sonin.mn

РОСТОВ-НА-ДОНУ. /Ёхнап/. Украины зүүн нутгийн Донецк мужид осолдсон, Малайзын онгоцноос 198 хохирогчийн цогцсыг олж хөргөгчтэй вагоноор зөөвөрлөж байна.

Таван хөлдөөгч чингэлэг бүхий галт тэргээр цогцоснуудыг ослын газрын ойролцоох Торез хотоос Донецк хот руу зөөвөрлөж байна гэж ОХУ-ын төмөр замын холбогдох албаны эх сурвалжид үндэслэн “РИА Новости” агентлаг уламжлав. Цогцоснуудыг галт тэргээр зөөх ажил салан тусгаарлах хүчнийхний хяналт дор үргэлжилж байгаа аж.

Харин цогоцснуудыг зөөвөрлөж байгаа тухай мэдээллийг салан тусгаарлах үзэлтнүүдийн байгуулсан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын шадар сайд Андрей Порогин үгүйсгэв. Түүний хэлж буйгаар, одоогийн байдлаар ослын газарт цогцосуудыг эрж хайх ажил үргэлжилж байгаа ба олдсон цогцоснуудыг Донецк мужийн өмнөд нутгийн Мариуполь хот руу зөөх аж.

Учир нь Мариуполь хотод ослын газраас хамгийн ойр орших онгоцны буудал байгаа ба амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн тэнд очиж цогцоснуудыг таньж авахад дөхөм гэж тэрээр тайлбарлажээ.

Украины Засгийн газар болон салан тусгаарлах хүчнийхэн цогцоснуудыг хаашаа зөөх талаар тохиролцож чадаагүй байгаа ба ослын газраас эд мөрийн баримтууд алга болсоор байна гэж “BBC” агентлаг мэдээлж байна.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг