sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчилж ирээд удаагүй байна. Ерөнхийлөгчийн айлчлалын “богц”  олны анхааралд хэвээр байгаа энэ үед бид Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг “Ярилцах цаг”-таа урьсан юм.
 
Түүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх Япон улсын байр суурь хийгээд хоёр улсын эдийн засгийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
 
-Ноён Элчин сайд, Монгол, Японы харилцааг өнөөдрийн хэмжээнд хүртэл таны хөдөлмөр, туслалцаа оролцсон байж таарна. Манай уншигчдад өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?
-Японд Их сургуульд хуулийн чиглэлээр сурч байсан. Уг нь өмгөөлөгч болох хүсэлтэй байсан боловч нэг л мэдэхэд Монголын асуудлаар мэргэшсэн дипломатч болсноос хойш 40 шахам жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Монголд дөрвөн удаа томилогдож ажилласан.
 
Японы Гадаад хэргийн яаманд Монголын асуудал хариуцаж ажилласан жилүүдээ нийлүүлж тооцоход миний дипломатчаар ажилласан жилүүдийн бараг тал хувь нь Монголтой холбоотой байна. Монголоос гадна АНУ, Канад дахь Японы Элчин сайдын яаманд ажиллаж байлаа.
 
Японы Гадаад хэргийн яаманд Гэрээ конвенцийн газар, Соёл мэдээллийн газар, Консулын газар, Олон улсын байгууллагын зэрэг газруудад ажиллаж байсан туршлага маань Монголд ажиллахад тус нэмэр болж байна. Би цэцэг тарих, марк болон зоос цуглуулах, уран зураг цуглуулах хоббитой.
 
1975 онд анх удаа монгол үг сонсч байсан  гэж бодвол ирэх 2015 онд 40 жил болох юм байна.  Ажилласан хугацаандаа Япон, Монгол хоёр орны харилцааг бэхжүүлэхэд чадах чинээгээрээ хувь нэмэр оруулсандаа сэтгэл хангалуун байдаг. Удахгүй тэтгэвэрт гарч таарна.
 
Тэгэхээрээ төрсөн нутаг Ооита муждаа монгол зураачдын бүтээлээр уран зургийн галерей нээж, япон хүмүүст Монгол орныг танилцуулахын хажуугаар монгол судлалын ажил хийнэ. Бас цэцэг тарих мөрөөдөлтэй явдаг.
 
 
-Танай Элчин сайдын яам гаднаасаа эхлээд их сайхан цэцэг ургуулжээ. Бас таны цэцэрлэг байдаг юм байна. Нүдэнд тусч байна. Та өөрөө ургуулсан уу?
-Тийм ээ. Би цэцэг тарих дуртай. Манай Элчин сайдын яамны гаднах цэцгүүдийн үрийг гадаадаас авчирч ургуулсан. Харин миний цэцэрлэгт байгаа нь Монголын талд ургадаг цэцэгс юм. Энд ихэнх нь байгаа гэж болно. Японоос ирсэн зарим төлөөлөгч хөдөөгүүр явж амжихгүй байх нь бий.
 
Тиймээс би тэдэнд Монголын хөдөө, хээр тал, цэцэгс нь ийм байдаг гэж үзүүлэх дуртай. Зэрлэг цэцгийн үрийг авчраад ургуулахад бүгд сайхан ургасан. Эндээс харахад ер нь монгол хүний алган дээр бүх боломж байгаа гэдгийг хэлмээр байна.
 
-Та МУИС-ийн Монгол хэл соёлын сургуульд сурч байсан гэсэн. Тиймээс монгол хэл сайн мэддэг юм байна. Энэ нь манай ахуй, хэл, соёл заншилтай ойр байхад тус болж чадаж байна уу?
-Би эхлээд Английн Лийдс их сургуульд нэг жил монгол хэл үзсэн. Түүний дараа 1977-1978 онд арван сарын хугацаатай Монголд ирж, МУИС-ийн тусгай курст арван вьетнам оюутны хамт суралцаж, монгол хэл үзэж байсан.
 
Тухайн үед капиталист орноос ирсэн ирээдүйн дипломатч байсан миний хувьд өнөөдрийнх шиг монгол оюутнуудтай чөлөөтэй харилцах явдал хаалттай байсан гэх үү дээ. Тиймээс тэр үед монгол хэлийг практикт ашиглах боломж тэр бүр гарахгүй, хаана ч явсан хуучнаар НАХЯ-ны ажилтан цуг явдаг байсан.
 
Энэ мэтээс шалтгаалан монгол хэл маань төдийлөн сайжирч амжаагүй. Харин 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш монгол хэлийг хэрэглэх боломж нэмэгдсэн.
 
Монгол хэ­лийг япон хэлтэй харь­цуулахад эгшиг олонтой, маш хэцүү дуудлагатай гэж болно. Миний хувьд монгол хэлийг хэрэглэхэд одоо ч тун амаргүй хэвээр л байна.
 
Монгол соёл бол нүүдэлчин ахуйгаас урган гарсан, мөн Төвдөөс орж ирсэн буддын шашны нөлөөгөөр үүссэн зүйлүүд ихтэй. Энэ ч утгаараа япон хүний сонирхлыг татдаг. Эдгээр өвөрмөц соёлтой чөлөөтэй танилцах сайхан боломж олдож байгаад баярлаж явдаг.
 
-Япон хүний тухайд ажилсаг, тэвчээртэй, хичээнгүй гээд олон зүйлийг дурдаж болно. Харин та монголчуудыг хэрхэн  дүгнэдэг вэ?
-Япон, монгол хоёр хүнийг харахад гаднах төрх нь төстэй гэдэг. Үнэндээ бол тэс өөр. Япон хүн асуудлыг хурдан шийдэж чаддаггүй. Харин монгол хүн хурдан сэтгэж, шийдэж чаддаг.
 
Энэ чанараараа аливаа зүйлд уян хатан хандаж чаддаг. Харин манай япончууд их зарчимч, ямар ч зүйлийг ном ёсоор нь хийхийг хичээдэг. Энэ нь газар орны онцлогтой холбоотой байх.
 
Монголчууд тал нутгийнх, япончуудыг арлын хүмүүс. Энэ нь ч учиртай. Гэхдээ аль алинд нь сайн муу тал бий. Харин монгол ч бай, япон ч бай хэн хэнийхээ алдаатай, дутагдалтай талыг нөхөж, хамтран ажиллаж чадвал их ажлыг хийж, бүтээж чадна гэдэгт итгэж байна.
 
-Саяхан Монгол Ул­сын Ерөнхийлөгч та­най улсад айлчлаад ир­лээ. Айлчлалын үеэр байгуулсан хоёр орны “Эдийн засгийн түншлэлийн гэрээ” нь эдийн засгийн цаашдын хамтын ажиллагаанд ихээхэн түлхэц болно гэцгээж байна. Үүнийг та яаж харж байна вэ?
-Өнөөдөр хоёр орны харилцаа маш сайн, өндөр төвшинд хүрээд байна. Гэтэл эдийн засгийн харилцаа хангалттай төвшинд очоогүй. Үүнийг цаашид сайжруулахын төлөө бодох, хийх зүйл их бий.  Таны хэлж буй зарчмын тохиролцоонд хүрээд байгаа “Эдийн засгийн түншлэлийн гэрээ” нь үүний нэг хэсэг юм.
 
Үүнээс гадна хоёр улсын иргэдийн харилцан зорчих нь чухал гэж үзээд хоёр жилийн өмнөөс визний хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш монголчууд Япон руу явах нь ихэссэн. Мөн Японы жуулчдыг Монгол руу татах хэрэгтэй.
 
Ингэснээр танай эдийн засагт маш чухал гэж үзэж байна. Тухайлбал, Сингапур улсад жилд сая гаруй хүн жуулчилдаг. Нэг хүн тэнд дөрөв хонохдоо хамгийн багадаа 1000 ам.долларыг Сингапурын зах зээлд оруулдаг. Хоёр их гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд эдийн засгийн хөгжил нь уул уурхай гэж байна. Мэдээж уул уурхай мөн.
 
Гэхдээ уул уурхай, ашигт малтмалын нөөц хэзээ нэг цагт дуусна. Тиймээс уурхайг богино хугацаанд бүрэн ашиглаад, тэндээс олсон мөнгөөрөө эдийн засгийнхаа тууштай хөгжилд хэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэх, үйлдвэрийг хөгжүүлэх салбарт зарцуулах ёстой.
 
Уул, уурхайгаас гадна эдийн засгийг хөгжүүлэх ёстой шүү дээ. Энэ бол аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар гэсэн үг. Япон, Монголын хооронд “Эдийн засгийн түншлэлийн гэрээ” байгуулснаар Япон улсын зүгээс хөдөө аж ахуйн салбарт төрөл бүрийн тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
 
Үүнд малын өвчний асуудал орж байгаа. Одоогоор бид Монголын махыг импортолж чадахгүй байна. Энэ нь шүлхий өвчинтэй холбоотой. Мөн Монголын мах олон улсын стандартадын төвшинд хараахан хүрээгүй. Цаашид мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг.
 
-Тэгэхээр Монголд эдийн засгийн тогтвортой, тууштай бодлого үгүй­лэгдэж байна гэсэн үг үү?
-Тасралтгүй, тогтвортой хөгжлийн бод­лого чухал. Монголд дэд бүтцийг хөгжүүлж зам тавьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр илүү анхаараасай.  Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн экспортолж болох салбарыг хэрхэн хөгжүүлэх тухай бодох хэрэгтэй.
 
Тэгэхгүй бол Монгол Улс зүгээр л нэг том захын хараат орон болно. Мэдээж, нэг мөсөн бүх зүйлийг хийх боломжгүй. Гэвч гадаадын хөнгөлөлттэй зээл, бондын мөнгө зэргийг ирээдүйд хэрэгтэй салбарт оруулж чадвал Монгол орон хүссэн хөгжилдөө хүрэхэд ойрхон байна.
 
-Үйлдвэрлэлийг хөг­жүүлэх хэрэгтэй гэж байна. Магадгүй, мон­голчууд өөрсдөө технологио гаргана гэдэг одоохондоо хол сонсогдох байх. Энэ тал дээр Японы технологийг Монголд оруулж ирэх, тэндээс су­рал­цах боломж хэр байгаа бол?
-Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн өнгөрсөн гуравдугаар сард хийсэн айлчлалаас хойш манай бизнесийнхний Монголд хандах хандлага өөрчлөгдсөн. Сүүлийн үед Японоос ирсэн хүмүүс надтай тасралтгүй уулзаж байна. Тэдний ихэнх нь пүүс, компанийн төлөөлөгчид байгаа юм. Өөрөөр хэлбэл, Японы бизнесийнхэн Монголын зах зээлийг сонирхож эхэлсэн гэж болно.
 
-Одоо тэгвэл Мон­голын талаас юу хэрэгтэй байна вэ?
-Одоо найдвар өгөх хэрэгтэй. Хууль байгаа ч сайн хөрөнгө оруулалтыг хамгаалж өгөх механизм чухал байна. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн пүүс, компаниудын зарим нь харамсалтай, хүнд байдалд ордог. Монгол Улс нь Япон төдийгүй гадаадын компаниудад бизнес эрхлэх боломжийг нээж өгдөг.
 
Гэхдээ эрсдэл багатай гэдгийг баталгаажуулж чадахгүйгээр ямар ч сайхан үг хэллээ гээд гадаадын хөрөнгө оруу­лалтыг татаж чадахгүй. Үүнд л гол учир байгаа юм.
 
-Нэг үеэ бодвол манай хууль эрх зүйн орчин харьцангуй сайжирч байгаа шүү дээ. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-2012 оны тавдугаар сард, сонгуулийн өмнө Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийг баталсан. Түүнээс хойш гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт зогссон. Түүнийгээ саяхан зассан. Мэдээж хуульд өөрчлөлт оруулсан нь сайн хэрэг. Нөгөө талдаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах идэвхтэй сурталчилгаа явуулах хэрэгтэй.
 
Мөн Монголд итгэл алдарсан хүмүүсийн сэтгэл тийм амархан өөрчлөгдөхгүй. Тиймээс тэдний бодол санааг өөрчилж, итгэлийг нь олж авахын төлөө хичээх хэрэгтэй. Монгол Улсад мөрдөгдөж буй Хуулийн этгээдийн орлогын албан татварын төвшин тийм ч өндөр биш гэж ойлгодог.
 
Нө­гөө талаар Монгол Улсын хууль журамд тодорхойгүй зүйл их байдгаас олон янзаар тайлбарлагдахад хүрдэг нь томоохон асуудал болоод байгаа гэж ойлгож байна. Мөн хууль, журамд ойр ойрхон өөрчлөлт ордог нь хөрөнгө оруулалтын орчныг тогтворгүй болгоход нөлөөлж байна.
 
Энэ мэтчилэн, татварын төвшин төдийгүй хөрөнгө оруулалттай холбоотой эрхзүйн орчин, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, ил тод байдлыг хангах, хэтийн төлөвийг урьдчилан тоо­цоолох нөхцлийг бүр­дүүлэх, мөн энэ бүхэн тогтвортой үргэлжлэх бо­лолцоог хангах шаардлагатай.
 
-Одоо таны ажилтай холбоотой асуудал руу яриагаа хандуулъя. Япон нь Монгол улстай 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 235 тэрбум иенийн тусламж үзүүлсэн байдаг. Үүнийг товчхон дүгнэж хэлбэл?
-Японы Засгийн газраас Монгол Улсад үзүүлэх тусламж нь 1977 онд буцалтгүй тус­ламжийн шугамаар “Говь” ноолуурын үйлдвэрийг байгуулснаар эхэлсэн.
 
1989 оныг хүртэл монгол мэргэжилтнүүдийг Японд сургалтад хамруулах, Японоос мэргэжилтэн илгээх, тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг техни­кийн хамтын ажиллагаа болон соёлын буцалтгүй тусламж гэх мэт цөөн хэдэн салбарт тусламж хэрэгжиж иржээ.
 
Харин Монгол Улс социалист тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш тусламж өсөн нэмэгдсэн. 1990 оноос буцалтгүй тусламж дахин үзүүлж эхэлсэн гэсэн үг л дээ. 1991 онд анхны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг.
 
Эдгээр зээл, буцалтгүй тусламжууд нь Багануур болон Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг сэргээн засварлаж сэлбэг хэрэгслийг нийлүүлсэн. Цаашлаад Дулааны IV цахилгаан станцыг тогтмол сэргээн засварлах, Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн барилгын өргөтгөл барих,
 
цэвэр бохир усны шугам сүлжээний байгууламжийг сэргээн засварлах, авто зам тавих болон холбогдох тоног төхөөрөмжийг нийлүүлэх, харилцаа холбооны байгууламж байгуулах, эмчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх, гал унтраах машин, хог ачигч машин техник нийлүүлэх зэргээр дэд бүтцийн болон бусад олон салбарт хэрэгжсэн.
 
Өнөөдөр иений зээлийн хүрээнд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг барих дэд бүтцийн то­моохон төслийг хэрэгжүүлж байна.
 
-Япон Улсаас Монголд үзүүлэх буцалтгүй тусламж  дуусгавар болж байгаа. Цаашдын харилцааг хэрхэн төсөөлж байна вэ?
- Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсч, нэг хүнд ногдох ДНБ буцалтгүй тусламж авах хэмжээг аль хэдийнэ давсан байна. Иймээс цаашид Японы Засгийн газраас Монгол Улсад үзүүлэх тусламжид буцалтгүй тусламжийн эзлэх жин илт багасах төлөвтэй байгаа.
 
Харин үүний оронд бага хүүтэй, эргэн төлөлтийн зөөлөн нөхцөл бүхий иений зээл гол байр суурь эзлэх болно гэж бодож байна. Одоо ЭМШУИС-ийн харьяанд эмнэлэг байгуулах гэж байна.
 
Энэ ажил ирэх жилээс эхэлнэ. Сургууль харьяандаа эмнэлэгтэй болсноор сайн боловсон хүчин бэлтэх боломжтой гэж үзэж байгаа. Энэ нь буцалтгүй тусламжийн хамгийн сүүлийн төсөл юм. 
 
-Япон улс манай нүүрс­ний салбарт хамтран ажиллах тухай ярьсаар ирсэн. Энэ тал дээр хэр зэрэг урагштай байна вэ?
-Монголын нүүрсний салбарыг хөгжүүлэх тал дээр “Нүүрсний салбарын мастер төлөвлөгөө”-г боловсруулахад дэмж­лэг үзүүлж, энэ салбар дахь Монгол улсын нөөц бололцоог харгалзан үзэж цаашдын хэрэгжүүлэх ажлуудын чигийг тодорхойлсон.
 
Мөн Монгол Улс усны нөөц багатай тул нүүрсний нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд хуурай аргаар нүүрс ялгах төхөөрөмжийг нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж, туршилтыг амжилттай явуулаад байна.
 
-Японд монгол оюут­нууд олноороо сурдаг. Та бүхэн ч манай боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Боловсролын салбарт цаашид хамтран ажиллах талаар ямар бодлоготой байна вэ?
-Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр сурал­цах оюутан шалгаруулах шалгалтыг Монгол Улсад анх 1976 онд авсанаас хойш өнөөг хүртэл нийт 1256 оюутныг Япон оронд суралцуулаад байна.
 
Өнгөрсөн жилийн есдүгээр сард хоёр орны Ерөнхий сайд нарын төвшинд баталсан “Дунд хугацааны хөтөлбөр”-т үндэслэн цаашид ч Засгийн газрын тэт­гэлгээр оюутан сургах хөтөлбөрөөр дамжуулан монгол оюутнуудыг хү­лээн авч сургах болно.
 
Мөн энэ оны гуравдугаар сард “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн баримт бичигт гарын үсэг зурсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт долоон тэрбум 535 сая иений зээл олгох юм.
 
Энэ хөрөнгө цаашид Монгол Улсад хэрэгцээ шаардлагатай аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх болон инженер, технологийн чиглэлийн дээд боловсролын бай­гууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд зарцуулагдах юм.
 
Үүнээс гадна, ерөнхий боловсролын сур­гуулийн барилга, өргөтгөлийн төслөөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд нийт 55 ерөн­хий боловсролын сургуулийг шинээр барьсан. Мөн “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд 1990 оноос хойш Монгол улсын хэмжээнд сургуулийн барилгын засварын ажлыг тасралтгүй хийж ирсэн.
 
Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод 116, хөдөө орон нутагт 162, нийт 278 сургуулийн байрыг засварласан байна. “Өвсний үндэс” хөтөлбөрийн төслүүд нь төсвийн хүрэлцээ сайнгүй байдаг хөдөө орон нутгийн сургуулиудын зүгээс ихээхэн талархал хүлээдэг.
 
Д.Гэрэлцэцэг
 
Эх сурвалж: