sonin.mn

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд 2014 оны 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд манай улсад айлчилна.

Энэхүү айлчлал нь тус улсаас манай улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анх удаагийн айлчлал гэдгээрээ онцлог юм.

Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд нар айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар Монгол Улс, Канад Улсын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх боломжийн талаар харилцан санал солилцоно.

Мөн Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд нарт бараалхана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.