sonin.mn

НЬЮ-ЙОРК. /Ёнхап/. “Malaysia Airlines” компанийн онгоц осолдохоос өмнө Украины зүүн нутагт газар агаарын пуужингаар цэргийн онгоцыг сөнөөсөн хэрэг гарч аюултай бүсэд тооцогдож байсан аж.

Тухайн бүс нутгийн нөхцөл байдал аюултай болсон учир ОХУ тус бүсийг дайран өнгөрөх агаарын замыг цуцлаад байсан бол Украины тал цуцлаагүй байжээ. Гэтэл осолдсон Малайзын онгоц ОХУ-ын цуцалсан агаарын замаар нисэж явсан нь нийтийг гайхшруулж байна. Тус онгоц осолдохоос дөрвөн өдрийн өмнө Украины цэргийн Ан-26 онгоц 6400 метрийн өндөрт нисэж байхдаа пуужинд оногдон сүйрсэн хэрэг гарсан билээ. АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ-ын цэрэг, түүний дэмжлэгтэй Украины салан тусгаарлах хүчнийхэн уг хэргийг үйлдсэн хэмээн үзсэн юм. АНУ-ын нэрээ нууцлахыг хүссэн холбогдох албаны эх сурвалжийн хэлж буйгаар ОХУ Украинтай залгаа хилийн ойролцоо хоёр пуужинт цэргийн анги байрлуулсан байна. Гэхдээ Ан-26 онгоцыг Оросын цэрэг сөнөөсөн гэдийг нотлох баримт байхгүй аж. Малайзын онгоц осолдохоос нэг өдрийн өмнө буюу орон нутгийн цагаар энэ сарын 16-ны шөнө Украины зүүн нутгаар нислэг үйлдэж байсан Украины байлдааны Су-25 онгоцыг ОХУ-ын цэргүүд сөнөөжээ. Энэ мэт цэргийн онгоц, нисдэг тэрэг ээлж дараагаар осолдож байсан боловч уг бүс нутгаар бусад иргэний агаарын тээврийн онгоцнууд тасралтгүй ниссээр байжээ. ОХУ Украин хилийн ойролцоо агаарын замаар зорчигч тээврийн онгоц нэвтрэхгүй байх анхааруулга өгч байсан аж. Харин ОХУ-аас анхааруулга өгсөөр байтал Малайзын онгоц уг агаарын замаар нисэх зөвшөөрлийг хэрхэн авсан нь тодорхойгүй байна гэж АНУ-ын “New York Times” сонин бичжээ.

А.Цацралт