sonin.mn

ИЕВ. /BBC/. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой осолдсон “MH17” дугаарын нислэг үйлдэж явсан онгоцны хоёр хар хайрцгийг  Малайзын шинжээчдэд Украины зүүн нутгийн салан тусгаарлах үзэлтнүүд шилжүүлэн өгчээ.

Донецк хотод болсон уулзалтын үеэр Малайзын албаны хүмүүст хар хайрцагнуудыг дамжуулан өгөх хэлэлцээрт салан тусгаарлах үзэлтнүүдийн удирдагч гарын үсэг зурсан байна.

Ослын газарт олон улсын шинжээчдийг нэвтрэхийг нэн даруй зөвшөөрөхийг шаардсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл санал нэгтэйгээр баталснаас хэдхэн цагийн дараа хар хайрцагнуудыг шинжээчдэд дамжуулан өглөө.

Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysian Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой Украины нутаг дэвсгэрт осолдож, 283 зорчигч, багийн 15 гишүүн бүгд амь үрэгдсэн билээ.

ОХУ-ын нийлүүлсэн газар-агаар ангиллын “Бук” пуужингаар Украины салан тусгаарлах үзэлтнүүд “MH17”-г буудан унагаасан гэж Өрнөдийн улсууд үзэж байгаа юм. Харин ОХУ үүнийг эрс үгүйсгэж, Украины засгийн газрын хүчнийхэн энэ хэрэгт буруутай гэж мэдэгдэж байна.

ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авах тухай Европын Холбооны Гадаад харилцааны сайд нар энэ пүрэв гарагт уулзахдаа хэлэлцэх аж.

Украины Крымыг улсдаа нэгтгэж, тус улсын зүүн нутгийн байдлыг тогтворгүй болгох эхлэлийг тавьсан гэж үзэн Москвад ЕХ болон АНУ-ын аль аль нь хориг арга хэмжээ аваад байгаа билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг