sonin.mn
“Монголын иргэний агаарын тээвэр” /МИАТ/ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нарын шамшигдуулсан гэх 291,708 ам.доллар буюу 338 сая төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлого болгожээ.
 
Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн нарыг өнгөрсөн 2008 онд МИАТ ТӨХК-иас электрон тийзийн дэмжлэг төлбөр гэх нэрээр, нийт таван удаагийн хууль бус үйлдлээр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг-Конг руу 338,447,181,36 төгрөгийг шилжүүлж, МИАТ ТӨХК-д онц их хэмжээний хохирол учруулсныг шүүхээс тогтоосон юм.
 
Уг хэргийг Улсын дээд шүүхэд хэлэлцэн, тус компанийн удирдлагын багт ажиллаж байсан зургаан хүнд холбогдох мөнгө угаасан гэх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлсэн билээ. 
 
Тухайлбал, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт долоон жил, Ч.Хоролсүрэнд найман жил, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Голомт банкны VI салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг тус тус гурван жил хорих ялаар шийтгэж, ялыг хөнгөрүүлсэн бол Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтохын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
 
Я.Баяр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг