sonin.mn

ГАЗА. /АР/. Газын зурваст агаараас цохилт өгч, газраар довтлох ажиллагаагаа Израиль эхэлснээс хойш Палестины энгийн номхон олон иргэн амь үрэгдсээр байна. Өчигдөр Израилийн танкууд Газын төв дэх эмнэлэг рүү гал нээсний улмаас дөрвөн палестин хүн амь үрэгджээ.

Хоёр долоо хоногийн өмнө Газын зурваст Израиль агаарын цохилт өгч эхэлснээс хойш 560 гаруй хүн амь үрэгдсэн аж. Газар доорх хонгилуудыг устгахын тулд Газын зурвасын зүүн нутгийн хүн амын нягтаршил ихтэй бүсүүдэд Израилийн цэргүүд цэргийн ажиллагаа явуулж байна. Тэдгээр хонгилыг пуужин харвахдаа ашиглаж байна гэж Палестины лалын “ХАМАС” бүлэглэлийг Израиль буруушааж байгаа юм.

Байлдааны ажиллагаа улам газар авч байгаагийн улмаас палестинчууд олноороо орон гэрээсээ дүрвэж байна. НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын мэдэгдсэнээр, 100 мянга гаруй палестин хүн дүрвээд байна.

Газын зурвасын оршин суугчдад хоол хүнс, эм тариа болон хүмүүнлэгийн бусад тусламжийг  үзүүлэхэд АНУ ойрын хугацаанд 47 сая доллар зарцуулна гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Египетийн нийслэл Каир хотноо НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүнтэй уулзсаныхаа дараа  мэдэгдэл хийхдээ хэлсэн юм.

“Хүчирхийллийг зогсоохын тулд бид чадах бүхнээ хийх ёстой. Энгийн номхон иргэд, тэднй дотор хүүхэд, эмэгтэйчүүд амь үрэгдсээр байна. Үүнийг бид зогсоох ёстой” гэж Бан Ги Мүн хэлэн, пуужин харвахаа нэн даруй зогсоохыг “ХАМАС”-т, цэргийн ажиллагаа явуулахаа зогсоож, хүлээцтэй байхыг Израильд уриаллаа.

Мөн хоёр тал гал зогсоохын тулд яриа хэлцээ хийж эхлэх хэрэгтэй гэж НҮБ-ын тэргүүн хэлэв.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг