sonin.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12.0 хувь болгох шийдвэр гаргалаа.

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2014 оны 6 дугаар сарын эцэст улсын хэмжээнд жилийн 14.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 15.1 хувьд хүрчээ. Эдийн засгийг тогтворжуулах, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бага, тогтвортой түвшинд байлгах зорилгоор хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд хөтөлбөрт хамрагдах барааны үнийн өсөлтийн инфляцид үзүүлэх шууд нөлөөлөл нь 2010-2012 оны дунджаас 5.5 дахин буурсан байна.

Гэвч гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад цэвэр актив буурч байгаа хандлага сүүлийн 2 жилийн турш үргэлжилж, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалтууд буурахгүй байгаа аж. Түүнчлэн гадаад валютын орох урсгал, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээний үр дүн хангалттай бус байна.

Иймд төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг эрчимжүүлэхгүй байлгах, дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн бодлогын энэхүү арга хэмжээг авч байна гэж Монголбанкнаас мэдээллээ.

2014 оны эцэст орон сууцны ипотекийн зээлээс бусад хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл өмнөх оноос 766 тэрбум төгрөгөөр буурахаар байгаатай уялдан мөнгөний бодлогын энэхүү шийдвэр нь төсвөөс гадуурх санхүүжилтийг оруулсан нэгдсэн төсвийн зохистой бодлоготой хамт хэрэгжих нь илүү үр дүнтэй байна. Төлбөрийн тэнцлийн дарамтыг арилгаж, эдийн засгийг хүндрэлээс гаргахын тулд төсвийн тогтвортой байдлыг хангаж, экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын орох урсгалыг эрс сайжруулах нь чухал хэвээр байна гэж тус банкнаас үзжээ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг