sonin.mn

МАХН-ын удирдах ажилтны зөвлөгөөнөөс уриалга гаргажээ. Төөрч тойрч, дөлж захалж  давхисаар төв рүүгээ одоо л нэг зүглэж эхлэв үү гэх бодол төрж байна.

Уриалгад :“Шударга ёс” бүлгийн 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тууштай арга хэмжээ авч ,стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг ашиглах асуудлаар МАХН-ын байр суурь,тухайлбал бүх  баялгийн үр ашгийг ард түмэндээ тэгш хувиарлах саналыг хэрэгжүүлэх асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг УИХ, Засгийн газрын гишүүдэд хандан уриалж байна” гэжээ.

     Үнэнээс төрсөн бол энэ уриалга их ажлын эхлэл гэдэг утгаараа үнэ цэнтэй юм.Уриалгыг дагаад МАХН-аас хийх үйл ажиллагааны төлөвлөгөө гарах нь мэдээж. УИХ,ЗГ,АН-д хандан шаардлага хүргүүлэх байх.Цаашдаа үйл ажилллагааны эрч хүч, далайц улам бүр хүчжээд/ тэмцлийн хэмжээнд/ явах нь тодорхой.

Ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа орсон байх.Удахгүй олон түмэнд танилцуулах байх.Үр дүнд хүргэх гэсэн чин эрмэлзлийн дагуу хийгдэж байгаа аливаа үйл ажиллагаа энэ мэт дарааллаар явагддаг. Учир нь дан ганц уриалгаар сонгуулийн амлалтаа биелүүлж чадахгүй нь тодорхой.

Туршлагатай улс төрч Н.Энхбаяр тэгж бодоогүй гэдэг нь бас тодорхой. Хэрэв уриалга  цаасан дээр царцаж 2016 оныг хүргэвэл  зүгээр л нүд хуурсан жижигхэн тоглолт байжээ гэдгийг бүгд мэдэж авна.Тэгээд ч МАХН-ынхан анхнаасаа өөрсдийн бололцоо, хүч хэмжээний хүрээнд  л сонгуулийн амлалтаа гаргаж тавьсан байж таарна.

Шинэ нам засгийн эрхэнд гарч чадахгүй гэдгээ мэдэж байсан учир парламентад бүлэг байгуулах хэмжээний санал авах нь анхны том зорилт байсан. Энэ зорилгынхоо хүрээнд  биелүүлж  чадна гэж гэсэн зүйлээ л амласан. Тэр амлалт нь энэ байна.

1. Оюутолгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө.
2. Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна. (МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 3 дугаар бүлгийн 38, 39 дэх заалт)

 Гэтэл ядарсан биш завшив гэгч болж засгийн эрх барих боломж буюу амлалтаа биелүүлэх илүү боломж гарч ирсэн. Харин өдий болтол энэ мэт боломжийг өөр зүйлд ашиглаад хэрэглээд байснаа засах өөрчлөх чиглэл рүү хүссэн хүсээгүй орж байгаа нь хувь хүн ,бүлэг хүчнээс үл хамаарах улс төрийн дотоод зүй тогтлын нэг л дээ.

      Зарим нам ,хүчнүүд шүүмжилж л байна лээ: “Уриалга уу, урилга уу.Бид амласан. Та нар харин биелүүл гээд ч байгаа юм шиг өнгө аястай. Амлалтаа санал гэсэн ч байх шиг. МАХН-ын дотоод зөрчил харагдаж байна. Давхар дээл тайлахыг гишүүддээ уриалсан боловч дан болохыг хэн нь ч хүсээгүй.

Бусдаас буюу АН-аас илүү хамаарах зүйл дээр болохоор бүхий л арга хэмжээг авах,нэн даруй шийдвэрлэх гэх зэргээр тулган шаардсан хирнээ өөрсдийнхөө амлалтыг болохоор бүрхэг бөөрөнхий , эзэнгүйдүүлсэн маягтай тусгасан байна” гэх мэтээр шүүмжилж байна.За яахав дээ тиймэрхүү юм байх.

Хамгийн гол нь сонгуулийн амлалтаа баталгаажуулж,олон нийтэд дахин нэг удаа сануулж мартсаныг нь сэргээж, унтсаныг нь сэрээж байгаад л уриалга-амлалтын ач холбогдол оршино. Тэгээд ч харуулах гэж их хичээсэн зарим зүйлийг харахгүй өнгөрөх нь зөв байх нь олонтаа.

    Энэ бол МАХН-нхан ард түмэнд дахин нэг том амлалт өглөө гэсэн үг. Амлалтаа яасан бэ гэсэн ард түмний асуултад энэ байна гэж хариулж байна. Амлалтаа биелүүлнэ ээ гэж амлаж байна. Стратегийн ордуудын бүх  баялгийг ард түмэнд өгүүлэх талаар УИХ, ЗГ-ыг шахаж ажиллана гэж амлаж байна.

Үүний төлөө тэмцэнэ гэж амлаж байна.Олигархиудаас ард түмний өмчийг хамгаална гэсэн сонгуулийн амлалтаа биелүүлнэ гэж амлаж байна.Амлалтаа биелүүлнэ гэж амлана гэдэг бол зөв гарцыг олж харсан итгэлтэй “ амнаас “ л унана.

    Хэрвээ АН садаа болоод байгаа юм бол ард түмэнтэйгээ нийлээд тэднийг шахах эрх бололцоо МАХН-д байна. Яагаад АН-нхан Оюутолгойн гэрээг засах аргыг нь хэлж өгөөд байхад зөвшөөрөхгүй байгаа юм бол гэж ард олон бодог л дээ.

Яагаад АН-ынхан төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авахаас татгалзаад байгаа юм бол.Яагаад АН-нхан МАХН-ын сонгуулийн амлалтыг биелүүлэхийн эсрэг байгаа юм бол гэдгийг олон нийт мэдэж аваг л дээ.

    Ард түмний дэмжлэг АН- аас хүчтэй. Үүнийг харуулах боломжийг МАХН-нхан алдахгүй байлгүй дээ Учир нь бүх хариуцлагыг АН,МАХН хоёулаа хамт үүрэх учиртай. Ард олон хоёуланд нь адилхан шаардлага тавьна, Хүлээнэ. Дүгнэнэ.

УИХ-дахь МАХН-ын зарим гишүүд айлын хатавчинд сууж байгаа юм шиг байдаг гэж гомдоллоод байдаг. Энэ үнэн юм бол АН-ын нүүр царайг илчлэх давхар ач холбогдолтой сайхан боломж МАХН-ынханд олдож байна

Харин АН-ынхан биднээр ажил хийлгэдэггүй байсан гэж дараа нь хэлвэл би өөрөө ажил хийгээгүй ээ гэдэг утгаар сонсогдоно гэдгийг эрх биш гадарлаж байгаа байлгүй дээ Уул нь АН-ынхан үнэхээр ажил хийлгэдэггүй юм бол хатавчинд зүгээр гар хумхиад суугаад байх хэрэг байдаг л юм байх даа гэж олон хүн гайхдаг.

Эсвэл өөр ажил хийгээд байдаг юм болов уу? Юутай ч тэнд зууралдан суугаад байх дур хүсэл байгаа болоод л одоо болтол хоргодоод байгаа нь мэдээж.

      МАХН-ын уриалга  бол зүгээр нэг амлалт биш давхар амлалт. Одоо харин    амлалтаа ажил хэрэг болгох л үлдлээ дээ. Эс тэгвээс эрхтэн дархтанууд амлалтаа тамлалт болгож байгаа бол энгийн олон тэрхүү тамлалтыг амлалт болгож чадах билээ.

Ахиад МАХН-ыг сонгохгүй Ахиад та нарт итгэхгүй Энэ бол  намуудын тамлалтад тарчилсан ард түмний амлалт юм гэдгийг эргэцүүлэхэд илүүдэх юун. Давхар давхар амлалтандаа дахин дахин унахгүй биз дээ гэж итгэнэм. Давхар дээлээ тайлаагүй ч давхар амлалтаа биелүүлэх байлгүй дээ.

Д.Өрнөхбаяр/ Шинэ үе –Шинэ хүчний холбоо/