sonin.mn

Уул уурхайн яамнаас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, Ууул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган болон бусад албаны хүмүүс энэ сард буюу энэ сарын геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудаа танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас зарласан “Эзэн 100” хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайн салбарт 19 ажил төлөвлөгдсөн. Энэ үйл ажиллагаа ерөнхийдөө бол 65 хувьтай хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байна. УУЯ-тай холбоотой Ашигт малтмалын тухай болон Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар батлагдаад байгаа юм.

Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байна

Монгол Улсын уул уурхай, газрын тосны салбарын хууль эрхзүйн орчин ойлгомжгүй, хоцрогдсон байснаас шалтгаалж гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа зогсоох болсон. Гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгээд байсан Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын энэ оны долдугаар сарын 2-ны өдрийн хурлаар баталжээ.

Хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих, эрх зүйн үндэс бүрдэж, уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх боломж бүрдсэн хэмээн тус яамны удирдлагууд үзэж байна.

Тухайлбал, ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт олгож эхэлснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, ашигт малтмалын нөөц арвижих, эдийн засгийн чадавхи, дархлаа сайжрах нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн геологийн судалгаа, шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, экспортын орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрүүд шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх зэрэг ихээхэн ач холбогдолтой хэмээн Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хэллээ.

Мөн УУЯ-наас Засгийн газраас баталсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайнуудын өргөдөл хүлээн авах талбайг тухай бүрт нь хэсэгчилэн зарлахаар төлөвлөж байна. Харин Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах дугаарыг цахим хэлбэрээр тараах бөгөөд улмаар энэ ондоо багтаан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахим хэлбэрээр хүлээн авах зорилт тавин ажиллаж байгаа аж.

Улсын төсөвт 481.2 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ

Уул уурхайн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18.5, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 66, нийт экспортын 83.2, улсын нэгдсэн төсвийн орлогын 17.5 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 81 хувийг бүрдүүлж байна. 2014 оны эхний хагас жилийн байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 479.9 мянган тонн, нүүрсний үйлдвэрлэл 11.7 сая, алтны үйлдвэрлэл 3.0 тонн, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 159.5 мянган тонн байна.

Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 2.7 сая, цайрийн баяжмалын үйлдвэрлэл 46.8 мянган тонн, газрын тосны үйлдвэрлэл 3.6 сая баррелыг олборлоод байна.

Өнгөрсөн оны эхний хагас жилтэй харьцуулвал зэсийн баяжмалын үйлдвэрлэл 57.4 хувь, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 17.5 хувь, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 17.1 хувь, газрын тосны үйлдвэрлэл 53.4 хувиар тус тус өссөн байна. Нийтдээ, 2014 оны эхний хагас жилийн байдлаар уул уурхайн салбараас татварын орлогоор улсын төсөвт 481.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

2014 оны эхний хагас жилийн өссөн дүнгээр 9.4 сая тонн нүүрс экспортлоод байгаа бол зэсийн баяжмал 583.5 мянга, молибдений баяжмал 1.7 мянган тонн, алт 2.5 тонн., жонш 138.4 мянган тн, төмрийн хүдэр 2.6 сая тонн, цайр 45.4 мянган тонн, газрын тос 3,4 мянган баррелийг тус тус экспортлоод байна. Өнгөрсөн оны хагас жилийн байдлаарх экспортын дүнтэй харьцуулвал цайрын баяжмалын экспорт 34.5 хувь, газрын тосны экспорт 39.4 хувийн өсөлттэй байгаа юм.

Монголбанкинд 2014 оны хагас жилийн байдлаар 4.1 тонн алт тушаагаад байна. Үүнийг 2013 оны хагас жилд 2.5 тонн алт тушааж байсантай харьцуулвал 65.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Энэ нь Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох талаар Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн бодит үр дүн гэж үзэж байна.

Шатахууны 34 хоногийн нөөцтэй байна

Уул уурхайн яамнаас өгсөн мэдээллээр энэ сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 34 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 40, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 41, ТС-1 20 хоногийн нөөцтэй байгаа аж. Харин шатахууны үнэ тогтвортой, Петровисийн шатахуун түгээх станцуудаар А-80 1550, Аи-92 1660, дизелийн түлш 1790 төгрөгөөр борлуулагдаж байна.

Хүчингүй болгосон хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгоно

Засгийн газар энэ сарын 3-ны өдөр тогтоол гаргаж шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон хайгуулын болон ашиглалтын 106 талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохоор болсон байна.

Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө хийгдсэн геологи, хайгуулын ажлын зардлын баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох юм. Үүний дараа сонгосон талбайг нээлттэй зарлаж шалгаруулалтыг явуулах юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Цэрэнжамц

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг