sonin.mn

БРЮССЕЛЬ. /АР/. ОХУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ Украины зүүн нутагт Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysian Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц осолдсонтой холбогдуулан Европын Холбоо /ЕХ/ чангатгалаа. ЕХ-ны сайд нарын түвшний уулзалт өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо болж, ОХУ-д нэмж хориг арга  хэмжээ авахаар болсон юм.

Уг уулзалтын дараа ЕХ-ны Ерөнхийлөгч Херман Ван Ромпей мэдэгдэл хийсэн байна. Энэ мэдэгдэлд “Шинээр авч буй хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын санхүүгийн  байгууллагуудын ЕХ-ны хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарлана” гэжээ. ОХУ-ын зэвсгийн худалдаанд ЕХ мөн хориг арга хэмжээ авахаар болсон байна.

Мөн уг мэдэгдэлд “Украины нөхцөл байдал нэн даруй, шийдэмгий хариу арга хэмжээ авахыг шаардаж байна. Малайзын онгоцоор зорчиж байсан гэм зэмгүй 300 орчим хүн хүчирхийлэл даамжирсны улмаас амиа алдлаа” гэжээ. Энэ оны гуравдугаар сараас хойш ОХУ-д ЕХ хориг арга хэмжээ авсаар байгаа билээ.

Хориг арга хэмжээний хүрээнд Ерөнхийлөгч Владимир Путины холбоотнуудыг ЕХ-ны гишүүн улсууд руу нэвтрэхийг хориглож, дансыг нь хаасан юм. Ажиглагчдын үзэж буйгаар, нэмж хориг арга хэмжээ авсныг ОХУ эрс шүүмжилж, Европын улсуудтай харилцаагаа эргэн харахад хүрч магадгүй.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг