sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар хийгдэж буй Шүүхийн болон Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан хуулийн дагуу түүхэн уламжлалт Тахарын алба байгуулагдан тодорхой үе шаттайгаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.
 
Тахарын алба нь Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн тамгын газар, Иргэний нийгмийн байгууллагуудын гүйцэтгэж байсан чиг үүргийг нэгтгэх Төрийн бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг.
 
Ингэснээрээ Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг Шүүх бүрэн төрийн хамгаалалтад орох эрх зүйн үндэс бүрдсэн. Ялангуяа иргэнийхээ үүргийг биелүүлж шүүхэд мэдүүлэг өгөх гэрчийг зөвхөн нотлох баримтын эх сурвалж болгон ашигладаг байсныг өөрчилсөн.
 
Түүнчлэн гэмт хэргийн улмаас хохирсон иргэдэд үзүүлэх дэмжлэг, туслалцаа, хамгаалах чиг үүргийг Монгол Улсын Төр өөртөө бүрэн авсан.
 
Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч хууль сахиулах Тахарын алба нь Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтаныг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтаныг эрэн сурвалжилж баривчлах, гэмт хэрэгтэн шилжүүлэх үндсэн чиг үүрэгтэй.
 
Тахарын алба нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэнээс хойш ажиллах эрхзүйн орчноо бүрдүүлэх, батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллагад 3-аас доошгүй жил ажлласан алба хаагчдаас сонгон шалгаруулах ажлыг шат дараалалтай хэрэгжүүлсээр байна.
 
Тахарын алба нь чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын шүүх байрлаж байгаа бүх газарт үйл ажиллагаа явуулдаг. 
 
Өнөөдөр буюу 2014.07.31-ний өдөр Тахарын алба хуульд заасны дагуу Тахарын албаны тугийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс Тахарын албаны дарга Ц.Азбаяр хүндэтгэлтэйгээр хүлээн авч олон жилийн уламжлалтай боловч шинэ хууль сахиулах байгууллага Тахарын албаны хувьд түүхэнд тэмдэглэх баярт өдөр болж байна. 
 
Түүнтэй зэрэгцэн өнөөдөр Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа эхэлсэн 8 тойргийн нийт 160 орчим төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэх хууль сахиулагчид нэгэн зэрэг Төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөн цол, үнэмлэх, албаны тэмдэгээ хүлээн авлаа.
 
Ийнхүү Тахарын офицерүүд хуулийн дагуу үүргээ хэрэгжүүлэх эрх олгогдлоо.