sonin.mn

Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбож дуусгах зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд өнгөрсөн 2013 онд Баянхонгор, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн төв Улаанбаатартай холбогдсон. Энэ онд мөн 4 аймгийн төвийн замыг нийслэл хоттой холбохоор төлөвлөсний нэг нь Хөвсгөлийн зам бөгөөд энэ ажил Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд үргэлжилж байна.

Монгол хүн аймаг, сумандаа тав тухтай ажиллаж, амьдрах боломж олгох нь Засгийн газрын гол зорилт. Энэ хүрээнд “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлж буй. Өнгөрсөн онд Баянхонгорын хоёр, Дорноговийн нэг суманд томоохон хөрөнгө оруулалт хийж, эдгээр сумын иргэд орон нутагтаа ая тухтай амьдрах боломжтой болж эхэлсэн. Энэ 2014 онд 16 сумын төвд энэ шинэчлэлийг эхлээд байна. Эдгээр сумын нэг нь Булган аймгийн Худаг-Өндөр сум юм. Шинэчлэлийн Засгийн газрын орон нутагт хийж буй анхны хуралдаанаа анхдагчдын өлгийн нутагт зохион байгуулж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг  хэллээ.

Засгийн газрын хуралдааны эхэнд Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Хутаг-Өндөр сумын Засаг дарга Б.Жаргалсайхан нар аймаг, сумынхаа нийгэм, эдийн засаг болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ хуралд Хутаг-Өндөр болон харьяа сумын ард иргэд оролцож, Орон нутгийн хөгжлийн сан, Сумын хөгжлийн сангийн хөрөнгөөр орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар санал сэтгэгдлээ хэллээ.

Зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд зээлийн хөрөнгөөр сум, багийн хэмжээнд ямар ажил хийж бүтээснээ тайлагнадаг болох нь зүйтэй гэж Засгийн газрын тэргүүн энэ үеэр хэллээ.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Булган суманд баригдаж буй дулааны станцын гүйцэтгэл 60 гаруй хувьтай байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас тусламж хүсч буйгаа аймгийн удирдлагууд хэлж байсан юм. Энэ асуудлыг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо.

Хөвсгөл аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбох ажлыг

энэ онд багтаан дуусгахыг хатуу анхаарууллаа


2014 онд нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбож дуусгах учиртай Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгийн автзамын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ.

Өмнөговь аймгийн зам энэ наймдугаар сард ашиглалтад орно. Бусад замыг гэрээт хугацаанд нь буюу ондоо багтааж ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна. Эдгээр замын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдсэн. Зам барилгын компаниуд ажлаа чанартай гүйцэтгэх хэрэгтэй. Энэ асуудалд Зам, тээврийн яам гол анхаарлаа хандуулж ажиллаж байна гэж салбарын сайд ярилаа.

Хөвсгөл аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбох ажлыг энэ онд багтаан чанартай барьж дуусгахыг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед Хөвсгөл, Булган аймгийн Засаг дарга нар болон Хөвсгөлийн замд тендер авч ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгжийн удирдлагууд оролцлоо.

 

“Сумын төвийн шинэчлэл” төсөлд иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа

“Сумын төвийн шинэчлэл” төслийг энэ онд 16 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг тухайн аймаг, орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж, хуулийн дагуу тендер зарлан ажлыг эхлүүлээд байна гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцууллаа.

Энэ хүрээнд 10 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулж, 20 гүний худаг, усан сан, цэвэр болон бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, дулааны станц барьж байгуулахаар төлөвлөжээ.

Төсөл хэрэгжсэнээр төсөлд хамрагдсан сумдын 43 мянга орчим хүн эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын шугамд холбогдохын зэрэгцээ төвлөрсөн дулаан хангамжтай, тав тухтай орчинд ажиллаж амьдрах боломжтой болох юм.

Сумын төвийн шинэчлэл төсөлд хамрагдсан Булганы Хутаг-Өндөр суманд л гэхэд цэвэр усны 4270 м, бохир усны 4300 м, гадна цахилгааны 9100 м агаарын шугам, цэвэрлэх байгууламж, гүний худаг, насосны станц, 1,5 км автозам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон тохижилтын ажлууд хийхээр төлөвлөгджээ.

Сумын шинэчлэпд зарцуулах 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад иргэд хяналт тавихаас гадна өөрсдийнх нь оролцоо өндөр байх учиртай. Хутаг-Өндөр сумын иргэдийг энэ ажилд идэвхтэй оролцож, амьдрах орчноо сайжруулахын төлөө сэтгэл гарган ажиллахыг Ерөнхий сайд уриалаад төслийн ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.

 

Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг эрчимжүүлнэ

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн шугамаар хэрэгжиж байгаа төсөл, орон нутгийн гэгээрэл хөгжлийн төв, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Үүнд:

    Албан бус боловсролын үйлчилгээг насан туршийн боловсролын тогтолцоо болгон өргөжүүлж, иргэдэд тасралтгүй боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох хүрээнд аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төвүүдэд Германы Олон улсын хамтын ажиллагааны шугамаар хэрэгжиж буй мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хөтөлбөрийг дүйцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ авах,
    Зарим аймаг, дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын хөтөлбөрт мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хөтөлбөрийг тусгаж, туршин хэрэгжүүлэх,
    Ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагчдыг ирээдүйн ажил, мэргэжил, дараа шатны сургалтын байгууллагад бэлтгэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор тэдний сонголтыг харгалзан агуулгаар сургалт зохион байгуулах, сургалтын агуулгыг багц цагаар хэмжих, ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр их, дээд сургууль, политехник коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөтөлбөр хоорондын уялдаа, агуулгын залгамж холбоо, сонголтыг уян хатан болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах,
    “Хүүхэд, залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөр” боловсруулж, батлуулах зэрэг багтжээ.

 

Зарим аймаг, сумдад үр тарианы агуулах байгуулна

Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцуулж, Засгийн газар дараах шийдвэрийг гаргалаа.

Арьс ширний гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг арьс ширний бэлтгэлтэй уялдуулан шуурхай зохион байгуулан энэ оны 11 дүгээр сард багтаан үр дүнг нь танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарт даалгалаа.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус салбарт хэрэгжүүлэх “Сүүний хөргөлтийн төв” байгуулах, “Хөдөө аж ахуйн трактор, техник худалдан авах”, “Үр тарианы элеватор байгуулах” төслүүдийн тусгайлсан гэрээ байгуулах бэлтгэл хангахыг Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаярт үүрэг болгов.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг ханган БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 15, Сэлэнгийн Баянголд 16, Увсын Баруунтуруун, Хэнтийн Өмнөдэлгэр, Дорнод аймагт тус бүр 20 тн-ын агуулах барих “Үр тарианы элеватор байгуулах” төслийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Ш.Түвдэндорж сайдад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

 

Хөдөөгийн хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар танилцууллаа

Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд аймгуудын Нэгдсэн эмнэлэгт оношилгооны төв байгуулж, аймаг, сумын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр хөдөө, орон нутгийн иргэд орон нутагтаа өндөр техник технологийн аппарат, тоног төхөөрөмжөөр оношилгоо хийлгэх, эмчлүүлэх нөхцөл боломж сайжирсан нь хот зорин зардал гаргаж, чирэгдэл болох, иргэдийн эдийн засгийн болон сэтгэл зүйн дарамтыг бууруулсан ач холбогдолтой. Нөгөө талаасаа хотын эмнэлэг, төвүүдийн ачаалал тодорхой хэмжээгээр буурч байна гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа. Манай улсын нийт хүн амын 53 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хөрөнгө оруулалтын багцын төсвөөс Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Увс, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь зэрэг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд Оношилгооны төв байгуулж, 20 гаруй нэр төрлийн аппарат, багаж тоног төхөөрөмжийг нийлүүлснээр энэ 3 сарын хугацаанд 85 мянга гаруй хүнд үйлчилжээ. Зөвхөн эдгээр 11 аймгаас Улаанбаатар хотыг зорьж оношилгоо, эмчилгээ хийлгэх иргэдийн урсгалыг 25 хувиар бууруулсан байна.  

Гэсэн ч хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдаж буй гол асуудал нь хүний нөөц юм гэж сайд хэлж байна. Тухайлбал, хөдөө орон нутагт 10 мянган хүн ам тутамд ногдох их эмч 21,9, сувилагч 32,7 байхад Улаанбаатар хотод эмч 40,8, сувилагч 37,5 байгаа нь орон нутагт эрүүл мэндийн ажилтан, эмч мэргэжилтний хомсдол үүссэн байгааг харуулж байна гэж сайд танилцуулж байлаа.

Танилцуулгатай холбогдуулан яамд, орон нутгийн удирдлага хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, Хүн амын эрүүл мэндийн төлөөх түншлэлийн баримт бичигт тусгагдсан өөрийн салбарын ажлыг хэрэгжүүлэн хамтран ажиллахыг сайд, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

 

“Адуучин-2014” тэмцээн энэ сарын 23-нд болно

21 аймгаас шилдэг 21 адуучин эр зориг авхаалж самбаагаа сорьж, “Эр зориг” буюу уурга ташуур шүүрэх, морьтой буюу явган уургалах, бугуйлдах, эмнэг хангал булгиулах 4 төрлөөр өрсөлддөг “Адуучин” тэмцээн энэ сарын 23-нд Хүй долоон худагт болно. Ерөнхий сайдын ивээлд болдог энэхүү тэмцээнд энэ жил мөн аймаг, сумдаасаа шалгарсан шилдэг 21 адуучин оролцоно.

Монгол нүүдэлчдийн түүх соёл, ёс заншил, Монгол адууны уламжлалт соёлыг тээн хадгалж, үндэснийхээ түүх соёлыг бодитоор нотлон харуулахад энэхүү тэмцээн нь ач холбогдолтой гэж Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл танилцуулаад уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй гэж саналаа хэллээ.

Ирэх жилээс “Адуучин” тэмцээнийг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт тусгаж зохион байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Мөн аймаг, сумын “Адуучин” тэмцээний товыг оны өмнө тодорхой болгож, аялал жуулчлалын хуанлид тусгаж байхаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.