sonin.mn
1220 онд Чанчун бумба Чингис хааны дуудснаар Алтан пайз өвөртлөн түүнтэй уулзахаар 19 туслахаа дагуулан хойт зүгт хөдөлжээ. Бээжин хавьд иртэл Чингис хаан өрнө зүг мордсон тухай сонссон байна. 
 
Хойноос нь нэхэж явсаар 1222 онд Чингис хааныг Хималайн уулын салбар уул болох Хиндү Күш ууланд (одоогийн Афганистан) өргөөлж байхад нь уулзсан гэнэ. Энэ зуур Их хаанд захидал явуулсныг Танд толилуулья. 
 
М.Энхсайхан 
 
“Ши хиа хиэнээс гаралт, Даогийн үнэнч дагагч Чанчун би хол нутгаас хамгийн эрхэм тушаалыг хүлээн авлаа. Далайн эрэг дагуух олон түмэн бүгд авьяас билэгтэй бус гэдгийг би тэмдэглэн хэлье. 
 
Миний энэ бие ертөнцийн үйлд мөхөс бөгөөд Даог бүрэн судлаж гүйцсэнгүй, гэхдээ би олон талаар хичээнгүйлэн оролдсон. Миний нэр алдар хаант улсаар түгэн тархсан ч; миний оюун ухаан энгийн бусад ардаас дээрдэх зүйлгүй. 
 
Би өөрийн дотоод сэтгэл рүү өнгийн харааад өөрөөсөө хэчнээн ичнэ гээч. Миний сэтгэлд нуугдсан бодлыг хэн мэдлээ? Урд өмнө би өмнөд нийслэлээс болон Сүн улсаас хэд хэдэн урилгыг хүлээн авсан ч, хүрч очоогүй ээ. 
 
Харин одоо, Луу ордны (Монгол хааны ордныг нэрлэж байна) эхний дуудлагаар, би бэлэн. Яагаад? Би эзэн хаанд Мөнх тэнгэр эртний цагт ч одоо үед ч үзэгдээгүй эр зориг, мэргэн оюун ухааныг заяасан гэж дуулсан. 
 
Сүр жавхлант гал цогийг тань шударга ёс мөн дагадаг. Хятадын ард түмэн болон харийнхан бүгд эзэн хааны ноёрхолыг хүлээн зөвшөөрлөө. Эхэндээ би ууланд бүгэх, далайд зугтахын (арал руу) алиныг нь шийдэж чадахгүй байсан ч тушаал сөрөхийг зориглосонгүй. 
 
Би цас, мөсийг зориглон гэтэлж эзэн хаан таны өмнө өөрийгөө танилцуулахаар шийдсэн. Миний анхлан дуулсанаар Сүр жавхлант эзэнтэн таны хөсөг Хуан чао ба Фү чаогийн хойд хэсэгт байрлаж байлаа. Харин Иен (Бээжин)-д ирсэний дараагаар их хол, хэдэн мянган бээр явсаныг хэлж мэдэхгүй хол явсаныг олж мэдлээ. 
 
Шуурга тоос дээд тэнгэрийг сүүдэртүүлэн харанхуйлхаа зогсоохгүй юм. Миний бие өтөлж тэнхээгүй болжээ, би энэ урт аян замын чилээг даван туулж чадахгүй гэж эмээх бөгөөд сүр жавхлант таны бараанд хүрч амжихгүй болов уу; хүрсэн ч гэлээ, миний бие ямар ч үйлд нэмэр болохгүй нь.
 
Түмний хэрэг болон дайны ажиллагаа миний чадварын хүрээнээс халисан зүйлс. Даогийн номлол хүсэл тачаалаа номхотгохыг сургадаг; гэхдээ энэ бол их хүнд даалгавар. Эдгээр учрыг бодолцон, би Ли Чүнлүтэй зөвлөлдөн, сүр жавхлант таныг Иен эсвэл Те хингд (одоогийн Пао ан чао) буцан ирэхийг хүлээе гэж түүнээс гуйлаа. 
 
Харин тэр үүнийг зөвшөөрөөгүй тул, би өөрөө эзэн хаантан таны өмнө хэрэг явдлаа учирлаж байна. Миний бие эзэнтэн таны хүсэл зоригийг гүйцэлдүүлэн, цас мөсийг зориглон гэтлэх эрмэлзэлтэй билээ, иймээс шийдвэрийг (цаашид явах эсвэл хүлээх) заалдахыг хүсэж байна. 
 
Бид дөрвүүлээ нэгэн зэрэг сахил хүртсэн лам нар. Гурав нь мэргэн оюуныг олсон. Харин би ганцаараа надад үл таарах гэгээрсэн хүн гэдэг нэр алдрыг олж авчээ. Миний зүс царай омголтож, бие маань сул дорой болов. Эзэн хаантан таны тушаалыг би хүлээж байна. 
1220 оны Гурав дугаар сард (4 сар) бичив. “
 
Орчуулсан Э.Хонгорзул. The Travels of Ch'ang Ch'un to the West, 1220-1223. by E. Bretschneider (1888)