sonin.mn

Манайхыг мөнгөтэй мөнгөгүй гэж заваарч байх хооронд эргэн тойронд олон л юм болж байна. Энэ тухай бяцхан эрэгцүүлэл өгүүлсү…

Оросуудын сүрдүүлэг хийгээд хамтын ажиллагаа

Энэ 4 дүгээр сарын 18-нд оросын алсын бөмбөгдөгч, аймшигт “Ту-95″-ын зургаан онгоц бүхий томоохон бүлэглэл японы арлуудын зах хөвөөгөөр (периметр) нислэг үйлдэв гэж японы Kyodo News агентлаг мэдээлэв. Өмнө нь ганц нэг онгоц хааяа нисдэг байсан бол одоо бүхэл бүтэн бүлэг нисч байна. Зургаан ширхэг Ту-95 юу хийж чадахыг зөвхөн Бурхан багш л мэдэх байх…

Тодруулга: Ту-95 бол оросын стратегийн бөмбөгдөгч-пуужин зөөгч, хамгийн хүчирхэг, бас хамгийн хурдан сэнст онгоц юм. Америкууд түүнийг “баавгай” гэж нэрлэдэг. Америкийн В-52-тай адил “хөгшин” боловч хамгийн найдвартай бөгөөд хүчирхэг онгоц.

Жирийн үйлдвэрийн ТУ-95 2010 онд агаарт 4 удаа цэнэглэж, нийт гурван далайг гатлан 30 мянга орчим км зайг 43 цагт буулгүй нисэж дэлхийн дээд амжилт тогтоосон. 1961 онд 26,5 тн жинтэй, 50 мегатонн тротилл эквивалент бүхий халуун цөмийн “хаан бөмбөг”-ийг Ту-95-аас хаяж туршсан.

Х-55 хэт хурдан далавчит пуужин 10-ыг зөөх тоноглолтой боловч саяхан олон улсын гэрээгээр хориглосон. Гэвч АНУ, Япон хоёр хориг арга хэмжээ авсан тохиолдолд үүнийгээ буцаагаад тавьчих шиг амархан юм байхгүй. 2008 онд Японы эрэг хавьцаа Ту-95 америкийн F/A-18 сөнөөгч 4 онгоцны мөрдөлтөөс бултаж, Америкийн нисэх онгоц тээгч алдарт “Нимиц”-ийн дээгүүр 600 м нам өндөрт хоёр удаа “хусах нислэг” хийж өнгөрсөн ба тавцан дээгүүр гүйлдэж буй багийн зургийг хэвлэлд гаргасан.

Мөн 4 дүгээр сарын 18-ны мөн өдөр Японтой маргаантай байгаа Курилийн болон түүний бүлгийн Итуруп болон Кунашир хоёр арал дээр 150 цэргийн хотхон 2016 он гэхэд барьж дуусгана гэж Дорнод Цэргийн тойргийн командлагч, хурандаа генерал Сергей Суровикин ИТАР-ТАСС-т мэдээлэв.

Эдгээр цэргийн хотхонууд бүрэн автоном бөгөөд бүхий л дэд бүтцээр хангагдсан байх аж. Түүнчлэн оросууд Курил болон Сахалины арал дээр цэргийн гурван полигон байгуулж, сургалтын талбайг хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох юм байна. Тэгвэл Орос Япон хоёр дайтах хэрэг үү ?! Үгүй л дээ. Зүгээр л том улсууд булчингаа үзүүлж байгаа юм. Японд хийж буй Обамагийн айлчлалын угтлага юм.

Хэн хэн нь хүнд байдалд байна. Обама Солонгос, Япон хоёрыг найзлуулж, Хятад болон Оросын эсрэг тавих гэж үйлээ үзэж байна. Орос, Хятад хоёрын уур хүрч байна. Япон бол бүр ч хүнд байдалд байна. Хамгийн санаа амар байгаа нь Монгол л байна. Мөнгөнөөс өөр бодож байгаа юм Монголд огт алга…

Японы байдал

Япон ч бас муугүй зэвсэглэсэн улс юм. The Military Balance-ийн үнэлгээгээр Японы өөрийгөө хамгаалах агаарын хүчинд 2012 оны байдлаар 43.123 хүн алба хаадаг ба байлдааны орчин үеийн 371 онгоцтой. Энэ нь маш хүчирхэг агаарын цэрэг боловч Оросын дэргэд үнэндээ жулддаг юм.

Сүүлийн үед Япон Орост аятайхан хандахыг ихэд хичээж байна. Өнгөрсөн оны 5 дугаар сар Японы Ерөнхий сайд Синзо Абэ Орост айлчилсан. Тэгээд япон-оросын эдийн засгийн харилцааг бүх талаар хөгжүүлнэ гэсэн. Барууны орнууд Сочийн олимпод бойкот зарлана гэж уриалахад Синзо Абэ нээлтэд оролцож, Путинтай уулзсан.

2013 онд Орост айлчлах үедээ японоор “хикиваки” буюу “ялагч байхгүй, ялагдагч байхгүй” гэсэн зарчим тунхагласан юм. Гол нь Курилийн арлуудыг яриад байсан хэрэг л дээ. Одоо тэр нь лөөлөө болж байх шиг. Учир нь Япон америкийн шахалтаар хоёрдмол байр суурь баримталж байгаатай холбоотой.

Гэхдээ Орос-Японы эдийн засгийн харилцаа асар их өсч байгаа. 2013 онд Япон Оросоос авах нефтийн импортоо 45% нэмэгдүүлсэн ба энэ нь нийт импортын 7% болж байгаа. Эдийн засгийн дотоод хөгжлөө хангахын тулд Япон Оростой харилцаагаа зайлшгүй сайжруулах ёстой юм.

Түүнээс гадна Япон Хятадтай арлын асуудлаас болж ихээхэн муу байгаа. Мөн Солонгостой ихээхэн асуудалтай байгаа. Угаасаа ч Япон, Солонгос хоёр сайн байгаагүй. Дээрээс нь нэмээд Оростой муудалдвал эргэн тойрны бүх улстай муудалцана гэсэн үг. Хавьтсан болгонтойгоо арал булаацалдаад байх эвгүй л дээ…

Олимпийн эдийн засаг

Сайхан Хятадын “Жень минжибао” сонинд нэгэн сонирхолтой өгүүлэл гарав. Тэр өгүүлэлд Олон Улсын асуудал Судлах Хятадын Институтын Евразийг судлах хэлтсийн захирал Чэнь Юйжун:”Синзо Абэгийн Засгийн Газар Оростой харилцаагаа сайжруулах гэж асар их хүч чармайлт гаргаж, тухайлбал японы Ерөнхий сайд 2013 онд ОХУ-д айлчилж, Сочийн өвлийн Олимпиадын нээлтийн ёслолд оролцсон юм. Мэдэгдэм үр дүнд хүрэхээс нааш гадаад улс төрийн энэ бүх оролдлогоос татгалзах хэрэггүй юм” гэж дүгнэсэн байна.

Үүнийг дипломат хятад хэлнээс энгийн монгол хэлэнд хөрвүүлбэл Япон өөрөө удахгүй Олимп зохион байгуулах ба иймээс араа бодож бай, мөн эдийн засгийн талаасаа Олимп асар их өртөг зардалтай гэдгийг сануулж байна.

Япон Олимп явуулах гэж, түүнд бэлтгэх гэж эдийн засгийн буулт хийж байгаа нь тодорхой байна. Ер нь ингэхэд Олимп бол асар их эдийн засаг, асар их мөнгө хөрөнгө, асар их бүтээн байгуулалт гэдгийг хүмүүс мэддэггүй гэх нь хаашаа юм, нэг л мартчихаад байдаг юм. 2020 он гэхэд Японд Олимп болно. Хамгийн сүүлчийн олимп Токиод 1964 онд болсон.

Түүнээс хойш 50 жил болж тэр үеийн бүх юм хуучирсан нь мэдээж хэрэг. Иймээс 2020 онд Олимп зохион байгуулна гэдэг бол шинээр зохион байгуулахын дайтай юм болно. Түүнээс гадна япончууд нэр төрөө хамгийн их боддог хүмүүс. Дэлхийн дахин амаа ангайж, чихээ дэлдийтэл нь бүтээн байгуулах нь мэдээж хэрэг.

Үүний цар хүрээг төсөөлөхөд ч хэцүү. Харин ингэж бүтээн байгуулахад юу хэрэгтэй юм ?! Мэдээж асар их түүхий эд: нефть, хий, нүүрс, төмөр, зэс, өөр юу байдгийм “бүх юм” хэрэгтэй. Монголд байгаа “зүгээр хэвтэж байгаа” бүх юм хэрэгтэй…Харин энийг бол монголчууд огт анзаарахгүй байгаа юм. Харин ганц л хүн анзаарсан юм.

Сэтгүүлч А.Баатархуяг “Монцамэ Тойм” сэтгүүлийн 2013 оны №12-т “Хоёр айлчлал” өгүүлэл бичиж: “Япончууд Хятадыг чадах гэж Монголд боломж олгож байгаа хэрэг биш бодит эрх ашиг нь…шаардаж байна. 2020 оны Олимпийн бэлтгэл ажилд шаардлагатай түүхий эдийг Монголоос авах нь илүү хямд…” гэдгийг анх өгүүлсэн юм. Цааш нь тэр: “Монголын бондыг Японы хөрөнгө оруулагчид “булаацалдаж” байгаа нь Монголд их сэтгэлтэйдээ бус, манай нэр хүнд сүрхийд бус, бизнесмэнүүд сэтгэл санааг бус ашгийг голчилдог нь ойлгомжтой, гагцхүү эрх ашгийн үүднээс Японы Засгийн Газар бондыг нь хүртэл баталгаажуулах арга хэмжээ авсных юм” гэсэн дүгнэлт хийсэн юм.

Дашрамд энэ өгүүлэлд маш сонирхолтой нэг мэдээлэл дурдсан нь цариг шилжүүлэх япон технологи манайд бэлэглэглэсэн тухай юм. Вагоны дугуй солилгүй шууд явдаг цариг шилжүүлдэг япон технологи гэж би ойлгосон. Гэвч энэ өгүүллийг манайхан сурсан заншлаараа огт тоогоогүй юм. Гэтэл сүүлийн үеийн Орос-Японы найрсалт ба зөрчилт харилцаанаас ажихад А.Баатархуягийн зөв байсныг нотолж байна.

Манай эдийн засаг Бээжингийн Олимпийн үеэр нэг өссөн юм байна, одоо Токиогийн Олимпийг ашиглах чадах эсэх нь биднээс хамаарах юм байна. Тийм биш гэж үү ?!

Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?