sonin.mn

 Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт шалгагдаж буй Ц.Батбаяр нарын шүүх хурал өнөөдөр болж, шийдээ гаргалаа. Шүүхээс гаргасан шийдвэрээр Засаг дарга асан Ц.Батбаяр 2.1 жил, харин бусад нь хэрэгсэхгүй болсон юм.

Тодруулбал, Өмч хувьчлалын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан гэх Ц.Батбаярт шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 2.1 жил хорих шийдвэрийг гаргасан бол НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг гэм буруутайд тооцсон ч 2009 оны өршөөлийн хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Түүнчлэн уг хэрэгт холбогдоод байсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын хоёр хүнийг шүүхээс хэрэгсэхгүй болголоо.

 Ц.Батбаярыг нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэдэг.

Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт дээрх хүмүүсийг буруутгаж байгаа юм.

Мөн түүнийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга  бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэн төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.

Мөн энэ хэрэгт шүүгчдэгчээр татагдаад байгаа Т.Билэгтийг Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга бөгөөд Нийслэлийн өмч хувьчлах комиссын даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөн улсад багагүй хохирол учруулсан болохыг тогтоожээ.

Э.Сүрэн