sonin.mn

Нийслэлийн тээврийн газраас “Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр ачаа тээвэрлэх хэрэгсэлд зөвшөөрөл олгох шинэ журам” батлав.

Хүнд даацын машины жолооч ачаа тээвэрлэлтэнд тавигдах стандарт, дүрэм журам мөрддөггүй, хүнд даацын машин нь автозам, замын байгууламжинд эвдрэл гэмтэл үүсгэдэг. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх хүнд даацын тээврийн хэрэгсэлд “ЕС” зөвшөөрлийг зургаан сарын хугацаатай олгох болжээ.

Мөн “В”, “С”, “СЕ” ангиллын зөвшөөрлийг төв зам руу зайлшгүй нэврэх шаардлагатай хоногийн тоогоор олгох аж. Тус зөвшөөрлийг жолооч жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээ ашиглан “ТҮЦ”-нд 10-20 мянга төгрөг төлж, 6 сарын эрх авах боломжтой юм. Үүний үр дүнд ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүд бүртгэлд орох, даац болон зөрчлийг бууруулах, нэгдсэн мэдээллийн сантай болох аж. Мөн нийслэлийн автозамын эвдрэлээс урдчилан сэргийлэх, эвдрэлийг бууруулах боломжтой юм.

Энэхүү журамтай холбогдон Нийслэлийн тээврийн газраас жолооч нарын нэгдсэн мэдээллийн санг бий болгох зорилгоор Мэдээлэл, технологийн , шуудан, харилцаа холбооны газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, “Үндэсний дата” төв, “Astvision”, “Smart solutions” компанитай хамтран ажиллаж байна.

Т.Ариун

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг