sonin.mn

ОБЕГ аливаа цаг бусын гамшиг, гоц халдварт өвчлөлд бэлэн бус гар хоосон байдаг нь цөөхөн жишээнээс харагдах боллоо. Баяр наадмын өдрүүдэд Хан-Уул дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт боом өвчин илэрсэн. Мал боомоор өвчлөөд зогсоогүй гурван ч хүн өвчилж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн юм.

Яг энэ үеэр баяр наадам тохиосон учраас боомд анхаарал хандуулсан нь ховор, хариуцсан албан тушаалтнууд нь наадамлаад тун завгүй байв. ОБЕГ-ыг ахалж ажиллах үүрэгтэй Шадар сайдын ажлын албаныхан ч баяр наадамд төвлөрөөд боомыг анхаарах сөхөөгүй явсан болов уу.

Шадар сайд Д.Тэрбишдагва баяр наадмын комисст багтаж Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт шагналын хур буулгаад толгой өөд татах завгүй гүйж явсан. За яахав, Шадар сайд нь наадмын комисст багтлаа гэхэд "Цэргүүд" нь гамшгийн ажилдаа анхаарал хандуулсан бол болчих байлаа.

Гэтэл наадмаас өмнө буюу долдугаар сарын 5-нд Завхан аймагт гарсан боом өвчний вакциныг одоо болтол орон нутагтаа хүргээгүй, голомтын бүсэд байгаа 30 гаруй мянган малыг вакцинд хамруулж дуусаагүй байна. Учир шалтгаан нь аймаг, сумын хэмжээнд вакцины нөөцгүй болсноос нийслэл рүү захиалжээ.

"Ниргэсэн хойно нь хашгирав" гэдэг шиг наадмын дараа Шадар сайд Д.Тэрбишдагва аймаг сумын Засаг дарга нарт үүрэг даалгавар өгч, боомын голомтод байгаа малыг бүрэн вакцинжуулах үүрэг даалгавар өгсөн. Вакцин нь бэлэн бус байхад сайд лүндэн буулгаад яах билээ. Нөөц бэлэн байлгах үүрэг нь ОБЕГ-т бий шүү дээ.

Гэтэл өвчин гарч хэдэн зуун мал боомоор өвчилж үхсэн хойно "Одоо бүх малыг вакцинжуул" гэдэг үүрэг даалгавар өгөх юм. Цагаан сараар монголчууд мөн л мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй золгосон. Хэдэн мянган мал шүлхийгээр өвчилж устгалд оруулсан. Үүний үр дүнд Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгийн малчид хохирч, цагийн хатууд малаа үхүүлээгүйгээ шүлхийд нядлуулсан.

Мөн л шүлхийн өвчний вакцин улсын хэмжээнд байхгүй болж тендер шалгаруулалтгүйгээр хувийн компанид эрх өгч хойд, өмнөд хөршөөс вакцин татсан ч хугацаа нь дууссан байж таарсан. Энэ нь малчид хохироод зогсохгүй татвар төлөгчдийн 20-иод тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн ажил болж өнгөрсөн.

Энэ үеэр Шадар сайд нь мөн намын дарга Н.Энхбаярт золгоно гээд алга болсон. Голомтын бүсэд очиж ажилласан нь үгүй. Энэ удаад ч гэсэн хоёр гурван аймагт гоц халдварт боом өвчин гарчихаад байхад Шадар сайдын бараа сураг алга. Энэ байдлаас болоод    "Д.Тэрбишдагва сайд хаана явна вэ" гэж асуухад хүрч байна.

Цагаан сарын шүлхийтэй зэрэгцээд Баянхонгор, Өвөрхангай аймагт малын галзуу өвчин гарч "Галзуурсан тэмээ хүн хазсан" мэдээлэл хүртэл гарч байсан. Тухайн орон нутгийн онцгойгийнхон мөн л галзуугийн вакцин байхгүй байгаа тухай гомдоллож байсан юм. Энэ удаа Завхан, Говь-Алтай, нийслэлд боом өвчин гарлаа.

Өвчний голомтот буюу хоёр аймгийн гурван сумын нийлээд 50 гаруй мянган малыг өнөөдөр бүрэн вакцинжуулж чадаагүй байна. Тэгэхэд манай улс 2013 онд нийт 45 сая мал тоолуулсан. Ингэж бодохоор аливаа гоц халдварт өвчлөлд хэзээд бэлэн бус байдаг нь илэрхий. Мөн малын урьдчилсан вакцинаа цаг тухайд нь хийхгүй байгаагаас өвчин гарах нь ихэсч байгааг албаныхан хэлдэг.

Тухайлбал, орон нутагт боомын вакциныг үхэрт хийх ёстой гээд бусад малыг вакцинд хамруулдаггүй байна. Энэ байдлаас болоод адуу боомоор өвчилж бусад малд тархах үндэс болж байгаа юм. Говь-Алтай, Завхан аймагт гарсан боомын гарал үүслийг тодруулахад онцгой байдлын ажилчид нь ийм тайлбар хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, боомын вакциныг хуваарилахдаа зөвхөн үхэрт тарина гэсэн байдлаар ханддаг байна. Дээрээс нь орон нутагт мал эмнэлэг гэж байхгүй болсон, 1990 он гарч бүх зүйл хувьд шилжсэнээр улсын мал эмнэлгүүдийг татан буулгасан. Үүнээс болоод орон нутагт мал ямар ч хараа хяналтгүй болсон.

Гэтэл өнөөдөр гурван сая хүн амтай Монгол Улс 45 сая малтай болтлоо малын тоо толгой өсч байна. Гэвч сум, багт мал эмнэлэг байхгүй. Засгийн газраас энэ жил сумдын ойд дунджаар 800 сая төгрөг төсөвлөж наадлаа. Үүний зарим хэсгээр сумдад мал эммэлэг барьсан бол оновтой алхам байсан гэдгийг хэлэх нэгэн ч бий.

Малын гаралтай гоц халдварт өвчин гарч байгаа нь эрүүл хоол хүнс хэрэглэх, цаашлаад үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг юм. Түүнчлэн цагийн хатууд малаа зуданд алдаагүй малчид Засгийн газрынхны нөөц, бэлтгэлээ базаагаагүйгээс болж хотоо харлуулахад хүрч байна.

Энэ жилийн шүлхийн гаралтаас харахад Засгийн газар "Иргэд малаа вакцинд хамруулаагүй" гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохгүй гэх байр сууринаас хандсан. Иймд мал эмнэлэггүй, вакцины нөөцгүйгээс болж малчид хохирсоор байх уу. Өнгөрсөн өвөл гарсан шүлхийн өвчлөлөөс болж "Шадар сайд ажлаа өгөх ёстой" гэсэн байр суурьтай олон хүн байсан.

ҮХААЯ-ны мэргэжилтнүүд нь ажлаа мэдэхгүй мунгинаж, гоц халдварт шүлхийгээр үхсэн үхрийн махыг экспортолно гэж хойд хөршийнхөө дургүйг хүргэсэн удаатай. Энэ удаад ч ҮХААЯ-ныхан амаа үдүүлсэн мэт дуугүй сууна.

Харин гамшгийн тэргүүн эгнээнд байх ёстой онцгойгийнхон "Вакцины нөөцгүй" гэх шалтгаанаар хойш суусан бололтой. Ингээд боом гарсан аймгуудын Онцгой байдлын газрын мэргэжилтнүүдтэй холбогдож байдал ямар байгааг тодрууллаа.

Т.Амарсанаа: Хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын ахлах дэслэгч Т.Амарсанаа боом гарсан Хөхморьт сумын голомтот бүсэд ажиллаад иржээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Хөхморьт суманд боом өвчнөөр нийт хэчнээн мал үхсэн бэ. Голомтын бүсэд одоо хэчнээн мал байна вэ?

-Боомоор есөн адуу, нэг үхэр, нэг хонь өвчилж үхсэн. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 15-22-ныг хүртэл голомтын бүсэд ажилласан. Голомтод байгаа есөн өрхийн 7000 гаруй малыг вакцинжуулаад байна.

-Боомын вакцин аймгийн мал эмнэлгийн газарт бэлэн байв уу. Аль эсвэл нийслэлээс захиалж авчирсан уу?

-Өнгөрсөн долдугаар сарын 11-нд адуу үхэж байна гэсэн дуудлага авч, аймгийн Мал эмнэлгийн мэргэжлийн баг томилон газар дээр нь ажиллуулж, боом өвчин болохыг тогтоосон. Тухайн үед 2600 гаруй малыг вакцинжуулсан.

Вакцины нөөцгүй болсон учраас энэ сарын 17-ноос Биокомбинат руу нэмэлт вакцин захиалж ирүүлсэн. Сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 14-28-ныг хүртэл хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа.

-Боомын вакциныг шүлхийнх шиг тодорхой товлолоор хийдэг үү. Дараагийн вакциныг хэзээ хийх ёстой вэ?

-Энэ вакцин нь нэг жилийн хугацаатай. Өмнө нь манай аймагт үхэрт боомын вакцин хийсэн. Гэтэл сая адуунаас боом өвчин гарсан гэлээ. Мөн Завхан аймгийн Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч Б.Амарсанаагаас тахь өвчилсөн талаар тодруулсан юм.

Б.Амарсанаа: Нэмэлт вакцин нийслэлээс захиалсан

-Завхан аймагт боом өвчнөөр мал өвчилсөн голомтот бүсэд хэдэн мал байна вэ?

-Нийт 60 гаруй мал үхэж, 20 гаруй мянган малыг вакцинжуулсан. Боом гарсан үед улсаас вакцины нөөц татаж бололцоогоороо вакцинжуулсан. Өмнө нь үхэрт вакцин хийгээд, адуунд хийгээгүй учир боом гарлаа гэж үзэж байна

-Танайд тахийн сүрэг боомоор өвчилсөн. Тэгэхээр тахинаас халдварласан байж болох уу?

-Адуу, тахь зэрэг өвчилсөн. Мал эмнэлгийн оношоор адууны цахилгаан боом гэдгийг нь тогтоосон. Цахилгаан боом гэдэг нь адуунд маш хүнд хэлбэрээр илэрдэг. Үхэлд маш хурдан хүргэдэг өвчин юм байна. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын захирамжаар ирэх сарын 1 хүртэл хорио цээрийн дэглэм тогтоосон гэлээ.

Харин нийслэлийн Хан-Уул дүүргийн XIII хороо Төв аймгийн Баянжаргалан сумын малчин боом өвчнөөр өвчилсөн болохыг нь тогтоосон. Тухайн малчин үхсэн малаа өвчиж байгаад боомын халдвар авсныг нь тогтоогоод байна.

Хан-Уул дүүрэгт 16 хонь, ямаа үхсэн бөгөөд шинжилгээгээр нэг хүн өвчилсөн болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоож, голомтын бүсийн 1500 гаруй малыг вакцинжуулж, хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгалын ажил хийсэн байна.

Ийнхүү гоц халдварт өвчин гарахад дахиад л вакцины нөөцгүй байдал давтагдаж байна. Өнгөрсөн өвөл чанаргүй, хугацаа нь дууссан вакцин нийлүүлсэн асуудалд хоёр гуравхан албан тушаалтныг ажлаас нь халаад асуудлыг шийдчихдэг Шадар сайд та яг одооноос вакциныхаа нөөцөд анхаарал хандуулж ажиллаач ээ. Малчид руу алийн болгон буруугаа түлхэх билээ дээ.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: