sonin.mn
Украин Улсын Донецк хотноо суралцаж буй оюутнуудыг өөр хотод шилжүүлэн суралцуулах тухай шийдвэрийг Украины Боловсролын яамнаас гаргаад байна. Үүнтэй холбогдуулан Киев дэх Консулын төлөөлөгч Х.Болдхуягаас нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах, оюутнуудыг аль аль хот руу шилжүүлэх, өөрсдийнх нь саналыг асуусан эсэхийг тодрууллаа.
 
Тэрбээр энэ асуултад хариулахдаа,  “Украинд 150 орчим монгол оюутан суралцдаг. Үүнээс Донецк, Донбасс хотод 11 орчим бий. Эдгээр хотод суралцаж байгаа бүх оюутнуудыг өөр хотруу шилжүүлэх тухай шийдвэрийг Украины Боловсролын яамнаас гаргаад байна.
 
Луганск, Донбасс, Донецк хотын их, дээд сургуулиудад энэ хичээлийн жилд суралцах асуудлаар хүүхдүүд өргөдөл гаргаагүй учраас сургуулиуд нь түр хаагдаж байгаа юм байна. Нүүлгэн шилжүүлэх асуудлыг Украины Боловсролын яамнаас зохион байгуулж байгаа.
 
Дээрх хотуудад суралцаж буй оюутнуудын  мэргэжил, ангийг албан тоотоор Украины Боловсролын яаманд гардуулна,  хариуг Украины тал өгөх юм. Урьдчилсан байдлаар Днепропетровск хотын уулын их сургуульд манай оюутнуудыг шилжүүлэх мэдээлэл аваад байна.
 
Зарим оюутнууд саналаа хэлж байгаа, ихэнх нь бөөнөөр нэг сургуульд шилжих санал гаргаад байна. Украины тал, сурч байгаа мэргэжлийнхэн дагуу шилжүүлэх асуудал тавьж байгаа. Бусад хотуудад суралцаж буй оюутнуудыг шилжүүлэх асуудал одоогоор байхгүй.
 
Украины зүүн өмнөд зүгийн Луганск, Донецк, Донбасс  муж, хотуудаар мөргөлдөөн болж байгаа ч бусад газруудаар байдал тайван байгаа. Зарим оюутнуудын эцэг, эхчүүд утасдаж хүүхдээ Украин руу явуулах эсэх талаар надаас асууж байгаа.
 
Би та нар өөрсдөө шийдэх хэрэгтэй гэсэн хариу өгч байгаа. Хүүхдийн санал янз бүр байгаа шүү дээ, Тэд одоогоор шийдээ гаргаж чадаагүй юм шиг байна билээ. Хувийнхаа зардлаар суралцаж буй оюутнууд өөр сургуульд шилжинэ гэвэл Украины Боловсролын яаманд өөрийн биеэр ирж өргөдөл гаргах учиртайг оюутнууд мэдэхгүй байгаа болов уу.
 
Энэ талаар мэдээлэл гаргана гэдэгт найдаж байна. Дээрх хотуудад суралцаж байгаа оюутнууд хичээл эхлэхээс өмнө эрт ирэх нь зүгээр. Хуучин сургуулиасаа боловсролынхаа бичиг баримтыг бүрдүүлэх, тойрох хуудас бөглүүлэх, түр оршин суух үнэмлэхээ солих зэрэг асуудал гарна” гэсэн хариултыг өглөө.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг