sonin.mn

Уржигдар би 10 гаруй хоног хөдөөгөөр явж байгаад ирлээ. Хөдөө л бол хөдөө юм даа. Социализмын үед хөдөө хот хоёрыг зэрэг хөгжүүлсэн. Ардчилалын үед хотжсон хөдөө устаж зэрлэгшсэн хөдөө үүсжээ. Хөдөө цаашаагаа Улаанбаатар хот руу орж ирэн хотыг хөдөө болгож бүгдээрээ л хөдөөний болжээ.

Тиймээс заавал хөдөө явах шаардлагагүй болждээ гэмээр. Материаллаг талаараа бол овоо ганц хоёр зурагтаас авахуулаад машин тэрэг элбэгшжээ. Гэтэл Монгол хүний оюун ухаан хөдөөрчээ. Хөдөөгөөр явж байхдаа ажигласан зүйл бол хөдөөний тэр сайхан сайхан эмэгтэйчүүд.

Гэтэл Монголын эрчүүдийг харахад нэг л бишээ. Түрүүчийн удаа би элит байхгүй болсон Улаанбаатар хотын тухай бичиж улстөрчид ямар их боловсролгүй вэ гэж халагласан. Энэ удаа хөдөөг яагаад ингэж буцаагаад дундад зуун луу бүр Манж Түвдийн ноёрхолын үе рүү аваачаад хаячихваа гэдэг тухай бичиж сууна.

Монголын эрчүүд яана даа гэж бодох. Тэд морь уралдуулж, бөх барилдаж, архи ууж, наймаа хийж идэж уухаас өөр увидасгүй гэж үү. Ганц хоёр овоо юм уу гэсэн эрчүүд ямарч философигүй ямар ч утгагүй хоосон шүлэг бичнэ. Түүнийгээ жаахан засаад дууны үг болгоно. Ингээд л боллоо юу?

Хүн болох тэр үйл явц үгүйлэгдэнэ. Өвгөд дээдэс эсвэл ёс заншил цаашлаад уламжлалт ёс гэх зүйлүүд малчин хүнийг л бэлдэхэд хэрэг болохоос 21-р зууны иргэнлэг хүнийг бэлдэхэд даан ч тус болохгүй. Юу тус болох вэ гэвэл Монгол хүн диплом л гэж ойлгодог мэдлэг боловсрол тус болно доо.

Түрүүчийн удаа би мэдлэг боловсролд дургүй сайдуудын тухай бичсэн энэ удаа бүр мэдлэг боловсролоос алсад хүмүүсийн тухай бичиж сууна. Өнөөдөр Монгол хүнийг хүн болгох тэр шинэ төсөл дутагдана. Яагаад төсөл дутагдаж буй гэхээр Монгол оронд зорилго алга. Жижиг хүсэлтэй хүмүүс мэдээж олон гэхдээ хүсэл нэг хэрэг чадах нөгөө хэрэг.

Мэдээж гайгүй хүсэлтэй улстөрчид бий л дээ. Гагцхүү тэд чадахгүй шүү дээ. Монгол хүн мэдлэг боловсролд хүрэхэд маш их саад болж буй зүйл бол Монгол хэл. Хэл өөрөө чадваргүй тул мэдлэг боловсролыг буулгаж чадахгүй байна шүү дээ. Ямар ч утгагүй бөөн алдаатай хэлний дүрэм нэртэй зөв бичлэг.

Түүний цаана хүнийг мэдлэг боловсролоо илэрхийлэхэд гэмт хэрэг шиг зэрлэгттдэг зэрлэг найруулга зүй. Ерөөсөө найруулга зүй Монгол хүний ухааныг балартуулсан. Хүн өөрийгөө өөрийнхөөрөө илэрхийлэх болохоос биш бусадын найруулсан найруулгаар илэрхийлэх гэдэг ямар том дормжлол вэ?

Социализмын үед хэлийг маш сайн барьж ямар үг хаана хэлэхийг хүртэл ёс суртахуунаар чиглүүлж байсан. Гэтэл өнөөдөр “пизда” гэсэн үгийг зүгээр ааваа ээжээ гэж дуудаж байгаа юм шиг л хэрэглэх жишээтэй. Монгол хүн хэлний асуудалд оржээ.

Яг хөгжил дэвшил гэж яривал ардчилалаас илүү социализм Монгол хүнд яг таарч байсан даа. Мэдээж социализмыг бүтээн босгох тэр боловсрол өндөр хэмжээнд очиж чадалгүй цол шагнал хэргэм зэрэг рүү хуйларсан тул бүтэлгүйтсэн. Өнөөдөр ардчилал ч үгүй социализм ч үгүй хар маасын орон болждээ.

Хар маасын орон болгож чадсан улстөрийн намууд болон гадаад болон дотоодын компанууд л жаргах шиг болж байна даа. Сумын наадам үзлээ, аймгийн төвийн худалдааны төвүүдээр орлоо. Айлуудаар орж ааруул идлээ сүүлдээ олон литр айраг уулаа даа.

Тэр ч эрүүл энэ ч эрүүл гэцгээж өвчтэй хүнтэй уулзсан юм шиг л байх юмдаа. Хорхог хийж баахан мах идлээ. Энд тэнд ганц хоёр гүзээлзгэнэ түүж амандаа хүлхлээ. Хэдэн зуун жилийн өмнө ийм л байсан байхдаа. Тэр цагаас хойш материаллаг зүйлс нэмэгдсэн болохоос ухаан нэг их хөгжиж оюуны түвшин нэмэгдээгүй л харагдана.

Хятад тавганаас ааруул бяслаг амсаж, Орос шатахууныг шатааж, хуванцар савнаас айраг шимж явлаа. Алтны уурхайн доорх горхиноос хар ус залиглах шахлаа. Хоёр дахь өдөр сүү гаргахгүй гээд хориотой гэх юм. Хэн хорьсон юм болдоо. Лам хорьсон уу, Чингис хорьсон уу эсвэл нөгөө бөөнүүд хорио юу.

Лам сайд бас бөө сайд дөвчигнөсөн өнөөдөр хаа л бол тэд л хорьж хааж айлгаж сүрдүүлдэг бололтой. Тэгж ч болохгүй ингэж болохгүй гээд л нэг л их аймхай Монголчууд байх жишээтэй. Яагаад ингэж юунаасаа ингэж айгаад байдаг улс вэ дээ. Бөө улстөрч лам улстөрч хотоос очоод л бүгдийг айлгадаг бололтой.

Мэдлэг боловсрол устаж танин мэдэхүй сураггүй бөглүү хөдөө явсаар бөглүү Улаанбаатар болжээ. Эд барааны бөглүү биш оюун ухааны бөглүү болждээ.
Үгүй яах вэ ингээд л хөдөөгөөрөө бөглүү байгаад байвал сайхан л байна. Гэтэл дэлхий хөгжиж байна шүү дээ.

Тэр хөгжсөн улсууд нэг л өдөр Монголчуудыг бөх барилдаад шүлэг нэртэй хоосон үгийн цуглуулга бичээд сууж байх хооронд гялс манс боолчлоод л авна шүү дээ. Тэр үед юун нөгөө энгэр дүүрэн медал ханаар дүүрэн өргөмжлөл ёстой хэн ч тоохгүй дээ. Хичнээн баатар байгаад ч хичнээн Сүхбаатарын одонтон, Чингисийн шагналууд байгаад ч даанч тоохгүй.

Хөдөөгийн байдал шалдар булдар гэдэг үед эрчүүд овоо ажил хөдөлмөртэй зорилготой байждээ. Аймаг болон сумын бүтэцийг 90-ээд онд устгаснаар эрчүүдийн ажил мэргэжил устжээ. Нэгэнт эрчүүд ажил мэрэгжилгүй болсон тул эмэгтэйчүүдийн л үүрэг ихэссэн. Ингээд аавууд алдагдсан.

Монгол эрийн эцсийн зорилго юу вэ? Тэдний хүсэл мөрөөдөл юу вэ? Монгол эрчүүдэд ирээдүйн төлөө ихийг бодож ихийг бүтээх тийм эр зориг бий юу?
Ерөөсөө яг хэлэхэд Монголын эрчүүдийг эхнэрүүд л өсгөж хүмүүжүүлж ээжийн үүргийг гүйцэтгээд буй харагдах юм. Тиймээс ерөөсөө Монголын ээжүүд хөвгүүдээ өсгөж хүмүүжүүлж чаддаггүй бололтой.

Ингээд эхнэрт бүх ял оноогдож дахин сурган хүмүүжил явагддаг бололтой. Аавууд өөрсдөө хөвгүүдийг хүмүүжүүлэх чадалгүй. Яагаад гэвэл тэд бас л олигтой сурган хүмүүжил аваагүй тул хөвгүүдээсээ холхон явах л өлзийтөй дөө.

Хөдөөний эрчүүдийн хажуугаар Улаанбаатар хотод гадаад явж сурсан гэх нэртэй дипломтой эрчүүд зөндөө л байна. Ярьж чадна хийж бүтээж чадах биш.
Сайн сайхан өсөж хөгжиж цэцэглэж явсан социализмын Монгол орон ингээд 5 өдөр наадамдаж 10 өдөр бороонд норж хөдөө ч хотод ч ус туулж шаварт суусан л зун болох шивдээ.

Улс орон 10 хоног байтугай нэг хоног ажилгүй зогсоход эдийн засаг ямар их сүйрэл үздэгийг дэлхийн хөгжилтэй орнууд бэлээхэн хэлээд өгнө дөө. Эдийн засаг устаж зөвхөн банк санхүү ярих болсон Монгол орон наадамдаад л байж дээ.

Монгол эрчүүд нэг хэсэг боос захирал болох гэж уралдсан түүний дараа УИХ-ын гишүүн болох гэж булхиадсан одоо ч бөө болцгоох гээд л дөвчигнөх шивдээ. Маргааш юу болох бол? Харцгаая даа…

Доктор С.Молор-Эрдэнэ