sonin.mn

            Шатрын өрөг дундаа ороход аав минь нэг хүүг заагаад бэрс гарах хүүдээ гэж хэлдэг байв. Би бэрс гарах тэр хүүг нь хамгийн түрүүнд иднэ эсвэл тэр хүү аавын хэлсэн ёсоор бэрс болдог байлаа.
           
            Монголын улс төрийн өнөөгийн уур амьсгал бэрс гарах хүүгээ идэх гээд хөөцөлдөөд л байна уу даа!!! Уул нь хүүг идэх гэж оролдохоосоо өмнө энэ хүү юу ярьж, юу хийж бас юуг шинэчлэх гээд байгааг бүхэлд нь харах хэрэгтэй. Тэгж байж жинхэнэ хожил ирдэг юм.

            Энэ хүү хэлж байна – Төрийн байгууллага иргэдэд үйлчилдэг бас хянагддаг байя. Хэрэв улс төрийн нэг хүчин, нэг бүлэгт үйлчлээд хянагдаад байвал энэ нь улс төрийг, улс орныг болон Монгол улсыг тэр чигт нь тогтворгүй болон нийгмийн хямралд хүргэж байна

Энэ хүү бас хэлж байна – Улс төрийн өндөр албан тушаал гэдэг бол сонгуулийн дүнгээс хамааран нэг бүлгээс нөгөө бүлэг, нэг хүнээс нөгөө хүнд шилждэг нь бидний ардчилсан тогтолцооны гол онцлог. Бид эрх мэдлийг үргэлж атгаж чадахгүй. Харин энэ мөчид тэр эрх мэдлийг эрх баригч хүний, хүчний савараас хол байлгая. Хожим бид шудрага шүүхийн өмнө зогсох эрхийн төлөө!!!

Энэ хүү бас хэлэв – Эрх зүйн шинэчлэл хуулийн байгууллагаас эхлэх ёстой. Учир нь төрийн үндсэн үүрэг бол хууль батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих. Өдөр дутмын төрийн үйл ажиллагааг идвэхитэй хэрэгжүүлэгч,  иргэдтэй хамгийн ойр ажилладаг байгуулага бол цагдаа болон хуучин хүчний гэсэн тодотголтой байгууллагууд. Төр эрх зүйн шинэчлэлтээ энэ салбараас эхэлснээр өнөөгийн төрийн хямрал болон ирээдүйд монголын төрийг хууль бусаар булаагчдаас хамгаалах их хана болно.

Энэ хүү хэлж байна – Энд би хүн яриагүй систем ярьж байна. Бидний сонгож авсан энэ систем маань өөрөө албан хаагчдыг, албан тушаалтаныг хууль бус, ардчилсан бус арга руу татан оруулж байна. Өнөөдөр л энэ шинчлэлтийг эхлэхгүй бол бид бүгд энэ тогтолцооныхоо боол болох аюул нүүрлээд байна.

 Энэ хүүг огцруулах (идэхгээд) товчлуур дарахад бэлэн отож байгаа тэр бүлэг, улсын их хурлын эрхэм гишүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна.  Таны үйлдэл бол ухаалаг төрийн тоглолт биш харин хүүг л идэх гэсэн 8 настай балчир миний шатарын нүүдэл юм шүү.

Хэрэв өөрийнхөө ирээдүй, үр хойчийнхоо ирээдүй, Монгол улсын ирээдүйг бодвол өнөөдөр зөвхөн чинийх юм шиг тэр эрх мэдэл маргааш хүнийх юм шиг хаяад одоход таны шинчлэлийн эсрэг дарсан тэр кноп ямар том алдаа байсныг ухаархад дэндүү оройтсон байх болно.

Тэмүүжиний нэртэй энэ шинэтгэлийг хүмүүс их өнгөцхөн хүлээж аваад байна. Энэ нь зөвхөн хуулийн байгууллагуудад хамааралтай эсвэл нөгөө л иргэдэд үйлчилдэг, иргэдэд хянагддаг гэж молигддог хоосон сурталчилгаа пиар гэж үэээд байна. Уул нь энэ шинчлэлийн амин сүнс нь эрх баригч хүчин эсвэл хэсэг бүлэг этгээдээс хамааралгүй бие даасан төрийн институтийг бий болгох юм шүү!!!

Яагаад бие даасан төрийн институт бидэнд хэрэгтэй юм. Өнөөдөр бүгд л төрийн залгамж халаа бодлого алдагдсан, зарим нь хар өнгөтэй хайрцагны бодлого байхгүй, эсвэл төр тогтворгүй байна, бид авилгалд идэгдлээ гэж шүүмжилдэг мөртлөө энэ бүхнээс гарах гарц бол даргын өөдөөс дунд хуруугаа гаргаж чаддаг бие даасан төрийн институт гэдгийг анзаардаггүй бас анзаарахыг ч хүсдэггүй.

Учир нь улс төрчид нэг нүүдлийн дараах идэж, уух хувийн ашигаа харахаас асуудлыг үндэстэн, улсын эрх ашигийн үүднээс харах мэлмийгүй бөлгөө. Улсын Их Хурлын гишүүн эсвэл сайдын албанд томилогдож  өөрт нь үйлчилдэг төрийн алба руу ах дүүс,  хамаатан садан,  адаг сүүлд нь сонгуульд идвэхитэй гүйсэн хэдэн хүүхдүүдийг чихэж ахын үгийг алдалгүй дагах тушаал өгнө. Харин ээлж нь болоход нарсны зүг ганцаараа.

Энэ бүх авилгажсан, даргажсан, хамаатарахсан тогтолцооны эсрэг тэмцэлийн эхний алхамаа эхлүүлсэн хүү – энэ хүүгийн үзэл бодол бэрс гарах учираас өнөөдөр улс төрийн бүлэглэлүүдийн тоглолтын хохирогч болох гээд сууж байна. Улс төрийн бүлэглэл ч гэж дээ ашиг орлого, цусан төрлөөрөө нэгдсэн хэдэн хүмүүс шүү дээ!

Хөгжилтэй оронд үнэт зүйлсээрээ нэгддэг юм. Тиймээс нарсанд орсон ч хамтдаа байдагийн учир нь тэдний амыг хамихаж, эдийн ашигийг нь хөндсөн ч үзэл бодолыг салгаж чаддаггүй уламаас…

Шинчлэлийг битгий улс төрийн халаа сэлгээ, албан тушаалын тэмцэл гэж хараач!!! Сайд нь тэгэж харахгүй байхад шинчлэлээс хамгийн их хожих тэр хүмүүс тэгэж хараад байх юм. Шинчлэлийн ашиг бол таныг улс төрийн өндөр албанд удаан залрах сонгогчидын саналыг авчирах бодлого, албаа өгөхөд чинь ардаас чинь хууль бусаар хаалгыг чинь цохихгүй эрх зүйн үндэс юм  шүү!!!

Шинэчлэл бол бид хөгжих үү гэдэг асуултанд хариулах гэж байгаа бидний ирээдүйн сонголтын эхлэл гэж би хардаг. Улс үндэстэн бүр энэ асуултанд түүхийн хүндхэн мөч тохиолдоход хариулж ирсэн. Амжилттай хариулбал тэр улс дэлхийн хүчирхэг улс болдогийг АНУ-ын түүх бидэнд харуулсан.

АНУ ардчилсан анхны үндсэн хуулиа баталсанаас хойш 32 жилийн дараа эдийн засгийн - банкны системын хямралд орж үүнээс гарах гарцаа банкны систэмийн эрх зүйн шинэчлэл, төрийн хэт оролцоог багасгах гэж үзээд хямралыг даван туулж байв.

Хямралаас 42 жилийн дараа АНУ-г хамарсан иргэний дайн үүсэхэд хэд хэдэн мужууд эсвэл эрх мэдэлтнүүдийн эрх мэдэл, эд хөрөнгө, боолчлолоо хадгалан үлдэх сонирхолын эсрэг явуулсан Линконы шинэчлэл – шудрага энэрэнгүй ёсны дайн АНУ-ирээдүйг аварч байв.

1920, 1930 онуудад бий болсон эдийн засгийн болон тогтолцооны хямралуудад АНУ ажилгүйтэлийг бууруулах болон “New Deal” зэрэг шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж өнөөдрийн энэ хүчирхэг улсыг бий болгосон. Тийм ч учираас Обама хэлэхдээ бидний түүх энэ хямралуудыг даван туулаад ирсэн бид ч бас одоо үүсээд байгаа энэ хямралыг ч давж чадна. Учир нь бид нээлттэй, чөлөөтэй болон шинэ бүхний эхлэл байж чадсан учираас гэжээ. “GOD BLESS AMERICA”  

Өнөөдөр бидний өмнө ч гэсэн энэ түүхэн сонголт ирээд байна.  Нэг талаас төрөө, улсаа нээлттэй байлгаж үргэлж шинэ зүйл, хөгжилруу тэмүүлж бусад улс оронтой өрсөлдөх байдлаар өөрийнхөө хөгжлийг тодорхойлох эсвэл өөрсдийгөө хааж, хумиж, хавчиж хэн хүчтэй удирдагчийн боол болох нь улсын маань тусгаар тогтнол хөгжил гэж андуурах.

Бид тусгаар тогтносон их Монгол улс байх уу? Хойд Солонгос Африкын орнууд шиг сайхан хүчтэй, асуудлыг чинь шийдээд өгчдөг, таньтай ярилцдаггүй бас зөвшилцдөггүй, биднийг тусгаар тогтнол - үндэстэний аюулгүй байдал гэдэг сүртэй үгээр айлгасан төртэй байхуу? гэдэг бол таны сонголт.

1819, 1861, 1920 болон 1930 онд АНУ-ыг бурхан ивээсэн учираас тэд Прогристууд, Технократууд болон шинчлэгчдийг төрийн эрхэнд сонгосон юм. Тэд юу болохгүй байгаа, юуг засах ёстой, яаж засах вэ гэдгээ мэдэж байсан учираас тэд шинэчлэлийг хийсэн, өнөөдрийн хүчтэй ардчилсан төрийг бий болгосон.

Харин бид тэр бэрс болох үзэлтэй хүү түүний адил олон арван үзэлтэй Прогристуудыг идэх гээд сууж байдаг. Эрх мэдэлтнүүдийн улс төржих щалтгаан нь маш энгийн. Нэг бүлэг нь төрийн эрх авах гэж оролдсон – хүсэл нь биелэх боломжгүй болсон - өмнө нь  өөрөөр нь оролдохгүй байх амлалтаа зөрчсөн учираас одоо тэдний байж магад гэсэн тодотголтой хүүг авч хаях гэж байдаг. МОНГОЛ ОРНЫГ БУРХАН ӨРШӨӨГ!!!

Тэр хүү монголын хүү, хуульч бас багш хүү, тиймээс түүнд ганц сонирхол үнэт зүйл бий. Энэ бол сайхан Монгол Улс. Харин сандаалж суусан 3 давхрын сайд - сайдын бөгс дамжсан сандал биш!!!

Жич! Тэмүүжин багш маань надад төрийн эрх зүйн онолын хичээл дээр 2004 онд 97% тавьсанаас өөр эдийн болон эрхийн холбоогүй бөгөөд зүс нэрийг нь мэдэхгүй олон арван шавь нарынх л нэг…

 

Д.Баяр