгаад саяхан гарсан. Үүнийг гүйцэтгэж биелүүлэхэд шаардлагатай 1 тэрбум 700 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд айл бүрээс 5 сая төгрөг татаж, 200 саяыг БХЯ гаргаж байгаа. 
 
Энэ 5 сая төгрөг байрны үндсэн үнээс хасагдаж тооцогдох юм. Түр комиссын хувьд нэгдүгээрт мөнгө төвлөрүүлэх, бохир, цэвэр ус, халаалтын ажлыг хийх компаниудтай гурвалсан гэрээ байгуулж, шаардагдах төсвийг дүрэм журмын дагуу шилжүүлж хяналт тавих үүрэг хүлээж байна. 
 
Одоогийн байдлаар 100-аад сая төгрөг цуглараад байна. Үлдсэн айлуудын хувьд 5 сая төгрөгөө 8 дугаар сарын 15-ны дотор өгөх шаардлагатай байгаа.
 
-Хэзээ ашиглалтад орох бол?
-Оноос өмнө айлуудыг оруулахаар төлөвлөсөн. Гэхдээ тал талаасаа анхаарал хандуулж ажиллах зайлшгүй шаардлагатай. Тодруулах асуудал байвал 99161549 дугаараар холбогдож болно.
 
Хаан банк: 5920031050