sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дагалдан яваа хүмүүсийн хамт өнөөдөр 13.4О минутад Токио хотын “Ханэда” буудалд газардсанаар Япон Улсад хийх ажлын айлчлал эхэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар, ЭСЯ-ны дипломат ажилтнууд угтлаа.

Өнөөдөр Токиогийн цагаар 17.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсын парламент дахь ЛАН-ын Япон-Монголын харилцааг хөгжүүлэх бүлгийн дарга М.Хаяши, бүлгийн дэд дарга Я.Шиозаки, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Нишимура нар бараалхана.

Ерөнхийлөгч өнөөдрөөс 24-ийг хүртэл Япон Улсад ажлын айлчлал хийх бөгөөд энэ хугацаанд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд голлон анхаарч ажиллах төлөвтэй байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд манай улсын томоохон компанийн удирдлага, төлөөлөл 150 шахам хүн багтсан байна.

Мөн ЗГХЭГ-ийн дарга Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал болон яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар айлчлалд оролцож байна.
Маргааш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо (КЕЙДАНРЕН)-ны төв байранд хүрэлцэн очсоноор Монгол-Японы бизнес форум эхэлнэ.

Форумд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 60 минут үг хэлэхээр төлөвлөсөн байна. КЕЙДАНРЕН нь Японы 1600 гаруй компани, тэр дундаа дэлхийд нэр хүндтэй 1300 гаруй компани, үйлдвэр үйлчилгээний 114 гол холбоо, орон нутгийн эдийн засгийн 50 шахам холбоог нэгтгэсэн эдийн засгийн нөлөө бүхий хүчирхэг байгууллага юм.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг