sonin.mn

Санхүүгийн зохицуулах хорооны 267 дугаар тогтоолоор “БиДиСек” ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж буй 6,000,000 хувьцааг бүртгэлээ.

“БиДиСек” ХК нь 1991 онд үүсгэн байгуулагдсан үнэт цаасны зах зээл дээр андеррайтер, брокер дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үнэт цаасны компани юм.

Тус компани нь 2006 онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 10 сая ширхэг хувьцааг олон нийтэд анх удаа санал болгон арилжаалж хувьцаат компани болсон бөгөөд 2008 онд нэмж 1 сая ширхэг хувьцааг гаргаж арилжаалан санхүүжилт татсан.

Тус компанийн нэмж гаргаж буй дээрх хувьцааг Компанийн тухай хуулийн 38.1-д заасан журмын дагуу одоогийн хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэх ба ингэхдээ тус хувьцааны зах зээлийн үнийн 90 хувиас доошгүй байхаар тогтоосон байна.

“БиДиСек” ХК нь нэмэлт хувьцаа гаргах замаар татан төвлөрүүлэх хөрөнгийг андеррайтерын үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын чиглэлийн үйл ажиллагаанд зарцуулахаас гадна тодорхой хэсгийг өөрийн компанийн ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, хүнийн нөөцийг чадавхжуулах зэрэг үйл ажиллагаанд зарцуулахаар үнэт цаасны танилцуулгад тусгажээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай шинэ хууль нь энэ оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлж байгаа ба энэ хуулиар үнэт цаас гаргагчид илүү таатай, уян хатан зохицуулалттай болсон бөгөөд “БиДиСек” ХК-ийн дээрх нэмж гаргаж буй хувьцаа нь энэ шинэ эрх зүйн харилцааны зохицуулалтаар гарчээ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг