sonin.mn
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмнөх талбай, Жуковын талбай, 13 дугаар хорооллын автобусны буудлын зүүн талд Торгоны зам дэлгүүрийн өмнөх талбай, Сансарын тунелийн талбай гэсэн дөрвөн цэгт  2014 оны 08 дугаар сарын 02-ноос  11 дүгээр сарын 01-нийг хүртэл долоо хоног бүрийн бямба, ням гарагт дүүргийн “Сайн өдөр”-ийн зах ажиллахаар болжээ.
 
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, иргэд, худалдан авагчиддаа ченжгүй худалдан авалт хийхэд нь зориулж, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Сайн өдөр”-ийн зах ажиллуулах захирамж  гаргасан хэмээн дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллэсэн.
 
Ирэх бямба гарагийн 09.00 цагаас эхлэн долоо хоног бүрийн хагас, бүтэн сайнд дээрх дөрвөн байршилд гарах асар бүхий захад худалдаа үйлчилгээ хийх иргэдийн бүртгэлийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст авч байгаа юм байна.
 
Тус хэлтэст бүртгүүлсэн үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг, эх орны хөрсөндөө тарьсан хүнсний ногоо тариаланчид болон сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаачид “Сайн өдөр”-ийн захад худалдаа хийхдээ ямар ч түрээс, шимэтгэл төлөхгүй бөгөөд харин тухайн долоо хоногийн бямба гарагийн өглөө хамгийн түрүүнд ирсэн иргэд хамгийн сайн байрлалд зогсож худалдаа эрхлэх боломжийг авах эрхтэй гэдгийг зохион байгуулагчид анхааруулж байсан. 
 
Харин худалдан авагчдын хувьд үндэсний үйлдвэрлэлээ үйлдвэрлэгчийн гараас нэмэгдсэн үнэгүйгээр худалдан авч байгаагаараа онцлогтой юм байна. Тиймээс иргэд та бүхэн ирэх бямба гарагаас эхлэх сайн өдрийн захаас өөрийн хэрэгцээт бараагаа цуглуулахдаа бэлтгээрэй.
 
Баянзүрх дүүрэгт гарч байгаа “Сайн өдөр“-ийн зах дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмнөх талбай, Жуковын талбай, 13 дугаар хорооллын автобусны буудлын зүүн талд Торгоны зам дэлгүүрийн өмнөх талбай, Сансарын тунелийн талбай гэсэн дөрвөн цэгт гарах юм байна.