sonin.mn
Үндэсний өдөр тутмын "Өглөөний сонин"-ы Эрэн сурвалжлах албан дарга, сэтгүүлч Р.Саруултөгст холбогдох хэргийг өнөөдөр 14:00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхны шатны нэгдүгээр шүүхэд хаалттай хэлэлцэж эхэлсэн талаар манай сайт мэдээлсэн. ХБНГУ-д Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Б.Даваадорж түүнийг Эрүүгийн хуулийн 111.2-оор бусдыг гүтгэсэн, нэр хүндийг нь гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр гомдол гарган, эрүүгийн хэрэг үүсгүүлээд байсан юм.Тэгвэл хэдхэн хормын өмнө шүүгч шийдвэрээ гаргаж, Эрүүгийн хуулийн 24.1.1-д заасныг үндэслэн сэтгүүлч Р.Саруултөгст холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болголоо.Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөө тэр дундаа сэтгүүлч эх сурвалжлаа хамгаалах эрхтэйг шүүх энэхүү шийдвэрээрээ нотоллоо.
 
Албан тушаалтны авлига, хээл хахууль болоод хаалганы цаана байгаа зүйлийг нийгэмд ил болгохын төлөө эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчдийг сүүлийн жилүүдэд шүүхэд дуудах нь элбэг болсон. Эрх мэдэлтнүүд үүнийгээ “Нэр төрд халдсан” гэх ганцхан өгүүлбэрээр хаацайлдаг. Ингэхдээ мэдээлэл өгсөн эх сурвалжаа хэлбэл гомдлоо буцааж татна гэх зэрэг тохироо хийхийг санал болгодог нь нууц биш. Тэгвэл энэ удаад ч гэсэн "Өглөөний сонин"-ы Эрэн сурвалжлах албаны дарга, сэтгүүлч Р.Саруултөгсийг “Нэр төрд халдсан” гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч тал гомдол гаргаж, эх сурвалжлаа хэлэхийг шаардаж байсан аж.
 
Тэгвэл шүүх бүрэлдэхүүн сэтгүүлчийн талд шийдвэрээ гаргаж, үнэний төлөө бичих үзгийг нь улам хурцалж өглөө.
 
Э.Сүрэн