sonin.mn

КИЕВ. /NHK/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоцыг пуужингаар буудан унагаасан хэргийг мөрдөн шалгах олон улсын шинжээчдийн багийн гишүүд Украины зүүн нутагт ослын бүсэд өнөө хэр нь шалгалт хийх боломжгүй байна.

Украины арми болон Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүд хоорондоо байлдсаар байгаагийн улмаас Нидерланд, Австрали болон бусад улсын 49 шинжээч мягмар гарагт гурав дахь хоногтоо “MH17”-гийн ослын бүсэд хүрч чадсангүй.

Украинд байгаа Австралийн Гадаад харилцааны сайд Жули Бишоп “Энэ хэргийг мөрдөн шалгах нь хүмүүнлэгийн ажиллагаа бөгөөд шинжээчдийн багийнхныг аль болох хурдан ослын бүсэд аюулгүй хүргэх хэрэгтэй байна” гэсэн юм. Салан тусгаарлах үзэлтнүүдийг зэвсгээр хангаж, байлдааны сургуулилт явуулсаар байна гэж ОХУ-ыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шүүмжиллээ.

ОХУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ Европын Холбоо өчигдөр чангатгасан билээ. АНУ ч ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг