sonin.mn

Далан хоёр орныг эгнээндээ нэгтгэдэг Дэлхийн ур чадварын холбооны ерөнхийлөгч Саймон Бартли Монгол Улсад айлчилж байна.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ноён Саймон Бартлиг өчигдөр хүлээн авч уулзаж, ажил хэргийн яриа өрнүүллээ. Энэ үеэр ноён Саймон Бартли Монгол Улс Дэлхийн ур чадварын холбооны 69 дэх гишүүн болсон нь чухал ач холбогдолтой болохыг онцлоод, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээг хангасан ажилчин бэлтгэх нь эдийн засагт давуу тал бий болгоно.

Ирэх жил Бразил улсад зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс мэргэжилтэй ажилтнаа амжилттай оролцуулахын тулд багш нарыг бэлтгэх нь асар чухал гэсэн зөвлөмж өгөв. Үүнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав багш нарыг бэлтгэх асуудал чухал гэдэгтэй санал нэгдээд зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой эсэхийг лавлалаа.

Мөн Монгол Улс мэргэжилтэй ажилтнуудыг урт, богино хугацааны сургалтаар дамжуулж, бэлтгэж байгаа. Гол ажиллах хүчин барилга, авто замын салбарт, тэр дундаа ажил олгогчийн захиалгаар гагнуурчин ,токарьчин  барилгын өрөг, угсрагч, оёдолчин бэлтгэгдэн гарч байгаа гэдгийг тодотголоо. Ноён Саймон Бартли Белорусь улс олон улсад нэр хүндтэй багш нарыг өөрийн улсдаа авч багшлуулдаг гээд аж үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх нь илүү чухал гэсэн юм.

Хөдөлмөрийн яам бие даан байгуулагдан ажиллах болсноор мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоо шинэ шатанд гарч, хавсарга байдлаар үйл ажиллагаа эрхэлж ирсэн Мэргэжлийн сургалт  үйлдвэрлэлийн төвүүд сэргэж, чадвартай мэргэжилтэй ажилтнууд бэлтгэгдэх болсон юм. Өнгөрсөн жил 6000 орчим мэргэжилтэй ажилтан бэлтгэгдсэн бол энэ жил ажил олгогчдын захиалгаар 6500 мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж байна.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг