sonin.mn

-Ер нь хэний бодлогыг хэнээс нуух гэж оролдоод, хэний төлөвлөгөөг хэний өмнөөс хэрэгжүүлээд байгаа юм бэ? Ерөнхийлөгч өө!

Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал ямар эгзэгтэй байдалд ороод байгааг, төмөр замын царигийн талаар төрийн бодлогод анхаарууштай зүйл олон байгааг гаргаж тавьж олон эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан жинхэнэ бодит үнэнийг хар цагаанаар нь ялган тодруулсан сайн нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэснийх нь төлөө УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дуудан загнаж, "Херо энтертаймент"-ын уран бүтээлчдэд эрүү үүсгэхийг даалгаснаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэн дүр төрхөө бас дахин тодорхой харууллаа.

Төр засгийн эрх баригчид өөрсдийн бусармаг ажиллагаа, хулгай, луйвраа олон нийтээс нуун далдлахын тулд хэвлэл мэдээллийнхнийг төсвийн мөнгөөр авилгадан амыг нь барьдаг "Хаалтын гэрээ" гэгч нь Ерөнхийлөгчийнхөөр бол "Улс төрд сайн соёл тогтож байсан" хэрэг юм байна.

Гэтэл 100 чухал сэдэв нэвтрүүлэг тэр бүх хаалт боолтыг нь зад татаж, тэр "улс төрийн соёл" гэгчийг нь "эвдэж" олон телевизээр гарч, олон хүн үзсэн нь бухимдлыг нь төрүүлж, байж сууж чадахгүй болгосон ажээ.  Тэгээд бүр сэтгүүлчид рүү ч заналхийлэхээс буцсангүй. Тэр заналхийллийнх нь гүйцэтгэл ч тэр дороо хийгдэж нэвтрүүлгийг бэлтгэсэн "Херо энтертайнмент"-ын уран бүтээлчдэд эрүү үүсгэснийг холбогдох байгууллагаас зарлалаа.

"Айлын хоймроос бүхнийг зааж сургадаг" тэр телевизүүдээр чинь урсдаг зар гэх мэт зөв бичгийн наад захын дүрмийг үл ойшоосон нил алдаатай бичлэгүүд гаргаж, зөв ярьж чадахгүй нэвтрүүлэгчид гаж этгээд яриагаар монгол хэлийг "махлаж" байхад ерөнхийлөгч та яагаад зөв бичиж, зөв ярих үүрэгтэйг нь сануулж хэлэхгүй явж ирэв ээ.

Нэвтрүүлгийг буруутгах гэхдээ "ард түмнийг хагаралдууллаа" гэнэ.
Ард түмнийг улс төрийн намууд л хагаралдуулж ирснээс биш энэ нэвтрүүлэг хагаралдуулаагүй ээ. Харин ч ард түмнийг хэн яах гэж хагаралдуулж ирснийг ард иргэдийн олонхи ойлгож, нэгдэх алхамд энэ нэвтрүүлэг түлхсэн гэж хэлж болно.

Намуудаас болж гэр бүл салж саринах байтугай, намууд эрх мэдэл буцаацалдан талцаж маргахдаа ард иргэдийн алтан амиар ч нааддаг болсныг 2008 оны 7 сарын 01-ны хэрэг зэрэг түүхэнд хар мөрөө үлдээсэн олон жишээ баримт бэлхнээ гэрчилнэ.

Үнэхээр ард түмнийг хагаралдуулахгүй гэж бодсон юм бол Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа МАН, АН зэрэг намуудыг тараах талаар эрх үүргийнхээ хүрээнд ажиллахгүй яасан юм бэ?! Тус намуудыг тараалгахаар УДШүүхэд хандсан иргэд, хөдөлгөөнүүдийн удаа дараагийн өргөдөл хүсэлтийг дэмжихгүй яасан юм бэ? Тэдгээр намуудыг сонгуульд оролцуулахаас татгалзуулахгүй яасан юм бэ?!
"Хоёр хөршөө муулах бол манай бодлого биш" гэнэ. Сайн л байна. Харамсалтай нь 20 гаруй жил хойд хөршөө муулж, хөшөө дурсгалуудыг ч буулгаж байхад та хаана баив Ерөнхийлөгч өө!.

Урд хөршөөр айлгах, урд хөршөө хараан зүхэх эхлэлийг ч УИХ тавьж, гишүүд тэр байтугайг ярьж байхад хаагуур нь Ерөнхийлөгч гуай та яваад байсан юм бэ? Оюутолгойн гэрээг иргэний хөдөлгөөнүүд, тэднийг дэмжсэн зарим гишүүд эсэргүүцэж байхад УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тэргүүтэй хэдэн нөхөд гэрээг зориуд саатуулж байж, Хятадад өгөх зорилготой хятадын гар хөлүүд хэмээн хашгичиж байсныг олон хүн мартаагүй байх.

Тэр үеийн бичлэгүүд дээр ч байгаа л байх. Саяхандаа Д.Ганбат гэх мэт алтны татварыг багасгах хуулийг санаачлагч этгээдүүд ч "алтны татвар багатай урд хөрш рүү алт гараад байгааг зориуд дэмжиж байгаа этгээдүүд Монголд алтны татвар өндөр байлгахыг зорьж байна" гэсэн /Хятадад бүр өндөр байдгийг мэдсээр байж/ илэрхий худал сурталчилгааг хийж байсныг ч санаж байна.

"Хамт ажиллаж байгаа хүмүүсээ харийн гар хөл гэж хэлэх эрх хэнд ч байхгүй" гэнэ. Үнэхээр гар хөл болж байгаа этгээдүүдийг хэлэх нь байтугай бүр шийтгэл ч хүлээлгэх ёстой. Аль ч улс үндэстэнд энэ бол хуульчилан тогтоосон хууль цаазын эрх хэмжээ нь юм.

Ерөнхийлөгч маань "Ер нь хэний бодлогыг хэнд ярьж өгөөд байгаа юм бэ? Хэний төлөвлөгөөг хэнд сануулаад байгаа юм бэ? Хэний сурталчилгааг хэний өмнөөс хийгээд байгаа юм бэ? гэж гайхсан" гэнэ.


Харин би бүр ч их гайхаж байна. УИХ-д сууж буй АН-ын гишүүн Монгол улсыг яахлаараа Хятадын Монгол гэж зарлаад байдгийг, яагаад Засгийн газар Монголын газар нутгийг гадаадынханд худалдах, улсын хилийг үгүй хийх санаа зорилго бүхий хуулиудыг улайран зүтгэж УИХ-д өргөн барьж гүйлдээд байгааг, яагаад хятад иргэд өдий төдийгөөрөө чимээгүйхэн орж ирж суурьшаад, үл хөдлөх хөрөнгийн эзэд  болцгоогоод байгааг, яахаараа хятад иргэн монгол хүний газрыг нь булааж авахын тулд гэрийг нь шатаах дээр тулж байгааг, яагаад малаа услахдаа монголчууд хятад иргэдээс ус худалдаж авдаг болсныг, яагаад шарилын газраа ч харийн хүмүүсээс худалдаж авах болоод байгааг гайхаж байна.

Ер нь хэний бодлогыг хэнээс нуух гэж оролдоод, хэний төлөвлөгөөг хэний өмнөөс хэрэгжүүлээд байгаа юм бэ? Ерөнхийлөгч өө!

Цааш нь манай Ерөнхийлөгч Төмөр замын сэдвээр ёстой л амьдрал мэдэхгүй гудамжны нэг хөнгөн хөвсөргөн, ойворгон залуугийн хэмжээнд "өрөөсгөл" бодлогоо ярьж гарлаа.

"1-рт Монголчууд төмөр замын ач холбогдлыг маш сайн ойлгодог. ... Монголын төмөр зам монголын хөгжилд асар их үүрэг гүйцэтгэсэн ... Ноднин би сонгуулийн үеэр ярьж байсан. Монголын өвгөн төмөр зам ачааллаа даахгуй болж байна. Дан нуруутай яваад байна, давхар нуруутай болгоё. Энэ бол миний итгэл үнэмшил. Үүнийг заавал хийх хэрэгтэй...

2-рт Ази-Европыг холбосон дэд бүтцийн хөгжлөөс Монгол улс хоцорч болохгүй.... Манай нөгөө өвгөн төмөр зам чинь жилдээ нэг 20 сая тонн ачаа тээж байна... Монголын төмөр замын хүчин чадлыг нэмээд давхар болгоод хийх юм бол хэд дахин нэмэгдэнэ.

... 20 биш 100 саяыг тээдэг болгоё, 200 болгоё. Төмөр зам монголын эдийн засагт ямар их ач холбогдолтой билээ. Энэ ач холбогдлыг зөвхөн 1 дахин нэмэгдүүлэхэд ямар их өөрчлөлт гарах вэ. 5 дахин нэмэгдүүлье, 10 дахин нэмэгдүүлье ..." гэх зэргээр урсгав.

Тиймээ монголчууд төмөр замын ач холбогдлыг сайн мэднэ. Харин 1990 оноос хойш төрийн эрхэнд гарсан этгээдүүд зам гэдгийн утга учир ач холбогдлыг ойлгодоггүй юм байна.

Өнөөдөр Монгол улс жилдээ 21 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай Монголын төмөр замынхаа хүчин чадлыг бүрэн ашиглаж чадахгүй байж "давхар нуруутай болгож" 5 дахин 10 дахин нэмэгдүүлж яах гэж байгаа юм бэ? Батаарын ясаа нааш цааш нь зөөх гээ юу? Эсвэл монголын газар шороог бүгдийг нь зөөх гээ юу?

Гадаадаар голцуу аялаж амьдардаг дарга нар маань дэд гэдэг монгол үгээ мартаад тэргүүн зэргийн гэдэг утгаар андуурч ойлгодог болчихсон бололтой юм. Дэд гэдэг нь хоёр дахь буюу удаах гэсэн утгатай юм шүү дээ. Өөрөөр хэлбэл баялгийг нийгэмд хуваарилахад л туслах чанарын үүрэгтэй хоёр дугаар зэргийн салбар бүтэц гэсэн санаа юм.

Тээвэрлэх ачаа нь байхгүй бол тэр төмөр зам чинь ямар ч баялгийг бий болгодоггүй эд. Тиймээс ч та бүхэн 20 гаруй жил төрийн эрх мэдлийг атгалцаж, Мянганы зам гэх мэтээр өрсөлдөн баялгаас орсон бүх орлогыг дэд бүтцэд зарцуулсан ч одоо өрөндөө бариулж, эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихээд сууцгааж байна. Одоо ч гэсэн та бүхэн нүүрсээ зарж мөнгө олох тухай л ярьж суугаагаас биш замаар баяжиж мөнгө олно гэж огт ярихгүй л байгаа биз дээ.

Чухамдаа ингэж амин чухал тэргүүлэх бүтцийг нь санаатайгаар орхигдуулж "хоёр дугаар зэргийн" туслах чанарын салбарт хөрөнгө оруулалт хийх нэрээр "мөнгө булшлах"-ыг "эдийн засгийг алах" гэж, энэ аргыг хэрэгжүүлдэг этгээдүүдийг "эдийн засгийн алуурчид" гэж нэрлэдэг юм гэнэ билээ.

Тэгэхлээр Ерөнхийлөгч та, бас тэр бүхний төлөө байгаа Засгийн газар, УИХ-ын гишүүд гэхчлэн дуу хоолойгоо нэгтгэн дэмжигчид чинь "эдийн засгийн алуурчид" гэдэг тэр хүрээлэлд зүй ёсоор багтах болоод байна. Тэр Ази Европыг холбосон төмөр замын сүлжээг хөгжүүлээд байгаа улс орнууд чинь эхлээд өндөр хүчин чадал бүхий үйлдвэр технологио хөгжүүлчихсэн болохоор түүнийгээ дагаад дэд бүтэц нь босоод ирж байгаа юм шүү дээ.

Дотоожоо ч өөрсдөө хийж чадахгүй болтлоо үйлдвэрлэл нь бүрэн зогссон манай улсын хувьд тэмээн жин ч бараг ахадна. Тиймээс Ази-Европыг холбосон дэд бүтцийн хөгжлөөс Монгол улс хоцорч болохгүй гэж ярихын оронд хөгжиж байгаа улс орнуудын үйлдвэрлэл технологиос хоцрохгүй юмсан гэж ярьвал төрийн хүний үг шиг сонсогдох байлаа. Цааш нь бас манай Ерөнхийлөгчид "цаг хугацаа гэдэг ямар ч ашигт малтмалаас үнэтэй" гэнэ.

Ерөнхийлөгч маань хэний цаг хугацааны тухай яриад байна вэ? Таны цаг хугацаа монголын баялагаас үнэтэй гэсэн үг үү? Танаас хойш монголын ард түмэн баялагтай үлдэж болохгүй гэсэн үг үү? Бүх баялагийг өнөөдөр л ухаж зөөж барах ёстой юм уу?

Энэ санааг нь тодосгож Ж.Нямсүрэн гэгч этгээд "Цариг цаг алдах шалтгаан мөн үү?" гарчигтай нийтлэл бичиж, түүндээ "...Өөрөөр хэлбэл, экспортын төмөр замгүйгээр монголчууд гадаад худалдаагаа нэмэх, харилцаагаа өргөжүүлэх, эдийн засгаа томруулах, адаглаад л үнс болчихоод байгаа нүүрсээ үнэд хүргэх боломжгүй гэсэн үг." гэж "тархи угаах" гэгч ажиллагаанд нь хүч нэмжээ.

Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл хөгжсөн улс гүрэн өөрийн ашиглаж байсан арван мянган уурхайгаа хаачихаад манайхаас нүүрс авах гэж зүтгэж байгаа нь өөрийнхөө нүүрсийг "үнс" болгох гэж "тэнэгтэж" байгаа хэрэг юм гэнэ дээ. Эсвэл зөвхөн монголын хөрсөн дор байгаа нүүрс л "үнс" болж хувирна гэж манай зөнч эрх баригчдын төлгөнд буугаад байгаа юм болов уу?!

Та нарын хувьд "Үнс" болдог ч байлаа гэсэн тэр чинь монголчууд бидний хувьд мөнхөд үнэ цэнэтэй монгол орны минь эко системийг бүрдүүлэгч, амьдрал тэтгэгч хөрс, их найрагч Д.Пүрэвдоржийн хэлсэнчлэн "Эх нутгийн шорооны амиар солих ширхэг" юм шүү дээ.

Ерөнхийлөгч өө! Таны сэтгэл зүтгэлийн оролцоотойгоор харийнхан Монголын баялгийг 24 жилийн турш чамгүй их зөөлөө. Зөөх тусам монголын өр нэмэгдэж, монголчууд ядуурсаар байна. Бүр монгол хүн эмс охидоо хүний наймааны хэрэгсэл болгон арилжиж худалдах хүртэл нь ядууруулан доройтуулж, эд баялагийг нь хүний мөс, ёс жудагтай нь хамт цөлмөн хоосолж хаялаа. Одоо болно. Юманд бас хэмжээ хязгаар гэж байдаг юм.

Уг нь та монголын баялагийг Х.Баттулга гишүүний "гараар" зөөлгөчих гэж бодож байсан бололтой юм. Гэвч "хүний гараар могой бариулах" гэсэн санааг чинь Х.Баттулга гишүүн харин ч эсрэгээр нь улс орныхоо төлөө ашиглаж 6 жил саатуулж чадсанаараа өр зээлийг хагаслаж, баялагаа төдий хэмжээгээр авч үлдсэн гавъяат үйлсийг бүтээлээ.  Тиймээс ард түмэн гишүүн Х.Баттулгаас нэхэх юм байхгүй.

Харин Ерөнхийлөгч танаас бол нэхэх юм их бий. Нөгөө олигархиудыг төрөөс цэвэрлэх амлалтаа яаж хэрэгжүүлэв? Нөгөө шүүхийг шударга болгох амлалт чинь хаачсан бэ? Амлалтаа биелүүлэх эрх мэдлийг чинь ард түмэн танд өгсөн шүү дээ! Тэгэхэд харин одоо бүр монголын газар нутгийг тэр чигт нь ухаж аваад далайн чинад руу зөөж арилжих юм яриад сууж байдаг.

Хулгайч луйварчдыг өөгшүүлж, муу муухай бүхнийг хамгаалан хаацайлахад эрх мэдлээ ашиглаад сууж байдаг. Ерөнхий сайд нь бохирын усаа нийслэлийн ундны цэвэр усны эх үүсвэр болсон Туул голд цутгаж байхад, үүнийг нь илчилсэн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг таслан зогсоож байхад та хэний "бодлогыг" дэмжихдээ дуугүй суугаад байгаа хэрэг вэ? Энэ хариуцлагыг монголын ард түмэн танаас нэхэх эрхтэй.

Ерөнхийлөгч өө! Танаас дахиад асууя. Та хэний бодлогыг хэнээс нуух гэж оролдоод, хэний төлөвлөгөөг хэний өмнөөс хэрэгжүүлээд байгаа юм бэ?!

Танд чин үнэнийг шулуухан хэлчихье. Ерөнхийлөгч таны сэтгэл ухаан төрийн тэргүүний том сэнтийд дэндүү холхиндож, Монгол төрийн нэр хүндийг даанч муухай бузарлан гутааж байна.

Адгуус хүртэл тэжээсэн эзэн рүүгээ дайрдаггүй юм шүү дээ. Итгэж сонгосон ард түмнийхээ эсрэг ёроолгүй сав шиг хандаж суугаа чинь адгуустай ч жишишгүй жудаггүй байна, Ерөнхийлөгч өө!

О.Лхагвадорж

Эх сурвалж: "Хөх толбо" сонин