sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан Түвдийн тооллын 2137 (2011) онд “Кайлас” ууланд гороолсон тэмдэглэлээ өөрийн Facebook хуудаст нийтлэжээ. Аялалын тэмдэглэлд “Шашин”, “Монгол иргэншил” зэрэг сонирхол татахуйц сэдвээр өөрийн бодлоо хуваалцсан байна. Сонин.мн сайтын редакц зохиогчийн зөвшөөрлөөр  уншигч та бүхэнд тус тэмдэглэлийг хүргэж байна.  Нийтлэгдээгүй олон олон сонирхолтой зураг, тэмдэглэлийг  зохиогчийн зөвшөөрлөөр тун удахгүй уншигч та бүхэнд хүргэх болно.
 
 
 
Потала хийдийг Далай лам 1645 онд энэ хийдийг бариулжээ
 
Кайлас ууланд хүрэхийн тулд дэлхийн хамгийн өндөрт байрлах Лхас оров. Лхас гэдэг нь "бурхадын газар" гэсэн утгатай. Далайн түвшнөөс 3500 метрийн өндөрт байдаг. Нисэх буудлын гүйх зурвас нь 4000м. Агаар сийрэг тул онгоц хурдтай бууна, мөн хөөрөхийн тулд уртаас урт зурвас хэрэг болно. Сийрэг агаартай тул Ус 85 градуст буцална. Ус буцалгаж нэг удаагийн хоол идэх арга байхгүй, түүхийрэнэ. Буцахдаа онгоцонд халуун цай захиалж "халуун цай" гэж юу байдгыг мэдэрч билээ. 
 
 
 
Кайлас ууланд очихын тулд бүх хүмүүс Лхас хотод Хилийн цэргийн газраас зөвшөөрөл авах ёстой ажээ. Надад туслах ёстой өвөр монгол хэлмэрч маань "би хятадын иргэн надад зөвшөөрөл хэрэггүй" гэв. Гэвч замд хилийн цэргийн эхний шалгах цэг дээр нөгөө хэлмэрч маань зөвшөөрөлгүй тулд үлдэж хоцорч билээ. Хоёр хоног зөвшөөрөл хүлээх зуур хэд хэдэн том дурсгалт газруудаар орж амжив. Түүний нэг нь Потала хийд. Уг хийд нь бүх далай лам нарын ажиллаж, амьдарч байсан ордон аж. 5 дугаар Далай лам 1645 онд энэ хийдийг бариулжээ. Барилгын ажил 3 жилиййн дотор дууссан боловч дотоод засал нь 45 жил хийгдсэн. 1000 өрөөтэй. 1959 онд 14 дүгээр далай лам Энэтхэг рүү дүрвэхээс өмнө хийд байсан бол одоо музей болсон. Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн. Эвдрэлд оруулахгүйн тулд Өдөрт 1500 хүнээс илүү үзэгч оруулах хориотой богиносгосон цагаар ажилладаг гэнэ.Дотроо үе үеийн далай ламд зориулсан алтан суваргуудтэй. Суваргууд нь алт, мөнгө, зэс, эрдэнийн чулуугаар хийгдсэн. Жишээ нь нэг том суварга босгоход 2 тонн алт, очир алмас, эрдэнийн чулуу үй олноор орсныг үзэж билээ. Потала хийдийг АНУ-ын USA Today сонин, Америкийн телевизын Good Morning America шоу 2006 онд Ертөнцийн 7 гайхамшигийн жагсаалтад оруулжээ.14 дүгээр Далай ламыг төлөөлүүлсэн хувцас бүхий сүг бүхий өрөөтэй. Хийдийн үүдийг Цаст уулын цагаан барс манаж буй.
 
 

Түвдүүдийн сүм, хийдийг барих газрыг сонгодог аргыг харуулсан нэгэн нууцмал зургийг хөшигний ард байхыг олж зургийг нь авч билээ. Хийдүүдийн газрын байршил өөр хоорондоо уялдаатай, тэнгэр, газартайгаа нягт барилдлагаатай бололтой шүү. Монголчууд Тэнгэр эцэг, Дэлхий ээж гэдэг. Түвдэд ч ялгаа алга. Харин нь ч хот байгуулалалтын зарчим нь байгаль дэлхий, хүмүүний хоорондын шүтэлцээг бодолцсон шиг санагдав.

Монголд уснаасаа хол, хад чулуун дунд оршин байдаг нэгэн сум санаанд орлоо. Би шөнө дунд очоод хоноглоод өглөө нь босоод гайхаж “Яаж яваад ийм газар сум бий болчихдог байнаа” гэж дуу алдснаа санаж байна. Хариулт нь маш энгийн байж билээ. Сум байгуулах үүрэг даалгавар авсан тэр үеийн дарга морин дээрээ нойрмоглож яваад Төрийн тамгыг тэнд унагаасан гэнээ. Тамга энд уначихлаа. Сум байгуул гэсэн бололтой юм. Нэрийг нь хэлээд яах вэ ямарч буруугүй монголчуудаа гомдоочихно. 

 
 
 
Сүлд гэдэг нь эртний монголчуудын Зүлдэ гэдэг үгнээс улбаатай
 
Кайлас уул руу явах Хилийн цэргийн зөвшөөрөл хүлээсэн 2 хоног бидэнд сайнаар эргэв. Өндөр газарт шууд очиход толгой хүндэрч өвдөнө. Ялангуяа эрэгтэй хүүхэд их мэдрэмтгий тул хэвтэрт орох явдал бий. Савтай Хүчилтөрөгчийг бага багаар хэрэглэж биеэ дасгадаг. Энэ зуур Жоканг хийдээр орлоо.Энэ хийдийг Соронзон Гомбо хаан 639 онд байгуулжээ. Түвдэд бүддийн шашныг нэвтрүүлсэн, түвд үсэг зохоисон ач буянтай хаан аж.  Хийд тэр чигээрээ бүддийн шашны түүх байлаа. Үе үеийн хувилгаадуудын шуумал дүртэй. Бараг 800-аад байдаг гэсэн. Ихэнх нь нийтэд хаалттай юм. Монголын их хаадуудтай холбоо тогтоож байсан Пагва лам болон, Чингис, Өгөөдэй хаантай холбоо тогтоож байсан лам нарын шуумал дүрийг олоод хэрэндээ сэмхэн зургийг нь авч билээ. Маргааш өглөө нь авсан зургуудаа шалгаж байтал дээрх зургууд маань гэрэл зургийн аппаратад байсангүй. Ахин дахин шалгав. Яах ч аргагүй 3 зураг авсан гэдэг нь авсан зургуудын "тоолол"-д тэмдэглэгджээ. Гэвч зураг нь алга. Бүр ядаж хоосон харанхуй кадр ч алга. Зөвхөн зургийн тоололд 3 кадр сох дутлаа. Харамсахын дээдээр харамсч гайхахын дээдээр гайхав. Монголын их хаадын түүхтэй холбоотой лам нарын зургийг авч чадсангүй. Болдоггүй ч байж магад.
 
Хийдийн орой дээр Хар туг бий. Дорнод аймагт Тугийн сүм гэж байсан юм. Тэр сүмд ажил хийж явсан нэгэн ахмад надад тугийн сүмийн талаар дуртатгалаа гар бичмэлээр ирүүлж билээ. Би түүнийг нь чухалчлан үзэж товхимол болгон хэвлүүлээд хүргүүлэхдээ цөөн хэдийг өөртөө үлдээсэн юм.Тэрхүү ахмадын хэлснээр Сүлд гэдэг нь эртний монголчуудын Зүлдэ гэдэг үгнээс улбаатай гэнэ. Зүлдэ гэдэг нь хонины толгой, зүрх, уушиг, багалзуурын хэлхээг хэлдэг байж. Амь орших, сүнс орших хэсэг гэж үзэж байсан бололтой. Чингисийн хар сүлд тэрхүү сүмд байж байгаад урагш Өвөр Монгол руу алдагдаад хожим нь Бээжин рүү явсан гэдэг. Өвөр Монголчууд хожим нь Бээжингээс нэхэл дагал болоход мөн л цааш Хятадын баруун тийш сураг нь гараад алдарсан гэдэг.Юутай ч өнөөдөр Улсын музейд хадгалагдан байгаа Сүлдтэй хэлбэр, дизайны хувьд ижилхэн Сүлдийг Жоканг сүмийн оройд заларсан байхыг харав.
 
 
 
 
 
 
 
 
 
Азийн хүн амын 85 хувь нь Түвдийн өндөрлөгийн усны эргэлтээс хамааралтай
 
Түвд. Энэ үгийг сонсонгуут хүмүүсийн нүдэнд Далай лам харагддаг байх. Тэглээ гээд буруу юм юу байхэв. Гэвч Түвдийг жаахан өөр өнцөгөөр харах гэж оролдьё. Газар зүйн хувьд Түвдийн өндөрлөг онцгой чухал ач холбогдолтой юм. 2,5 сая хавтгай дөрвөлжин км энэхүү нутгийг "дэлхийн дээвэр" гэдэг юм билээ. Тэнд Хятадын цөмийн болон пуужингийн томоохон баазууд байдаг. Бүдүүлэг надад дээвэр дээрээс буудахад амар байх гэж бодогдов. 
 
Дэлхийг хүмүүс хоёр туйлтай гэж боддог. Өмнөд туйл -Антарктид, хойт туйл -Хойт мөсөн далай. Өмнөд болоод хойт туйлын мөс хайлвал юу болохыг төсөөлөхөд бэрх. Энэ талаар Холивуд гуай нүдэнд харагдтал кино хийж буй. Тэгвэл Түвдийн өндөрлөг бол дэлхийн гуравдахь туйл юм. Тэнд хэдэн арван мянган мөсөн гол, мөнх цас, мөс бий. Түвдийн өндөрлөг бол дэлхийн усны цамхаг юм. Тэндээс дэлхийн 10 том гол мөрөн эх авдаг. Судалгаагаар Азийн хүн амын 85 хувь нь Түвдийн өндөрлөгийн усны эргэлтээс хамааралтай юм.
 
Түвдийн өндөрлөгт тариа будаа ургахгүй. Тиймээс Түвдчүүдийн 40 хувь нь морь, хонь, сарлагаа маллаж нүүдэлчин амьдралтай хэвээр байгаа. Нүүдэлчдийн иргэншилд олон нийтлэг зүйл байдагыг тэндээс харж болно. Өөрийгөө танихын тулд бусдыг тэр дотор Түвдийг сонирхож үзвэл сонин санагдсан шүү.
 
 
 
 
 
Манай тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны улс нь Түвд
 
Лхас. 500 мянган хүн амтай. 70 хувь нь түвдүүд, бусад нь хан болон бусад үндэстэн. Хот нь зам, барилга, гүүр, хот зохион байгуулалтын хувьд цэвэрхэн, орчин үеийн санагдсан. 
Хот дотор сэтэртэй хонь явж байх нь энүүхэнд. Лхасаас Кайлас уул хүртэл 1000 гаруй км. Машин хөлслөв. Цаг давчуу тул их л хурдтай довтолгох юм бодож билээ. Гэвч замд гарсан хойноо хурдлах бололцоогүйг ойлгож билээ. Зам дээр үе үе шалгах цэгүүд тааралдана. Нэг цэгээс нөгөө цэг хүртэл тодорхой цаг зарцуулсан байхыг шаарддаг нь сайхан санагдав. Жолооч маань хурдттай явж явж дараачийн цэгт ойртохоор цагаа хүлээгээд зогсчихдог байлаа. Цагаасаа өмнө очвол торгуультай юм. 
 
Зам зуур хулангийн сүрэг тааралдана. "Их Монгол элс" маань яаж яваад энд нүүгээд ирчихвээ гэж бодогдох үе байв. Лхасаас баруун тийш явах тусам хөгжил алслагдаж байгааг мэдэрнэ. Намайг аялж явахад засмал зам бүрэн баригдаж дуусаагүй байлаа. Уулын зам учир ус зайлуулах суваг нь замын хоёр талаар онгорхой нүх мэт. Нойрмоглож яваад нүх рүү унасан пад падтай таарч явлаа. Түвдийн өндөрлөгт давхиж явахдаа "яаж яваад бидний монголчууд Түвдтэй амин холбоотой болсон юм болоо" гэсэн бодол толгойноос гарахгүй байж билээ.
 
 
 
1911 онд 8 дугаар Богд тэргүүтэй монголчууд Монголыг тусгаар улс хэмээн зарлахад манай тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны улс нь Түвд байж билээ. Үүнийг дипломатын ухаанд "Kin syndrome" буюу "Садан төрлийн синдром" гэдэг юм байна лээ. 
 
 
 
 
Кайлас уул хүмүүн төрөлхтөнд ямарваа нэгэн аюулыг анхааруулсан байгалийн пирамид юм
 
Кайлас. Санскрит хэлээр Болор тунгалаг гэсэн үг. Түүний өндрийн хэмжээ далайн түвшнээс 6666 метр. Кайлас уулнаас Хойт туйл хүртэл 6666м. Кайлас уулнаас хойт туйл руу дамнуулж шугам татвал тэрхүү шугам дээр Мексикийн пирамид байдаг гэнэ. "6" муу тоо. "66" их муу тоо. "666" маш муу тоо. "6666" үүнээс илүү муу гэж байхгүй хэмээнэ. Хүний биет шүглэсэн чөтгөрийг 6 гэсэн тоогоор төлөөлүүлдэг явдал орон оронд байдаг байна. Кайлас уул хүмүүн төрөлхтөнд ямарваа нэгэн аюулыг анхааруулсан байгалийн пирамид юм. Энерги дэргэд нь мэдрэгдэнэ.
 
 
 
 
Кайлас Уулын яг оройд гарч үзсэн хүн байхгүй бололтой юм. 2001 онд Хятадын Засгийн газар Испанийн уулчдад дээр нь гарах зөвшөөрөл өгсөн боловч олон түмний дургүйцэлтэй тулгарч ер нь энэ уулын дээр гарахыг нэг мөсөн хоригложээ. Уулыг гадуур, дотуур гороолдог. Ихэнх хүмүүс гадуур нь гороолдог. Нэлээд гэгээрвэл дотуур гороолох бололцоотой болдог байхаа. Гороолох замын урт 53 км. Өгсөж уруудах графикийг хавсаргав. Ихэнх хүмүүс замдаа хоноглодог. Нэлээд бэлтгэл сайтай хүмүүс 15 цагт гороолж чадна гэжээ. Бид 19 цаг царцуулсан. Бэлтгэл сайнгүй байсных бизээ.
 
 
Том бэрхшээл бол Өндрийн өвчин. Өндөрт хүчилтөрөгч бага байдаг гэж хүмүүс боддог. Уул нь агаарт хүчилтөрөгчийн агуулга 21 хувь байдаг ба энэ агуулга дэлхийн гадаргаас барагцаалбал 21 км дээш өөрчлөгдөхгүй л дээ. Гэхдээ өндөрт даралт бага байдаг тул биднийг амьсгалж байхад хүчилтөрөгч цусанд бага орж, харин нүүрстөрөгчийн дан исэл илүүтэй цусанд орсноос хордож өндрийн өвчин тусдаг. Үүнийг бид хүчилтөрөгч өндөр ууланд бага байдаг хэмээн ярина. Гороо хийх хүмүүст энэ мэдрэмж заавал учирна. Ер нь өндрийн өвчин жирийн хүний хувьд 2500 метрээс эхэлдэг гэнэ билээ. 
 
Өндрийн өвчнөөс гадна биеийн бэлтгэл бас хэрэгтэй байхаа. Гороолох явцад 5700 метрийн өндөрт гарах хэрэг болно. Энергийн зарцуулалт өндөр. 4000 метрээс дээш өндөрт 100 метр алхах нь энергийн хувьд тал дээр 4 км алхсантай тэнцэнэ.
 
 
 
Түвдүүдийн 90 хувь нь бүддийн шашинтай, 10 хувь нь БӨӨН шүтлэгтэй
 
Дэлхийн том гурван шашин үүссэн цаг үеийг хэрвээ буруу санаагүй бол хэльюү. Бүддийн шашин манай эриний өмнөх 6 дугаар зуунд бий болсон гэдэг. Гаутама Бүддаг үндэслэгч хэмээнэ. Түүнээс даруй 500-600 жилийн дараа Христийн шашин бий болж. Ертөнцийн эзэн Исүс тэр үед цовдлуулсан бололтой юм. Он цагийн дэлхийн тоолол Христос заларсантай холбоотой билээ. Христийн шашнаас хойш 500-600 жилийн дараа Исламын шашин бий болж. Зөнч гэгээн Мухамед ертөнцөд заларсан гэнэ. Өнөөгийн ертөнцийг энэ гурван том шашингүйгээр төсөөлөхийн аргагүй.
 
Тэгвэл тэднээс хавьгүй урт настай нэгэн шашин байдаг аж. Түүний нэр БӨӨН шашин. Үүсэл гаралыг хөөвөл 18000 жил гэнэ. Үндэслэгч нь Тонба Шинраб. Түүний сэрэг дүр монголчуудад танил байж магад. Тонба нь олон олон бүдда бурханаас хавьгүй өмнө байсан бурхан болж таарна. Түвдүүд нэг л шашинтай гэж бид боддог. Үгүй юм билээ. Түвдүүдийн 90 хувь нь бүддийн шашинтай, 10 хувь нь БӨӨН шүтлэгтэй. Түвд хоёр шашинтай гэх яриа байна. БӨӨН шашныг Бүддийн шашнаас өөр гэж үздэг явдал бий. Жаахан гүйнзгийрүүлээд харвал Энэтхэгт үүссэн бүддийн шашин Гималайн нуруун дээгүүр давж ирэх бололцоогүй тул Персээр дамжин Түвдэд манай эриний 6-7 дугаар зуунд орж ирээд БӨӨН шашныг баахан шахсан бололтой юм. Тэр үед Ландрам хааны үед Түвдийн эзэнт гүрэн задралд оржээ. Монголд "ландрам" гэдэг хараал үг бий. Задарсан, бутарсан, бүтэлгүй зүйлийг ландрам гэж манай настайчууд одоо ч хараана даа. 
 
Бөөн шашин гэж харьцангуй саяхнаас л ярьж байгаа даа. Шашин ч юмуу, Бөө Тэнгэр сүсэг ч юм уу аяандаа шинжлэх ухаанд тодрох биз. Бөөн суврагууд одоо ч Афганистан, Иранд байдаг гэсэн. Бөөн шашныг 1990 он хүрч байж бүддийн шашны нэг хэсэг гэж үзэх аядаж байгаа юм. Зөв үү, буруу юу бүү мэдээ.
Юутай ч манай оюун санааны төөрөгдлийг засахад хэрэгтэй судалмаар эд байсан гэдгийг л хэлэх байна.
 
Бөөн сүсэгтэн Кайлас уулсыг 9 хас "дээр дээрээсээ давхаралдан бий болгосон" гэж үздэг. Гороолохдоо цагийн зүүний эсрэг. Өөрөөр хэлбэл дэлхийн эргэлтийн дагуу юм. Кайлас уулыг хоёр талаас нь эсрэг эсрэг урсгалаар яг л хүний гений мушгираа шиг гороолох нь огторгуйн энергийг хүний дотор бий болгож, ингэснээрээ огторгуйд ч хүмүүн өөрийн ашиг тусаа илгээж байгаа хэрэг билээ. 
 
 
 
Тангуд улстай дайтсныг олон хүмүүс Түвдүүдтэй тулалдаж байсан гэж бодсон байна
 
Түвдийг орчин цагийн монголчууд 1945 онд хийгдсэн "Цогт тайж" киногоор төсөөлдөг. Кино бол кино. Уран сайхны хэтрүүлэгтэй. Түүхийн гуйвуулгатай ч гэж хэлж болно. Гэхдээ мэр сэр алдаг оног мэдээ байнаа байна.
 
Бүддийн шашин дотроо олон чиглэлтэй. Одоо цагт Гэлэгва буюу Шар малгайтнууд давамгайлж буй. Манайхан бүддийн шашныг "шарын шашин" гэж нэрийдэнэ. Шашин муухай гэсэн коммунизмын үзэл суртлын хордлого тайлагдаж дуусаагүй тул шар муухай, улаан сайхан гэж бодоод байдаг байж магад. Түвд, Монгол, Бутан гээд олон оронд тархсан бүддийн шашны урсгалыг барууны эрдэмтэд хэрхэн авч үздэг тухай зургийг хавсаргав. Нянма, Кагью, Сахьяа, Жонон нь "улаан малгайтнууд".
 Гүн ухааныхаа хувьд 80 хувь нь адилхан. Нэр томьёо, тайлбарлах аргаараа нэлээд зөрдөг бололтой юм. Тиймээс шар малгайтан болон улаан малгайтан (заримдаа хар малгайтан гэдэг) бүгд л бүддийн шашинтан болой. Монгол бүддизм бас ч үгүй ялгаатай гэж боддог. Ямар ялгаатай вэ гэдэг талаар хожим нэг бичих бололцоо олдох бизээ.
 
1206 он гэхэд Түвдүүд анхнаасаа монголчуудад дагаар орсон тул Чингис хаан Түвд рүү довтлоогүй гэнэ. Тангуд улстай дайтсныг олон хүмүүс түвдүүдтэй тулалдаж байсан гэж бодсон шиг байгаа юм. Энэ талаар барууны болон бусад түвд судлаачид санал нэгдээд байгаа юм байна. Чингис хааны ач, Өгөөдэй хааны хоёрдахь хүү, Гүюг хааны дүү Годан ноён 1240 онд Доорд Дархан тэргүүтэй гурван түмэн цэрэг Түвдэд илгээж довтолсон тухай түүхэнд бичигджээ. Өөртөө дагаар нэгэнт орсон Түвдэд яагаад довтлох хэрэг гарав гэдэг талаар түүхчид хариу олоогүй байна. 14 дүгээр зуун хүртэл Түвдүүд Их Монгол улсын харьяанд байж байгаад Хубилай хааны Юань гүрэнд хамаарч дараа нь задрах үед Түвд монголчуудаас тусгаар болсон гэнэ. 
 
 
 
 
Хүний хүнээр түүхээ бичүүлээд байвал хол явахгүй нь ойлгомжтой
 
Хантингтон дэлхийн өнөө цагийн зөрчлийг иргэншил хоорондын мөргөлдөөн хэмээдэг билээ. Гол гол томоохон иргэншлүүдийг тодорхойлсон газрын зураг ч зураад амжсан. Тэрхүү зураг дээр бүддизм нэрийн дор Монгол, Түвд нэг иргэншилд хамаардаг. Тохиолдлын биш байхаа. Энэ талаар манайхан өөрсдөө судалгаа хийх учиртай юм. Хүний хүнээр түүхээ бичүүлээд байвал хол явахгүй нь ойлгомжтой. Би хувьдаа "Монгол иргэншил" гэж бий хэмээн ярьж буй. Тэр иргэншилд түвдүүд мөн хамаарна. Түвдүүд Их Монгол улсын нэг хэсэг байсан бөгөөд 14 дүгээр зуун хүрч Хубилай хааны Юань гүрэн задрахад биеэ даасан. Түвдэд бүддийн шашны урсгалууд өөр хоорондоо үзэлцэхэд Ойрд Монголын Гүш хаан улаан малгайтнуудыг дарж байж.
 
 
 
 
 Монгол, Түвд "бүддизм" нэртэй нэг иргэншилд хамрагдах үндэс нь эртнээс бизээ. 15 дугаар зуунд Вьетнамд монголын морьтнууд хүрч байсан ба тэр үед вьетнамчууд монголчуудыг "Бүддийн дээрэмчид" гэж нэрлэн түүхэн бичлэгтээ үлдээсэн гэнэ.Кайлас уулыг гороолох гэсэн биш, түүхийн ээдрээтэй баахан асуудлыг хөндлөө. Шинээр асуудлыг харах өнцөг өгөх гэж бодсон юмаа. Гэвч үүнийг ФБ-ээр хийх ёсгүй л байх л даа. Сүмбэр уулыг гороолох явцад хэсэг түвд хүмүүс бөөгнөрөн амс хийхийг хараад дөхөж очиж билээ. Тэд арвай гурилаар замбага зуураад надад сарвайлаа. Данхнаасаа хар цай хийж өгөв. Би эртний монголчуудтайгаа л уулзалдах шиг болсон.
 
 
 
 
Түвд дотоод бясалгал руугаа гүнзгий нэвтэрчээ. Монголчууд бид гадаад талруугаа, материаллаг зүйл рүү илүү нэвтэрч дээ янз нь. Хэн нь зөв гэдгийг хэлэхийн аргагүй. Сэтгэлээ захирдаг, эд юмсанд шуналгүй байвал Монгол иргэншлийн шинж улам тодрох юм шиг санагдсан шүү. Түвд хүний нүдэнд ядарсан зовсон шинж тэмдэгийг олж хараагүй. Харинч тэд нэг л жаргалтай. Материаллаг зүйлд хэт умбавал бид жаргалыг бас олж чадахгүй байх. Ямар ч байсан бид Монгол иргэншлийн нүүдэлчин хүмүүс.
Улаанбаатарт буулаа. Нэг өдөр Германы Элчин Сайдын Яамнаас утасдаж байна. "Таныг Кайлас ууланд явсан гэж сонслоо. Багын бүх гишүүдтэй чинь нэг орой сууж зоог барья гэлээ. Том орны элчин сайд хүсч байхад яаж татгалзах билээ дээ. Товлосон өдөр багаараа очлоо. Тэнд Германы элчин сайдаас гадна Франц, Энэтхэгийн элчин сайд мөн олон хүмүүс иржээ. Замын сонингоо ярьж өглөө. Соёл иргэншлийг углуургаар нь ойлгодог хүмүүстэй хөөрөлдөх сайхан байж билээ.Үүгээр Кайлас ууланд гороолсон тэмдэглэлээ төгсгөе.Сонирхсон бүх хүмүүст баярлалаа.
 
 
Хожмоо Бумбын орноор явсан тухай бас бичьюү хэмээн бодож байгаа. Удахгүй Чанчун бумбад их Хааны илгээсэн захидлыг орчуулж хүргэх болноо.
 
Эх сурвалж: “facebook.com/enkhsaikhan.mendsaikhan