sonin.mn
-МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын хамт олон ирэх оны нэгдүгээр сард АНУ-ын FAR-145 хэмээх гэрчилгээг авах зорилт тавин ажиллаж байна-
 
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн Агаарын хөл­гийн засвар үйлчилгээний га­зар анх удаа БОИНГ-767300 онго­цонд иж бүрэн засвар, үйлчилгээ хийж байна. Тодруулбал, Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын 87 хүний бүрэлдэхүүнтэй, инженер, техникийн баг Тай­ландын авиа компанийн онгоц бо­лох БОИНГ 767300 маркийн он­гоцонд С12 төрлийн их засварыг хийж, гүйцэтгэж байгаа юм.
 
Тайландын авиа компанийн тус онгоцыг Саудын Арабын авиа компани түрээслэн ажиллуулдаг бөгөөд их засварын ажил энэ сарын 22-нд дуусах ажээ. Онгоцны их засварын ажлыг өнгөрөгч долдугаар сарын 15-нд эхлүүлсэн бөгөөд 40 хоногийн хугацаатай хийхээр төлөвлөсөн байна.
 
Зас­вар, үйлчилгээний нийт хөлс нь 1.2 сая ам.долларт багтжээ. Үүнд сэлбэгийн үнэ багтаагүй гэв. Тухайн онгоц хэр эвдрэл, гэм­тэлтэйгээс үйлчилгээний хөлс шалтгаалдаг юм байна.
 
Тус он­гоцны засвар, үйлчилгээнд  нийт 1178 төлөвлөгөөт ажлыг тусгасан бөгөөд энэ нь нийт 20-25 мянган хүн цагийн ажил юм байна. Ингээд бидний хэдэн сэтгүүлч Агаарын хөл­гийн засвар, үйлчилгээний газ­­рын инженер, техникийн ажил­­чид хэрхэн онгоц засварлаж бай­­гаатай танилцахаар МИАТ ко­м­­панийг зорилоо.
 
Хэдийгээр эх­­лүүлсэн ажил нь хараахан дуу­саагүй байгаа боловч Агаарын хөл­гийн засвар, үйлчилгээний газ­рын хамт олон хийж буй зүйлээ бидэнд танилцуулахад сэтгэл хангалуун байгаа нь ярианаас нь илт байв.
 
Онгоцонд их засвар хий­нэ гэдэг машин засахаас тэс өөр. Агаарын хөлгийг монголчууд засч, сэлбэж, сэргээж байна гэж бодохоор өөрийн эрхгүй тэднээр бахархах сэтгэл төрж байлаа. Хэзээд өөрсдийгөө гадныхнаас нэг хуруу дутуу үнэлж ирсэн мон­голчуудын сэтгэхүй эдүгээ 100 хувь өөрчлөгджээ.
 
Хэдийгээр Мон­гол Улсын хөгжлийг АНУ, Япон­той зүйрлэх аргагүй ч мон­голын ирээдүй болсон чадвар­лаг залуус хийж бүтээх эрмүүн их хүсэл, эрмэлзлээр дүүрэн, бол­гож, бүтээхийн төлөө урагшилж бай­гаа нь урамтай санагдсан юм.
 
Агаарын хөлгийн засвар, үйл­чилгээний газрынхан 2005 онд Европын холбооны улсын ир­гэ­ний нисэхийн байгууллага EASA-гаас засвар, үйлчилгээ хийх гэрчилгээг хийх албан ёс­ны зөвшөөрлийг авчээ.
 
Тус бай­гуул­лага нь жил бүр Агаарын хөл­­гийн засвар, үйлчилгээний газ­­руу­дад шалгалт хийж, гэр­чилгээг нь албан ёсоор сунгадаг юм байна. Түүнээс биш олон ул­сын авиа компаниудын зас­вар үйлчилгээний газруудыг эрэмбэл­дэг­гүй гэв.
 
 
Нэг инженерийг бэлтгэхийн тулд 8-10 жил шаардлагатай гэв
МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний га­зар нь нийт 120 ажилтантай бө­гөөд бүгд Канад, АНУ, Япон, БНСУ, БНХАУ зэрэг өндөр хөг­жилтэй орнуудад нисэхийн сур­гууль төгссөн, өндөр боловсрол­той мэргэжилтнүүд юм байна.
 
Тай­ландын авиа компанийн он­гоцны их засварын ажилд дээрх 120 ажилтнаас 87 нь дайч­лагджээ. Олон улсын тавцанд Монгол Улсын нэрийг илтгэх салбаруудын нэг бол яах аргагүй агаарын тээвэр. Тиймээс ч агаарын тээврийн салбарт шилдэг боловсон хүчин ажиллах учиртай.
 
Тэр тусмаа маш өндөр стандарт, шаардлагатай Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газарт хэ­рийн аавын хүү ажилладаггүй гэдгийг Ж.Чулуунжав дарга ярьж байв. Хэчнээн гадаадын сайн сургуульд мэргэжил эзэмшсэн байсан ч бүх инженерүүдэд нэг л шаардлага тавьдаг тухайгаа хэлж байсан юм.
 
Тиймээс ч залуу боловсон хүчнийг “гайгүйхэн” шиг инженер болгохын тулд дор хаяж 8-10 жилийн хугацаа шаарддаг юм байна. Учир нь тэд агаарын тээврийн аюулгүй ажил­лагааг хангаж ажиллах ха­риуц­лагатай үүрэг хүлээсэн.
 
Ер нь онгоцны засвар, үйлчилгээ нь маш нарийн стандарт, шаард­ла­гатай бай­даг аж. Тэдний хий­сэн нэг л засвар стандартад ний­цэхгүй бол онгоц нисэх бо­ломжгүй бол­дог юм байна. Тий­мээс ч маш хариуц­ла­гатай ажил гэдгийг Агаарын хөл­гийн засвар, үйл­чилгээний газ­рын дарга н.Аюуш онцолж бай­лаа.
 
Хуучин нийг­мийн үед Ук­раин, ЗХУ зэрэг социалист улс орнуудад бэлтгэгддэг байсан агаа­рын тээврийн салбарт ажил­лах боловсон хүчнийг эдүгээ өн­дөр хөгжилтэй орнуудад бэлт­гэж, Дани, Герман, Франц зэ­рэг улсуудад мэргэшүүлдэг бол­сон нь сайшаалтай. Ингэхдээ  ихэвч­лэн ажилчидаа БОИНГ-ийн үйлд­вэрт сургаж, бэлтгэсэн бай­н­а.
 
Үүнээс гадна өөр нэг ан­хаарал татаж байсан асуудал бол Монголын Агаарын хөлгийн зас­вар, үйлчилгээний газар хэрхэн га­даад зах зээлд өрсөлдөх болсон тухай юм. Гадаад ертөнц эдүгээ монголыг Чингисээр биш хөгжиж яваа, өсөн нэмэгдэж байгаа эдийн засгаар нь төлөөлөн хардаг болжээ.
 
Уул уурхайн баялгаас гадна монгол хүний оюун ухаан, ур чадварыг бодитоор үнэлж, хүлээн зөвшөөрч байгаагийн нэгээхэн хэлбэр нь энэхүү үйл явдал юм. Олон улсын авиа компаниуд онгоцны засвар, үйлчилгээний ажлыг хийлгэхийн тулд тендер зарладаг аж.
 
Тус тендерт тухайн авиа компанийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газруудын 5-6 шалгуур үзүүлэлтийг үндэслэж, ялагчийг зарладаг байна. МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын хувьд БНСУ, Бирмудын гурвалжингийн улсуудын гэрчилгээг авсан байна. 
 
Харин энэ сард Тайландаас, ирэх оны нэгдүгээр сард АНУ-ын FAR-145 гэх гэрчилгээг авахаар бэлтгэж байгаа аж.
 
Энэ нь тендерт оролцоход тухай засвар, үйлчилгээний газрын нүүр, царай, хэр чадвар, чансаатайг илтгэдэг байна. Тиймээс ч АНУ-ын FAR-145, тус улсын Тээврийн яамны DOT гэрчилгээнүүдийг авснаар тус улсын зах зээлд гарах боломж нь бүрдэх юм байна.
 
Энэ бол мэдээж агаарын тээврийн салбарын хувьд маш том амжилт төдийгүй Монгол Улсын нүүр, царайг гадаад ертөнцөд илтгэх бас нэгэн шалгуур үзүүлэлт болж байгаа юм.
 
Европ дахь Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрууд үүдээ барьж байгаа бөгөөд одоо энэхүү үйлчилгээ Азид төвлөрч эхэлж байгаа юм байна. Тиймээс ч Монгол Улсын хувьд бүс нутагтаа тэргүүлэх зорилт тавин ажиллж байгаа гэлээ.
 
Тайландын авиа компанийн төлөөлөгч Он Гард хэлэхдээ “Би анх Монголд ирэхдээ жижигхэн засвар, үйлчилгээний газар байгаа гэж төсөөлж байсан. Гэтэл бодит байдал дээрээ миний төсөөлснөөс хамаагүй том, хамаагүй сайн инженерүүдтэй байсан. Тэд ажилдаа маш үнэнч хандаж, няхуур, сайн ажиллаж байгаа нь надад таалагдаж байна.
 
Цаашид Монголын авиа компанийн засвар, үйлчилгээний газрын үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлж, гадаад зах зээлд нөлөө бүхий болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.
 
Харин БОИНГ компанийг төлөөлөгч Жефри Ричардс “Би  Монголын иргэний агаарын тээврийн салбарын хөгжилд эргэлзэхгүй байна. Маш өндөр боловсролтой хүмүүс энд ажиллаж байгаа нь надад улам ит­гэл, найдвар төрүүлж байгаа юм. БОИНГ компанийн хувьд 2016 онд 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ.
 
Манай компанийн 100 жилийн түү­хэнд ч бас монголчууд то­дорхой хэмжээнд дурсагдахаар бол­сон нь сайшаалтай. Эцэст нь би Монголд байгаадаа маш их аз жаргалтай байна” гэв. МИАТ компанийн хувьд өмнө нь хэд, хэдэн удаа БНСУ зэрэг орнуудын авиа компанийн онгоцонд засвар, үйлчилгээ хийж байсан бөгөөд энэ удаагийн их засвар анхных нь юм байна.
 
Түүнчлэн төлөвлөсөн хугацаандаа л дуус­гах ёстой бөгөөд энэ сарын 22-ны өглөө их засварын ажил дууссанаар БОИНГ 767300 нислэг үйлдэхэд бэлэн болох юм байна. Одоогийн байдлаар БНСУ-ын авиа компаниудтай дараагийн гэрээнүүдийг үзэглээд байгаа бөгөөд цаашид бүс нутагтаа тэргүүлэх зорилт нь тун удахгүй ажил хэрэг болсон таатай мэдээг бидэнд дуулгах биз ээ.
 
Эх сурвалж: " Зам тээврийн яам"