sonin.mn

Манай Архангай аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байрлах Сангийн толгойн орчмоос халуун судал буюу халуун рашааны цооног байгааг ОХУ-ын судалгааны баг илрүүлээд байна. 60 градусын халуун энэ судал Цэцэрлэг хотын дулаан хангамжийг шийдвэрлэх боломжтой байж болох юм гэж аймгийн удирдлагууд олзуурхаж байгаа юм.

Өнгөрсөн оны 11-р сард ОХУ-ын Сибирийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ОХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургуулийн эрдэмтийн баг манай аймагт халуун судал байгаа эсэхийг судлах ажлыг эхлүүлжээ. Судалгааны дүнд Сангийн толгойн орчимд халуун рашааны судал байгаа нь тогтоогдоод байна.

Энэ судлыг ашиглавал өвлийн улиралд халаалт дулааныг хангадаг нүүрсний орд газаргүй, хил залгаа аймгуудаас нүүрсээ зөөдөг, халаалтын зардал өндөр байдаг манай аймгийн тухайд Цэцэрлэг хотын дулааны асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар халуун рашааны цооногийг өрөмдөн гаргах ажил координатаа тодорхойлох шатандаа явж байгаа юм байна. Харин аймаг орон нутгийн зүгээс энэ ажилд 40 сая төгрөг зарцуулахаар Орон нутгийн хөгжлийн санд суулгаж өгсөн байна. Судалгааны багийнхан энэ сарын 7-ны өдөр ирж, халуун рашааны цооногийг өрөмдөх газар дээр нь аймгийн удирдлагуудтай уулзаад буцлаа.

Эх сурвалж: "Архангайн амьдрал" сонин